ЭХ ОРОНЧ ЗАЛУУС НЭГДЭЖ ЧУУЛНА

ЭХ ОРОНЧ ЗАЛУУС НЭГДЭЖ ЧУУЛНА

1 жилийн өмнө
Монголын Залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхийн Бэлгүтэйтэй залуучуудын тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
Сур: Монголын Залуучуудын Холбооноос залуу, өсвөр насныханд чиглэсэн ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байна вэ?
Монгол улсын 16-40 насны залуус бүгдээрээ Монголын залуучуудын холбооны гишүүн юм. Залуучуудын эрх ашгийг хамгаалж дуу хоолойг нь нийгэмд хүргэх, мөн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлал, хувь хүний хөгжилтэй холбоотойгоор олон ажлууд хийж байна. Жишээлбэл, Залуучуудыг ажлын байранд зуучлах, ажлын байраар хангах, тэдэнд тулгамдсан хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв ажиллаж байна. Мөн залуучуудыг хөгжүүлэх, тэдэнд зөв мэдээлэл өгөх, залуучуудын асуудлаар судалгаа шинжилгээ хийх зорилготой Залуучуудын  хөгжлийн полиси төвийн үйл ажиллагааг тогтвортой авч явж байна. Цаашид ирээдүйн 25 жилийн үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан.
Сур: Яг одоо юун  дээр анхаарлаа хандуулаад байна?
Оюутан, судлаач залуучуудын дунд хүлээлт үүсгэдэг, оролцсон залуус судалгааны чиглэлээрээ тухайн салбартаа манлайлах боломж олгодог “Эврика” эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилд анхааран ажиллаж байна. 24 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний хурал нь УИХ-ын даргын ивээлд зохион байгуулагддаг болоод нилээн хэдэн жил болж байгаа. УИХ-ын тамгын газар, БСШУСЯ, Их Монгол язгууртан ТББ, ШУА, Монголын Сэхээтний Холбоо зэрэг хамтран зохион байгуулж буй байгууллагууд маань хоорондоо ярилцаад энэ жилээс илүү өргөн цар хүрээ, онцлогтойгоор хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Сур: Тухайлбал ямар ямар онцлогууд байна?
Сүүлийн 30 жилийн хугацаанд ижил чиглэлээр зохиогдож байсан хурлуудаас шагналын сангаараа хамгийн өндөр нь болж байгаа юм. Сэдвүүдийг нь задалж нарийвчлаад, эхний байруудад шалгарсан шилдэг бүтээлүүдийг санхүүжүүлэх, хувь хүн болон байгууллагуудтай холбож практикт хэрэгжүүлэх, үр дүнг нь тодорхой тооцдог болъё. Цаашлаад тухайн ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайланг дараагийн хурлын эхэнд танилцуулж байя гэж шийдвэрлэсэн.
Сур: Залуучуудын нийгмийн оролцоо, идэвхи ямар байна вэ?
Ний нуугүй хэлэхэд шоу цэнгээн, зугаа цэнгэлтэй холбоотой үйл ажиллагаанд идэвхи санаачилгатай олноороо оролцдог. Харин өөрсдийнх нь ирээдүйн амьдралд хэрэг болох эрдэм шинжилгээний хуралд арай бага оролцож байна уу гэсэн бодол төрдөг.
Сур: Манай залуучуудад тулгамдсан асуудал гэвэл..? 
Тоочоод барахгүй л дээ. Гэхдээ тулгамдсан асуудал гэхээсээ илүү хувь хүний өөрийнх нь хариуцлага муу байдгаас хийхийг хүссэн, зорьсон зүйлдээ хүрч чаддаггүй нь анзаарагддаг. Өөрөө өөртөө хариуцлагатай байвал ямар ч асуудлыг шийдэх боломжтой.
Сур: Ажилгүйдлийн шалтгаан юунд байна вэ?
 
Жилд 12 мянган залуучууд ажилд орохоор бүртгүүлдэг ч тухайн байгууллагын шаардлагыг хангаж, тууштай ажиллаж чаддаггүй. Байгууллага болохоор хариуцлагатай, чадварлаг ажилтанг хүсдэг. Тиймээс нийгмийн сэтгэл зүйг өөрчилж, хариуцлага гэдэг зүйлийг нэгдүгээрт тавих шаардлагатай байна.
Сур: Гадаадад ажиллаж амьдарч буй залуустай хэрхэн холбогдож ажилладаг вэ?
Албан бус тоогоор гадаадад  150 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь залуучууд байдаг. Монголчууд олноороо амьдардаг улс болон томоохон хотуудад Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийг байгуулан төрөл бүрийн тэмцээн уралдаан, хэлэлцүүлэг хийх  зэрэг ажлуудыг зохион байгуулдаг. Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Хавай арал дээр шинээр Монголын залуучуудын холбооны нэгдсэн салбар зөвлөл байгуулж, орон оронд амьдарч буй Монгол залуучууд маань чуулан, тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх боломжтой боллоо. Тэд маань Монголынхоо тухай үнэн зөв мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн даатгалтай холбоотой зүйлүүдийг сонирхож асуудаг учраас тэр талын мэдээллийг бид түлхүү өгдөг.
Сур: Ярилцсанд баярлалаа.
 
Сэтгүүлч, редактор: Р.Отгонтуяа

isocial.mn