Оксана Панченко: Мөрөөдлөө биелүүлж монгол хүүхэлдэйнүүдтэйгээ Монголд очихыг маш их хүсч байна

Оксана Панченко: Мөрөөдлөө биелүүлж монгол хүүхэлдэйнүүдтэйгээ Монголд очихыг маш их хүсч байна

1 жилийн өмнө

Москвад амьдардаг орос бүсгүй монгол хүүхэлдэйнүүд бүтээдэг байна. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, 24 настайдаа график дизайны чиглэлээр суралцаж эхэлжээ. Анхны хүүхэлдэйгээ 14 настайдаа бүтээсэн түүнтэй хийсэн ярилцлагыг “AsiaRussia”-д нийтэлжээ.

-Хүүхэлдэй бүтээх танай гэр бүлийн хобби гэж уншиж байсан юм. Та хэнтэй хамт ажилладаг вэ? Та яагаад хүүхэлдэй урлах болов? Гэр бүлийн уламжлал уу?

-Гэр бүлийн уламжлал байхгүй л дээ. Би гэртээ цорын ганц уран бүтээлч нь юм. Үүнийг би Андрейтэй танилцсан хувь заяаны бэлэг гэж боддог. Долоон жилийн өмнө бид "OleLoo" студиэ байгуулж, хоббигоо мэргэжил болгон хувиргасан юм. Эхэндээ студи маань хүүхэд, насанд хүрэгчдийг зураг зурахад сургадаг байсан. Дараа нь үйл ажиллагаагаа өргөтгөсөн.

-Нэг хүүхэлдэй хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ? Ямар материал ашигладаг вэ? Та хүүхэлдэйгээ бүхэлд нь өөрөө урладаг уу, эсвэл ямар нэг хэсгийг нь хийдэг үү?

-Эхэндээ би даавуу, сүрэл зэргээр хүүхэлдэйн киноны баатруудыг дуурайж хийхийг оролдсон. Дараа нь хүүхэлдэйдээ хувцас хийж, улмаар хөдөлгөөнтэй болгосон. Би хүүхэлдэйнхээ бүх хэсгийг нарийвчлан гаргаж хийдэг. Андрей энэ бүхэнд хамтран ажилладаг бөгөөд хийж чадахгүй бөмбөлөг зэргээс бусад бүх зүйлийг өөрсдөө хийхийг зорьсон. Тавилга, тавиур, объект, чимэглэл гээд бүх зүйлийг бид гараараа хийдэг. Нэг хүүхэлдэй хийхэд нэг долоо хоног зарцуулах нь бий. Хамгийн урт хугацаанд бүтсэн хүүхэлдэй гэвэл гурван жил хийсэн хүүхэлдэй байна. Энэ хүүхэлдэй маань маш ер бусын бөгөөд одоо бидэнтэй хамт бүх үзэсгэлэнд оролцдог.

-Монголоос хол, Оросын хотод амьдардаг бүсгүйд яагаад Монголын соёлыг харуулсан хүүхэлдэй бүтээх санаа төрсөн юм бэ? 

-Энэ асуултыг маш олон хүн надад тавьдаг. Учир нь миний эцэг барилгачин хүн. Намайг хүүхэд байхад аав маань Монголд 3.5 жил ажиллаж, барилга байшин барьсан юм. Улаанбаатарт, циркээс холгүй амьдардаг байлаа. Манай байшингийн цонхоор Зайсан цогцолбор, үзэсгэлэнт Туул голын гүүр харагддаг, өвөл манай сургууль дээр буга ирдэг байсан юм. Оросын уламжлал Монголынхтой харилцан уялдаатай гэж хэлж болно. Манай анги интернационал анги, гуравны нэг нь монголчууд байсан. Би монгол үлгэр унших дуртай. Монголын музей, гоёл чимэглэлд дуртай. Надад толгодын орой, хашаан дахь цасан цагаан гэрүүд таалагддаг байсан. Мөн уул руу аялах, голын эргээр алхах, эгэл жирийн хүмүүсийн амьдралыг ажиглах дуртай байсан. Би археологич болоод Чингис хааны булшийг олж илрүүлэхийг мөрөөддөг байлаа. Түүний тухай өгүүлсэн бүх номыг уншдаг. Монголын гайхамшиг төгсөшгүй юм. Интернэтийн ачаар би гэрээсээ Монголд амьдарч байсан хашаа, байшин, цонхоо олж харан, хүүхэд насаа өнгөрүүлсэн тэр л газарт дахин очихыг маш их хүсч байна. Би сэтгэлд үлдсэн дурсамжуудаа хүүхэлдэй болгон хувиргаж, “Чингис хааны удам угсаа" нэртэй анхны цуглуулгаа гаргасан. Дараа нь "Бяцхан ордныхон" нэртэй цуглуулгаа бүтээсэн.

-Таны анхны цуглуулга хүүхэд насны дурсамжаар тань бүтжээ. Санаанаас тань гардаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би санаж байна. Музейд аялсан маань сэтгэлээс ердөө гардаггүй. Өрөөнүүдийн уур амьсгал, тарчлаан зовоож буй үзэгдэл бүхий ханын зургууд, аймшигтай бурхад, баг, чөтгөрүүд гээд одоо хэр мартагддаггүй.

-Сонирхолтой юм. Та хүүхэлдэй бүтээх санаагаа хэрхэн олдог вэ?

-Хүүхэлдэй уран бүтээлийн маш өргөн цар хүрээ хамардаг, нарийн төвөгтэй чиглэл юм. Хүүхэлдэй нь тоглоом, урлагийн үнэ цэнэтэй бүтээл, бэлэг дурсгалын зүйл, цуглуулгын хэсэг болж болох юм. Хүүхэлдэй харахад хүүхдийн тоглоом байх ёстой. Нөгөө талаар мастераас уран барималч, оёдолчин, үсчин, зураач, сийлбэрч гээд маш их мэдлэг, ур чадвар шаардана.

Хүүхэлдэйн санаа ихэвчлэн зүүдэнд минь ирдэг. Гэхдээ бүх санаа бодлыг илэрхийлэхгүй. Ажил судалгаанаас эхэлдэг. Хүмүүсийн түүх, хувцас, зан заншил, гоёл чимэглэл, үлгэр домог, зэргийг судалж, ихээхэн сонирхолтой зүйлүүдийг гаргаж авах, эсвэл ерөнхий санаа, нарийн ширийн зүйлийг ерөнхийд нь задлан шинжлэхэд тулгуурлан сонгох шаардлагатай болдог. Би Монголын талаар төсөл хэрэгжүүлж эхэлснээсээ хойш бүр эх зургаас нь эхлээд өнөө үеийг хүртэлх асар их материал цуглуулсан. Би Монголын соёл, зан заншилтай холбоотой бүх зүйлийг сонирхож байна. Боломжоороо найз нараасаа асуудаг. Монгол орны орчин үеийн амьдралын талаар маш их сонирхолтой мэдээллүүд авсан. Үндэсний хувцсаа орчин үетэй уялдуулсан нь үнэхээр их таалагдсан.

-Та хөрөг хүүхэлдэй урладаг. Хүүхэлдэйнхээ аль хэсгийг хийхдээ илүү их анхаарал хандуулдаг вэ?

-Хөрөг хүүхэлдэй бүтээх хамгийн хэцүү. Амьд хүүхэлдэй нь тусгай мэргэжлийн шавар, толгой, гар, хөл, бие нь бүхэлдээ (санаанаас хамааран) хэлбэрждэг. Эхлээд дүр төрх, хувцас, хэлбэрийг дүрслээд даавуу, материалаа сонгон авдаг. Хамгийн чухал нь нүүр юм. Олон зургаас тохирох сонголт хийхэд ойролцоогоор тав хоног зарцуулдаг. Заримдаа сэтгэлдээ нийцтэл хэд хэдэн удаа давтах шаардлага гардаг. Одоо хүүхэлдэй бүртээ нүлний гил, хөмсөг, сормуус, сахал гэх мэтийг суулгасан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Эцэст нь бэлэн болсон хүүхэлдэй маань хүний жижиг хуулбар шиг харагддаг. Миний ажлын үнэ цэнэ нь хүмүүс бүтээлийг минь үнэлж, баяр хөөр дүүрэн байгаа тэр сэтгэлийн хөдөлгөөнийг харах юм.

-Ямар зорилгоор хүүхэлдэй урладаг вэ гэж асуухыг зөвшөөрнө үү. Худалдах, үзэсгэлэн болон цуглуулга хийх үү, эсвэл зүгээр сонирхлоороо юу?

-Өмнө нь зүгээр л сонирхлоороо хийдэг байсан бол одоо гэр бүлийн минь ажил болж, бид захиалгаар болон үзэсгэлэнд зориулж бүтээх болсон. Манай бүтээгдэхүүнийг хүсвэл интернэтээр ч юм уу худалдан авч болно. Хүүхэлдэйнүүд маань манай урланд маань яг л шувуу шиг мэндэлдэг. Хүүхэлдэйнүүд маань манай урланд яг л шувуу шиг мэндэлдэг. Тэд маань хүмүүст баяр баясгалан бэлэглэхээр дэлхий тойрон нисч байна.

-Та Монгол хүүхэлдэйн цуглуулгаа худалдаг уу? Монголоос худалдаж авахаар хэн нэгэн тантай холбогдсон уу?

-Хүүхэлдэй худалдаж авах хүмүүс хандаж байсан. Гэхдээ би тэднийг салшгүй гэр бүл хэвээр үлдээхийг хүссэн, тийм худалдан авагч олдоогүй.

-Таны хүүхэлдэйнүүдийн зургуудыг хараад үхэхээс төрөх хүртэлх бүхий л үйл явдлыг багтаасан зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр" алдарт зураг санаанд буулаа? Хүүхэлдэйгээ ашиглан өөр зүйл хийхээр төлөвлөж байна уу?

-Мандирмаа, та сэтгэлийн минь утсыг хөндлөө. Хүүхэд байхад өдөр тумын амьдралын дүр зургийг харуулсан зураг өрөөнд минь өлгөөтэй байдаг байлаа. Би түүнийг харж сонирхож, маш их цаг зарцуулсан. Гэхдээ зургийн түүх, нэр, зураачийн нэрийг мэддэггүй байсан. Өнөөдөр "Айрагны баяр" нэртэй зураг болохыг олж мэдсэн. Миний төслийн үндэс суурь болсон юм. Мэдээж төсөл өргөжиж, шинэ баатрууд бий болно. Энэ хүүхэлдэйн төслийн үр дүн маш их таалагдаж байгаа. Толгой, гар нь хөдлөөд хүүхэлдэйн киноны баатдруутай адилхан харагдаж байна. Төсөл цаашдаа ийм чиглэлд шилжиж магадгүй юм.

-Та хүүхэлдэйнүүдийнхээ хамтаар Монголд очихоор төлөвлөж байна уу?

-Хэтрүүлээгүй шүү, энэ бол миний хамгийн том мөрөөдөл.

Д.ТУЯА

medee.mn