“Магнай Трейд” хуурамч шатахуун борлуулсан уу?

“Магнай Трейд” хуурамч шатахуун борлуулсан уу?

8 сарын өмнө

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Зарим хэвлэлээр шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнтэй холбогдуулж Р.Ганзоригийг цагдан хорьсон хэмээн мэдээлсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг цагдан хорьж шалгуулах хүсэлт ирээгүй. Гэхдээ хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас хуурамч шатахуун худалдсан буюу импортын шатахууныг нэрж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан өнгөрөгч долдугаар сараас эхлэн шалгаж байгаа гэнэ.

Хэргийн шалгалтын явцад тус компани нь оруулж ирсэн шатахуунаа нэрж, иргэдэд чанаргүй шатахуун худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр түр саатуулаад байгаа юм.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Р.Ганзоригийн үүсгэн байгуулсан “Магнай трэйд” ХХК-ийн тухайд 1994 онд байгуулагдсан. Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин, өвөл, зуны дизель түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнес нь өргөжөөд байгаа юм. Одоогоор тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү Г.Магнай ажилладаг гэх мэдээлэл бий.  Тус компани нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг юм байна.

Э.АРИУН

news.mn