Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй

Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй

1 жилийн өмнө

Энэ сарын 11-ний пүрэв гаригт Беверли Хиллз дэх Самуэл Голдвайн театрт Оскарын Оюутны Академийн шагнал гардуулах 45 дахь удаагийн ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 19 хүн шагнал гардан авснаас Монголын уран бүтээлч Бирагийн Март алтан медалийн эзэн болж, Монгол Улсын нэрийг анх удаа кино Академийн түүхэнд мөнхөлсөн талаар “Medium” онцолжээ.

Тус нийтлэлд, Лондонд нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг Бирагийн Март өнгөрсөн тавдугаар сард хоёр дахь киноныхоо зураг авалтыг хийхээр төрөлх Монгол орондоо очсон талаар мэдээлсэн байна.

Б.Мартын бүтээсэн "Нүүдлийн эмч" кинонд Монголын говьд амьдарч буй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран морь, тэмээ, машинаар удаан хугацаанд аяладаг эмчийн бодит түүхийг өгүүлдэг ажээ.

Тэрбээр Монголдоо нөхрийн хамт, бүхий л багаж хэрэгсэлтэйгээ ирсэн байна. Гурван өдрийн дараа Доёдын Эрдэнэчулуун хэмээх эмчтэй уулзаж, түүний амьдран суудаг нутгийг зорин, 10 хоногийн турш хүүхдийн хагалгаа хийхээс эхлээд өдөр тутмынх нь ажил хэрхэн өрнөдгийг баримтжуулж бичиж авчээ. Д.Эрдэнэчулуун нь Дундговь аймгийн Орон нутгийн эрүүл мэндийн төвийн захирлаар ажилладаг байна.

mart

Б.Март Оскарын алтан медаль хүртсэн мэдээ хүлээн аваад "шок"-нд оржээ. Долоо хоногийнхоо хоол хүнсийг цуглуулж явахдаа энэ тухай сонсоод, чихэндээ ч итгээгүй аж. Тэрбээр "Уучлаарай, дахиад хэлэхгүй юү. Үнэхээр үү? хэмээн асуусан. Үнэхээр гайхалтай мэдээ дуулаад, маш сайхан мэдрэмж төрсөн" хэмээн ярьжээ.

Мөн Б.Март “Анхны монгол ялагч болсондоо би маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай. Гэсэн ч би итгэхгүй байна. Энэ шагнал бол хамтран ажилласан гайхамшигтай, авьяаслаг олон уран бүтээлчийн шагнал юм. Би эх орноо сурталчлан таниулахыг хүсч байна" гэжээ.

Тэрбээр “Миний хувьд дэлхийд Монголынхоо соёлыг таниулахын төлөө дотроо үргэлж шатаж явдаг. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний соёл заншлыг сурталчилж, баримтжуулахын төлөө яваадаа би сэтгэл хангалуун байна" гэж нэмж хэлсэн байна.

Б.Март хүүхэд байхдаа жүжигчин болохыг хүсдэг байжээ. Хожим МУИС-ийн түүхийн ангид элсэн суралцсан байна. Тэрбээр "1990 онд ардчилалд шилжих үед манай улсад байдал тогтворгүй байсан. Энэ нь намайг телевизийн сургуульд явахад түлхэц болсон” гэжээ.

Дараа нь Монголын Үндэсний телевизэд ажиллах хугацаандаа анхны богино хэмжээний баримтат киногоо бүтээсэн байна. Эдүгээ Б.Март 26, 22, 16 насны гурван охинтой бөгөөд Лондонд суурьшсанаасаа хойшхи 10 жилийн хугацаанд Хартфордширын Их сургуульд Кино, телевизийн бүтээл чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр дараагийн удаа мартагдаж буй өв уламжлалаа хадгалж яваа малчны тухай баримтат кино бүтээхээр төлөвлөжээ. Оскарын Алтан медаль хүртсэн “Нүүдлийн эмч” киног Б.Мартын нөхөр А.Түвшин найруулсан байна.

Д.ТУЯА

mart

mart

mart

medee.mn