ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

10 сарын өмнө

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллав.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 3-р хороо, Сүхбаатар дүүргийн 5, 6, 9-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Энэ үеэр тус төвүүдэд нэн шаардлагатай байгаа нярайн шарлалт хэмжих багаж, ургийн монитор, амьсгалын замын эрхтэн цэвэрлэх насос, зүрх судасны даралт хэмжигч зэргийг гардуулан өгөв. НЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 152 өрхийн эрүүл мэндийн төвд 431 тоног төхөөрөмжийг олгоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: “Иргэдийн эрүүл мэндийн асуудал, анхан шатны туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь хотын хувьд маш чухал зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээг гурван ангилалтай үзүүлдэг. Өрхийн эмнэлэг дээр анхан шат, дүүргийн нэгдсэн эмнэлэг хоёр дахь шат, улсын нэгдсэн эмнэлгүүдэд гурав дахь шатны үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн харьяанд дүүргийн, өрхийн болон төрөх эмнэлгүүд байдаг. Хэрэгцээт тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмжийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан ажилладаг.

Энэ жил өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавиад байрны засвар үйлчилгээнд 15 сая, тоног төхөөрөмжинд 5 сая төгрөг гаргаж байгаа. Эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг нэг бүрчлэн гаргаад шийдэж өгч байна. Энэ тусламж, дэмжлэгээ жил тутам үзүүлээд явах бодолтой байгаа юм. Мөн бид дүүргүүдийн эмнэлгийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх зорилт тавьсан. Урд нь үзүүүлж байсан 8 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр засвар үйлчилгээг нь хийгээд явж байна. Мөн дүүргийн эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгээд явж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Энэ оныг нийслэлийн зүгээс өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг хийж, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсийг гардуулан өгсөн. Мөн зарим өрхийн эмнэлгийн гадна, дотно засварын ажлыг хийгээд байна” хэмээлээ.

 

Montsame.mn