Л.Амармөрөн: “Хичээлийн шинэ жил” арга хэмжээний үеэр найман сурагч эрүүлжүүлэгдсэн

Л.Амармөрөн: “Хичээлийн шинэ жил” арга хэмжээний үеэр найман сурагч эрүүлжүүлэгдсэн

1 жилийн өмнө

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.


-Нийслэлийн цагдаагийн байгууллагад хоногт хэдэн дуудлага ирдэг вэ?

-Улаанбаатар хотод цагдаагийн байгууллагад хоногт гэмт хэрэг, зөрчлийн 1300-1400 дуудлага ирдэг. Дуудлагын 55-60 нь гэмт хэргийн шинжтэй, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байдаг.  Дуудлагын 40 орчим хувь нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байдаг бол согтуугийн дуудлага 45 орчим хувийг эзэлдэг.

-Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулав?

-2018 оны эхний есөн сарын байдлаар гудамж, талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажил, арга хэмжээ, аян зохион байгуулсан. Зарим нь тодорхой үр дүнд хүрсэн.

-“Эмзэг цэг” аяныг үр дүнтэй болсон гэж байсан. Энэ талаар  тодорхой мэдээлэл өгнө үү?

-Арга хэмжээнүүдээс хамгийн үр дүнтэй болсон нь “Эмзэг цэг” арга хэмжээ. Зорилго нь согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийг багасгах, гудамж, талбайд гэмт хэрэгт өртөхөөс иргэдийг урьдчилан сэргийлэх юм. Ялангуяа согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, цахим тоглоомын газруудын цагийн хуваарийг мөрдүүлж ажилласан. Энэ хүрээнд 55 мянган аж ахуйн нэгжийг шалгаж, зөрчилтэй байгууллагуудад торгуулийн арга хэмжээ ногдуулсан.

-Ямар зөрчлүүд голчлон гарсан бэ?

-Цахим тоглоомын газрууд бага насны хүүхдийг хонуулж тоглуулах, үйлчилгээний байгууллагууд 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 29 зөрчил илэрсэн. “Хичээлийн шинэ жил” арга хэмжээний үеэр найман сурагч эрүүлжүүлэгдсэн. Тухайн сургуульд нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Цагийн хуваарь хэтрүүлдэг 15-20 зөрчил хоногт бүртгэгддэг байсан бол одоо 10 орчим зөрчил гарч байна. Ерөнхийдөө буурч байгаа.

-Нийслэлээс танай байгууллага, алба хаагчдад дэмжлэг үзүүлж ажилладаг байх?

-Улсын төсвөөс гадна Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс баталсан төсвөөр үйл ажиллагаа явуулдаг. Цагдаагийн алба хаагчдад ажиллах нөхцөлд нь зориулж 20 "УАЗ фургон" машиныг парк шинэчлэлд өгсөн. Мөн камержуулах аяны хүрээнд 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэсэн. Энэ мэтээр хөрөнгө оруулалтаар дэмждэг.

-Урамшуулалт эргүүлд хэдэн хүн, ажиллаж ямар урамшуулал авч байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд урамшуулалт эргүүлд 400 хүн ажилладаг. Сар бүр олгох 30 мянган төгрөгийн урамшууллыг тус Зөвлөлөөс шийдвэрлэж байна.

-Гадаадад алба хаагчдыг сургалтад хамруулах, мэргэшүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байгаа юу?

-Гэр бүлийн хүчирхийллийн хуультай холбоотойгоор АНУ-д нийслэлийн цагдаагаас тодорхой тооны алба хаагчдыг 7-10 хоногийн сургалтад  хамруулж,  туршлага судлуулсан. Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран цагдаагийн алба хаагчдыг Флиппин улсын “Нэг цэгийн үйлчилгээ”-ний чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэж байгаа талаар туршлага судлуулаад байна.

Д.Дамдин

www.zindaa.mn