ЗОЛИОС /Өгүүллэг/

ЗОЛИОС /Өгүүллэг/

1 жилийн өмнө

2018.03.17-04.01

Улаанбаатар

Ц.Түмэнбаяр

Зохиогчийн эрхтэй нийтлэв.

Эмгэн өглөө бүр цайныхаа дээжийг наранд өргөж, үдэш бүр сүүнийхээ дээжийг саранд өргөн залбирна. Таван хүүхэд төрүүлсний нэгээс бусад нь жирийн хүнээс ч илүү сайхан амьдарч яваа. Харин дунд хүү нь эрэмдэг зэрэмдэг, тахир татуу, элий балайгийн сонгодог жишээ болсон нэгэн. Тэр хар багаасаа л зүүн  орны ар талын ханын шийрнээс сураар аргамжаатай байсан агаад тэндээс хэзээ ч суллаж байгаагүй болохоор уяанаас мултрахсан гэх хүсэл түүнд огт төрж байсангүй. Орж гарсан болгоны өөдөөс маасайтал инээж, эсвэл гэнэт муухай орилж цочоохоос эхлээд өтгөн, шингэнээ ч барьж чадахгүй, хэдийд ч хамаагүй гоожуулж, гэр оронд амьд амьтан тогтохын аргагүй өмхий самхай тавина.

Өглөө сэрүүт нь хөндий хоосон төмөр хувин бариулж, толгойг нь углуулан хашгируулахгүй л бол өдөржингөө орилж хашгирч, уйлж чарлаж тэсэж суухын нөхцөлгүй болгоно.

Тэр хашгирангуутаа л төмөр хувингаас толгойгоо сугалж, хувинд чихээ ойртуулан, цуурайтах дууг сонсоод, араатан архирах мэт эв хавгүй инээж, юутай ч зүйрлэхийн аргагүй гүнзгий таашаал авч буй мэт нүдээ хагас анин мэлэрнэ. Эсвэл цурхиртал уйлж, хамаг нүүр амаа үрчийлгэн, нулимсаа урсган, шүлс нусаа гоожуулан бархирна. Энэ ертөнцөөс тасарсан сэтгэл зүрхэнд нь тэр цуурайнаас эрүүл ухаантай хүний төсөөлөлд өртөхгүй ямар нэгэн нууцыг мэдэрдэг бололтой. Чингиж дуусахад цаг орчим хугацаа орно. Эх түүнийг тэвчээртэй хүлээн, тайвширсных нь дараа нүүр гары нь угааж, өнөө хэрэг нь өнгөрсөн хувинг байранд нь тавиад хоол унды нь халбагадаж өгнө. Өдгөө хорин таван нас хүрсэн ч тэрээр ганцхан ээжийнхээ гараас л нялх хүүхэд шиг халбагадуулан иднэ. Өөр хэнээс ч хоол иддэггүй нь чин үнэндээ хэн ч түүнд ойртохыг хүсдэггүйтэй холбоотой.

Гүрээнийхээ судсыг чинэрүүлэн, нүүрээ минчийтэл, хамаг тэнхээгээ шавхан хашгирч, хүн битгий хэл адгуус цочин үргэж, орчин тойрныхоо амгалан тайвныг алдагдуулах учир, хажуу хавирганых нь айл амьтан ойр хаяалахгүй болсон учир ганц гэрээрээ л бууна. Түүний тийнхүү голынхоо дууг гарган амь тэмцэх мэт хашгирах нь саахалтын зайд ч сонсогдоно.

Эр биед хүрч ирүүтээ л эм хүйстэй л юм харвал хөгшин, залуу ялгаагүй ичимдгээ гарган өөдөөс нь маасайтал инээдэг болжээ. Энэ нь хөөрхий эхийг нь улам ч ичээх бөгөөд айл саахалтынхан нь тэднийхээр шагайхаа больжээ.

Эцэг нь энэ хүүгээ эмнэлэг, лам, “эрлэг, там”-аар ч хөөцөлдөөд эрүүл саруул болгох арга чаргаа барсан юм. Эцэст нь нэр, нүүрээ “ой гутмаар” хичээдэг эцэг нь “удам судраа бузарласан” ийм хүүхэдтэй болсондоо өөрийгөө шившиглэн гутрахдаа, эхийг нь “Чиний үйлийн үр, нүгэлийн чинь золиос” гэж хараан зүхэж, архи гударсаар хэдэн жилийн өмнө өөд болсон билээ. “Үхтэл үр харам” гэж ээж нь л “надаас хойш энэ муу хүү минь яана даа” гэж элэг нь эмтэрч, өр нь өмөрнө.

Бусад хүүхдүүд нь бүгд л “солиот”-оо үзэн ядна. “Гэдсэндээ үхэхгүй яав” гэж гаслана. Нэг удаа арилжаа наймаа хийж овоо хөлжсөн бага хүү нь “найз нөхөд ээжтэй чинь ирж золгоё” гэх юм. Даанч энэ “галзуугаас чинь болоод хоёр хөлтэй хохимой толгойтой юм босгоороо давуулах ч эрх алга” гэж муухай харан хэлэхэд ээж нь:

-Ямарч байсан та нарын мах цусны тасархай, нэгэн эхийн хэвлээс зулайг чинь гишгэж төрсөн ах чинь, харин чи өөрөө эрүүл саруул байж битгий галзуураад байгаарай” хэмээн загнаснаас хойш бага хүүгийн орж гарах нь өдрийн од шиг л ховорджээ.

Гадаадад их сургууль төгсөөд төрийн дээгүүр албанд ажиллах болсон том хүү нь:

-Ээж минь, та бүр туйлдаж гүйцлээ гэж хэлэхдээ “чамаас л болж байгаа юм гэсэн харцаар солиот дүү рүүгээ ширэв татаад:

-Биднийг өсгөх гэж хичнээн ядарлаа. Зовлоо, зүдэрлээ. Одоо амрах цаг чинь шүү дээ. Амьтан хүнтэй айж ичих юмгүй аяга цайгаа чөлөөтэй хувааж, айл амьтнаар орж гарч, дураараа дургиж явах цаг чинь гэхэд эх нь галынхаа шилээврээр зуухныхаа үнсийг буулган үг дуугүй санаа алдан дүнсийж сууснаа:

-Чи юу гэх гээд байна? хэмээн ёозгүй асуулаа. Хүү нь:

-Юу гэхэв дээ, ойлгомжтой шүү дээ ээж минь. Энэний төлөө чадлаараа л явцгаалаа. Эдгэх болов уу гэж өчнөөн жил л горьдож харцгаалаа хэмээхдээ дүү рүүгээ долоовор хуруугаараа чичлэв. Чингээд:

-Та л тамираа барж байна шүү дээ. Та эх хүнийхээ үүргийг биелүүлэхийн дээдээр биелүүлсэн, бүр хэд дахин давуулан биелүүлсэн. Таныг түлээ мод, мал хуй гэж гадаа гандаж хөдөө хөхрөхгүй, халуун дулаан тохилог сайхан орон байранд оруулаад, бид ч гэсэн эхийнхээ ачийг хариулмаар байна шүү дээ. Одоо чинь шинжлэх ухаан хөгжсөөн. “хүн гэдгээ ч мэдэхгүй, өөрийгөө ч, өрөөл бусдыг ч зовоож байгаагаа ойлгохгүй, ертөнцийн шившиг болгож байхаар...гээд жаахан гацасхийснээ арга тасрангуй харж:

-Юм хөгжсөөн ээжээ, хөгжсөн. Ер зовохгүй, зүгээр л унтчихна. Ямарч өвчин мэдрэхгүй. Одоо тэгдэг болсон шүү дээ. Хэдхэн дусал судсанд нь хийгээд л болоо... гэтэл эх нь, галын шилээврээ далайснаа аргалын авдар луу шидээд:

-Барагтайхан байгаарай та нар. Голоороо нүхтэй улс уу, үгүй юу, төрснөө битгий хэл өт хорхойн амийг ч шалтгаангүй тасалдаггүй юм. Та нарт ямар гай болоов. Намайг үхсэн хойно та нар яахаа мэдэцгээ. Харин ч би энэ муу хүүгээ бодсондоо өдий болтол нүд анихгүй яваа. Надад хэн хань болж байгаа юм. Бүгд л сургууль соёл ажил амьдрал гээд явчихдаг. Энэ муу чинь л уяатай хүлээтэй ч гэсэн айхын бараа. Намайг харж хандахаа болихгүй юу, би болоод л байна гээд халгаасангүй. Түүнээс хойш том хүү нь ч энэ талаар үг цухуйлгахаа  болив.

Охин нь зуныхаа амралтаар ээжийгээ эргэж ирэхдээ:

-Ээжээ, ядаж үнэр танар нь дийлдэхгүй, яасан хэцүү юм бэ, тусад нь гэр бариад өгчихье. Өглөөдөө гал түлээд, хоол цайгий нь оруулж өгчихөөд байхад л хангалттай  биз дээ гэхэд эх нь:

-Яаж болдог юм. Ганцаараа айж ичвэл яах юм, уяа нь алдуураад гал хөсрүү орчихвол яах юм. Хоол ундандаа хахвал яах юм, Өтгөн шингэнтэйгээ холилдоод алиа алдвал яах юм. Болохгүй ээ, болохгүй. Та нар асарч байгаа биш, Би өөрөө дөнгөнө. Хүн шивэртэй гэж хөлөө огтолж хаядаггүй юм гэхэд охин:

-Шивэртэй хөлтэй ч зүйрлэхийн аргагүй сэжгийн... гэж хэлээд ярвайхад нь эх нь:

-Гар чи, дахиж бүү үзэгд... хэмээн хөөжээ.

Хүүхдүүд нь хааяа нэг цугларахдаа ээжийнхээ тэнэгийг гайхаж, “ингэж өөрийгөө тамлаж яана даа” хэмээн халаглацгаана.

Эмгэн солиот хүүгээ орой болгон сүүнд угааж, өдрийнх нь өмхий самхай хир буртагийг цэвэрлэж ариулаад, нэг аяга хөөрүүлсэн сүү өгч унтуулна. Хүү сүүгээ уусныхаа дараа ээжийнхээ хоёр мөөмний дунд нүүрээ наан, эрхлэнгүйгээр уруулаа цорвойлгон унтахад нь л ээж толгой дор нь жинтүү ивж орхиод ор луугаа явдаг байв. Тэр сүүнд булхаж, хөөрүүлсэн сүү уугаад унтахад өглөө нар мандтал ганц ч сэрэхгүй, сүхээр цохиулсан мэт нам унтана. Харин нэг удаа ижийнх нь бие чилээрхэж, хүүгээ арчилж чадаагүй тэр шөнө солиотын хамаг бие загатнан амь нь тэмцэж, биенийхээ арьсыг зулгартал маажлан, хумсаараа цусы нь гартал уран, амь тэмцэж, орилж бархиран унтаж чадаагүй юм...

Солиотын ахан дүүсийг эрх мэдэл, албан тушаал, эд баялагтаа аархан, цээжээ дэлдэж, сагсайхын цагт өнөө шүдний өвчин болсон солиот  нь санаанд нь ороход тэнзэн ташуураар тархиндаа татуулсан мэт хулхи нь бууж, тэдний бардамнал нь нам дарагдан шалчийж орхидог билээ.

Хүмүүс ч бусад хүүхдийнх нь сайн сайханд атаархан ам булаалдахдаа заавал эхийгээ тамласан ад зэтгэр, эрэмдэг зэрэмдэг солиотыг үгний завсар хавчуулж, сэтгэлийнхээ хорыг даран амсхийцгээнэ. Амьтны хэл ам хурц хутганаас иртэй гэдэг үнэн билээ. Яг үнэндээ эднийх “солиот”-оос өөр өө хэлэх аргагүй ахан дүүс байлаа.

Тэр нэгэн өдөр солиот юу зөгнөснийг бүү мэд хувингаа аваад чоно шиг уянгалуулан улив. Чингээд буцааж сонссоноо тачигнатал инээж тайвшраад, хоолоо идэхдээ яг л араатан мэт архиран, шүдээ хавиран, урд урдынхаасаа илүү ховдоглон зулгааж, ойр орчноо хялалзан хялмалзан нүдээ улаанаар эргэлдүүлэн идсэн юм. Үдэш нь цасан шуурга тавилаа. Хөгшин эх нь саравчинд хашсан саалийн хэдэн үнээгээ шувтрахаар гарав.

Үнээнүүдээ сааж дуусаад эргэтэл саравчны өмнөх намхан хайсан хашаан дээгүүр азарган чоно дүүлэн үсэрч ирээд архиран өөдөөс нь дайрлаа. Эмгэн “Ээ бурхан минь” хэмээгээд хувинтай сүүгээ алдан ухаан балартан унажээ. Хувинтай сүү нь газраар нэлийтэл асгарав.

Эх ухаан ортол эргэн тойронд юу ч байсангүй. Үхэр, тугалд ч чоно хүрсэн шинжгүй. Ижий айх гайхах зэрэгцэн “хүү минь” гээд гэрээдээ ухасхийтэл гэрийнх нь хаалга дэлгээтэй, харин солиот хүү нь суран аргамжаа шүдээрээ тас мэрээд алга болсон байв. Үхрийн хашааны ойр орчмоор гар чийдэн барин хүүгээ эрсэн авч олсонгүй. Гэрийнхээ орчин тойрныг үүр цайтал самнаж “Буянаа, Буянаа” хэмээн хоолойгоо сөөтөл дуудлаа. Чих ч үгүй, чимээ ч үгүй. Ямарч ул мөр олсонгүй. Саахалт айлдаа дуулгаж, хүүхдүүдээ дуудаж эрлээ. Газрын гаваар орсон мэт. Хэд хоногийн дараа эрэлчид цөхрөнгөө барж, хаа нэгтээ чоно нохойн хоол болоо биз хэмээн таацгаан эрлээ зогсоов.

Хүүхдүүд нь “талийсан” хэмээн үзэж ажил явдлы нь нам жимхэн өнгөрөөхөд эх юу ч хэлсэнгүй. “Цогцос нь олдоогүй байхад та нар амьдаар нь булж байна уу” хэмээн уурлах болов уу гэж таамагласан ч эх тэгсэнгүй. Хүүхдүүд нь:

-За ээж минь сэтгэлээ барьдаа. Бидэнд ч гэсэн хэцүү л байна. Одоо амьд олдох нь нэгэнт өнгөрсөн. Хувь заяа нь өөрийнх нь замыг заалаа гэжээ. Ээжийнх нь дуу сааралтан:

-Тэглээ, та нарын бодож явсан нэг нүгэлээс чинь ангижрууллаа гэхэд хүүхдүүд нь эх нь чухам юу хэлснийг ойлгосонгүй. Гэсэн ч асууж зүрхэлсэнгүй. Бага хүү нь:

-Яахав дээ ээж минь та минь нэг зовлонгоос саллаа шүү дээ. Уг нь бүр эрт л ингэсэн бол бүр сайн байсан юм гэхэд охин нь бага дүүгээ тохойгоороо нудран ширэв татав. Ээж нь уйлж унжиж, уймарч, гашуудан зовж буй нь төдийлөн мэдэгдсэнгүй. Харин хэд хоногоос ээжийнх нь бие чилээрхэв. Хүүхдүүд сандарцгааж, гадаадад эмчлүүлэх үү яахав энэ тэр гэж бөөн “хурал зөвлөгөөн” боллоо. Чингээд ээжийгээ Америкад дэлхийн хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлэхээр тохиролцов.  Гэтэл эх нь:

-Та нарын гарыг ганзаганд, хөлгийг дөрөөнд хүргэсэн. Надад энэ амьдралд шунах ч юм байхгүй. Та нар өөрсдийгөө л хичээ. Би талийгч  хүүгийнхээ төлөө л амьд явсан. Хүү минь, харин та нарын энэ ертөнц дээрх лай ланчгийг ганцаараа үүрч байсан юм шүү. Та нарын хувьд миний хүү үхсэн. Харин надад бол үгүй. Хүү минь нөгөө ертөнцөд ганцаардаж байгаа. Хэн ч цаг нь болоход “өндгөнөөс өө, өөхнөөс ч шөрмөс олддог юм”  гэсэн үл ойлгогдох юм хэлээд юу ч гэж аргадаж ятгасан ганц ч үг дуугаралгүй хэвтсээр тэр чигтээ эргэж хараагүй юм. Харин эхийн чихэнд хаанаас ч юм чонын улих чимээ, хүүгийнх нь өнөө түмпэнд хашгирч байсан тэр дуу л сонсогдсоор авай...