4-6 сартай хүүхдийн асаргаа сувилгааны зөвлөмж

4-6 сартай хүүхдийн асаргаа сувилгааны зөвлөмж

1 жилийн өмнө

Энэ үед хүүхдийн бие бялдар, мэдрэл сэтгэцийн хөгжил идэвхтэй явагдаж, биеийн жин төрсөн үеийнхээсээ 2 дахин нэмэгдэж, 4 сартайдаа түрүүлгээ харсан байрлалд алгаараа тулна, 5 сартайгаас гартаа барьсан зүйлээ сайн барих, ажиглах, амандаа хийх, түрүүлгээ харсан байрлалаас эргэх, 6 сартайгаас бие даан суух эхлэл тавигдана. Сэтгэл хөдлөл нь ялгавартай болж, танихгүй хүнээс бишүүрхэнэ. 5 сараас эхийн хайр энхрийлэл зайлшгүй хэрэгцээ болно. Тоглоомоо нэг гараасаа нөгөө гарлуугаа дамжуулах, хоол өгөхөд амаа ангайх, халбаганаас идэж сурах ба үгийн эхний үеүүдийг /ба,ма.../ хэлж эхэлнэ.

4-6 сартай хүүхдийн бие бялдарын хөгжил:

• Биеийн жин нь сар тутам дунджаар 800гр-р нэмэгдэнэ.
• Өндөр нь сар тутам 2,5 см-р өснө.
• 4сартайд толгойн тойрог нь цээжний тойрогтойгоо тэнцүү болж, 6сартайд толгойн тойрог 43см, цээжний тойрог 45 см болно.
• Хөхөө хөхсөний дараа 1,5-2 цаг сэрүүн байдаг. Хүүхэд өдөрт 4-3 удаа 2-с 1,5 цаг унтана. Өдөр унтах унталтын тоо цөөрч эхэлнэ. Шөнийн унталт 9-11 цаг байна.

Асаргаа сувилгааны онцлог:

• Гэр бүлийн орчин тав тухтай, 20-22 хэмийн дулаантай байна.
• Хүүхдийг боломжтой бол тусад нь оронд унтуулах, хэрэв эхтэйгээ цуг унтдаг бол тусад нь өөрийнх нь орчинг бүрдүүлэх нь тохиромжтой байдаг.

1. Агаарт гаргах:
4-6 сартай хүүхдийг дулааны улиралд өдөр бүр, хүйтэн сэрүүний улиралд цаг агаарын байдлаас хамаарч, -10-с -12 хэмээс доошгүй үед гадаа гаргана. Хүүхдийг агаарт гаргах хамгийн тохиромжтой цаг нь 10-12цаг, 14-16 цагуудийн хооронд нэг удаад 1 цагаас 2 цаг гаргана. Өдөрт боломжтой бол 2-3 удаа гаргах нь тохиромжтой. Ингэснээр хүүхдийн тархины хүчил төрөгчийн хэрэгцээ хангагдаж, Д витамины идэвхжил сайжирч, хоолны дуршил сайжирна. Өвлийн агаар нь хүүхдэд зуныхыг бодвол илүү ашигтай байдаг, учир нь хүчилтөрөгчөөр 1,5 дахин баялаг, хасах ионууд илүү агуулагддаг учир хүүхдийн бие организм, мэдрэлийн системийг идэвхжүүлж, гэдэсний базлалтыг багасгаж, гуурсан хоолойг тэлж өгдөг.

2. Хооллолт:
Хүүхдийг хөхүүлэхээс өмнө доош харуулж хэвлийгээр тавих нь зүгээр байдаг. Хүүхдийн өдөрт уух сүүний хэмжээ нь биеийн жингийн 7/1-тэй тэнцэх ба өдөрт 3-3,5 цагийн зайтай 6 удаа хооллоно.
Хөхний сүү нь 4-5 сартайгаас хүүхдийн өсөлт хөгжилтийн хэрэгцээг хангахаа болино. Иймд хүүхдийн бие бялдрын онцлогийг харгалзан нэмэгдэл хоолонд оруулдаг.
Туранхай тураалтай хүүхдийг 4,5 сартайгаас, хэвийн бойжилттой хүүхдийг 5-5,5 сартайгаас, мариа ихтэй хүүхдийг 6 сартайгаас нь нэмэгдэл хоолонд оруулна.
Нэмэгдэл хоолонд оруулахдаа дараах зарчмыг баримтлана.
• Нэмэгдэл хоолыг хөхүүлэхийн өмнө өгөх
• Тогтмол цагт өгөх / жишээ нь 11 цагийн үед эхэлж өгсөн бол маргааш нь өгөхдөө тэр цагт нь өгөх/
• Бага багаар, шингэнээс өтгөн рүү дасгаж өгөх /эхний удаа 1-2 цайны халбага өгсөн бол маргааш нь 2-3 болгож нэмэх/
• 1 төрлийн хоолонд дассаны дараа 2 дахь хоолыг өгөх / ойролцоогоор 7-10 хоног байна/
• Аль болох халбагаар өгөх
• Хүүхдэд харшлын шинжгүй бол эхний нэмэгдэл хоолыг жимсний шүүс, нухашаар, харшилтай бол кашаар эхлэх нь тохиромжтой
• Мариа муутай, рахиттай, цус багатай хүүхдэд төмс ногооны нухаш,зутан, каша, мариа ихтэй хүүхдэд аарц, ногооны нухаш зэрэг нь тохиромжтой байдаг.
• Хүүхдэд бантанг 3 дахь нэмэгдэл хоол нь байхаар 7 сартайгаас нь өгөх нь тохиромжтой. Бантанг эхэлж өгөхдөө ясны /хонь, үхэр, тахианы/ шөлөнд гурилаа зутан байдлаар өгөөд аажимдаа өтгөрүүлж, хурган бантанд оруулна.
• Хүүхдэд насанд нь тохирсон хоолыг нь өгөх, цитрусын төрлийн жимсийг аль болох хэрэглэхгүй байх /жишээ нь апельсин, мандарин, лимон, усан үзэм г.м/
• Хоолыг өгөх бүрдээ шинээр бэлдэж өгөх нь зүйтэй.
• Хүүхдэд нэмэгдэл хоолыг нь өгөхдөө хүүхдийн халбагыг нь амандаа долоож өгөхгүй байх, учир нь халдвар дамжих эрсдэлтэй.
• Хүүхдийн аяга халбагыг сайн угааж цэвэрлэж, ариун цэврийн дэглэмийг баримтлах хэрэгтэй.
Нэмэгдэл хоол өгч байгаа үед эх хөхөө хөхүүлж л байх учир гараа сайн угаах, өөрсдийн идэж байгаа хоол ундандаа анхаарах хэрэгтэй.

3. Усанд оруулах:
Хүүхдийг өдөр бүр усанд оруулна. Усанд оруулах хугацаа 5-7 минут байна.

4. Хамар цэвэрлэх:
Хүүхдийн хамранд өглөө болгон ариутгасан ургамлын тостой цэвэрлэгээг хийж байх нь хүүхдийн хамрын салстыг хөөнгөшхөөс сэргийлнэ. Хамар цэвэрлэх талын нарийн зөвлөгөөг манай эмнэлгээс ирж авч болно.

5. Иллэг хийх
Энэ саруудад хүүхдэд иллэг хийхээс гадна нэмэлтээр хөдөлгөөнт дасгалыг хавсаргана. Мөн усан арчилт, наран шарлага гэсэн чийрэгжүүлэлтийн аргыг хэрэглэж болно. Тогтмол усанд оруулж, иллэг хийснээр хүүхдийн нойрыг уртасгах сайжруулах сайн талтай. Эрүүл хүүхдэд хийх иллэгийг манай эмнэлэг дээр ирж заалгаж хүүхдэдээ тогтмол хийж байгаарай.

6. Д витамин хэрэглээ
Өвөл болон хүйтэн сэрүүний улиралд хүүхдэд Д витаминыг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар эмчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.