Унгар улсын, Дэбрэцэн хотын, Дэбрэцэний Их Сургуулийн Эм Зүйчийн 1-р курсын оюутан О.Номунганга: Монгол улсаа дэлхийн тэргүүлэгч улс болгохын төлөө хувь нэмрээ оруулна гэж боддог

Унгар улсын, Дэбрэцэн хотын, Дэбрэцэний Их Сургуулийн Эм Зүйчийн 1-р курсын оюутан О.Номунганга: Монгол улсаа дэлхийн тэргүүлэгч улс болгохын төлөө хувь нэмрээ оруулна гэж боддог

1 сарын өмнө

Сайн байцгаана уу?
Унгарын ЗГ-ын тэтгэлэгээр, Унгар улсын, Дэбрэцэн хотын, Дэбрэцэний Их Сургуульд, Эм Зүйчийн 1-р курс-д суралцдаг, 18 настай оюутан О.Номунганга-тай хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе!

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

1.Та өөрийгөө манай группийн гишүүдэд танилцуулаач! Айлын хэд дэхь хүүхэд вэ?

Сайн байцгаана уу? Намайг Ононгийн Номунганга гэдэг. Намайг урьсанд баярлалаа. Одоогоор Унгар улсын Дэбрэцэн хотын их сургуульд эм зүйчээр суралцдаг, 1-р курсийн оюутан. Би эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр дүүтэй айлын том эр хүн.

2.Яагаад Унгар улсыг сонгон суралцсан бэ? Ямар нэг шалтгаан байв уу?

Юуны өмнө би багаасаа анагаахын шинжлэх ухаанд дуртай ба гадаадад их сургуулиа төгсөх зорилготой байсан. Гэвч Анагаахын чиглэлээр гадаадад ялангуяа Баклаварт суралцах нь тийм ч амар биш. АНУ-д суралцуулдаггүй , Японд суралцах боломж бараг л байхгүй гэх мэт. Харин энэхүү боломжийг Европын холбооны улс болох Унгар улсад, засгийн газрын тэтгэлэгтэйгээр англи хэл дээр суралцах боломж олдож, суралцаж буйдаа баяртай байдаг.

3.Ирээдүйн зорилго юу вэ?

Орчин үеийн залуучууд өөрсдийнхөө ирээдүйн зорилгыг нилээн томоор хардаг. Ямар ч байсан дэлхийн хүн болно гэсэн зорилготой, гадаадад сурах зорилготой байсан. Гадаадад сурах зорилгоо одоогоор биелүүлчихсэн явж байна. Одоо сургуулиа сайн сураад төгсөөд, Монголдоо буцаад очих байна.
Монголдоо буцаад очихдоо монголдоо юу хийж чадах вэ гэдэг талаас нь хараад, монгол улсаа хөгжүүлэх гэж л үзнэ дээ. Залуусын л адилаар, хүний нутагт сурч мэдсэн зүйлээ Монголдоо очиж хэрэгжүүлэх, гуравхан сая хүнтэй улсад нэг хүний хувь нэмэр маш их гэж боддог. Тиймдээ ч Монгол улсаа дэлхийн тэргүүлэгч улс болгохын төлөө хувь нэмрээ оруулна гэж боддог.

4.Энэ сургуулиа төгсөөд юу хийх гэж төлөвлөж байна вэ? Өөрийхөө ирээдүйг юу гэж харж байна вэ?

Одоо эм зүйчээр сурдаг болохоор монголд төгсөж очоод “Монос” групп-д орж ажиллана гэж боддог. Тэндээ эхний хэдэн жил ажиллаад, мэргэжлийнхээ практик ур чадварыг олж авахын төлөө ажиллана. Түүнийхээ дараа ЭМЯаманд орж, дороос нь эхлэн ажиллаад ЭМЯ-ны сайд болно гэж дотроо бодож явдаг. Ер нь бусдад нөлөө үзүүлж чадахуйц мэргэжилтэн болно, улсаа хөгжүүлнэ дээ л гэж бодож явдаг даа.
Улсын маань эрүүл мэндийн салбар бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад, хөгжлийн хувьд тааруу. Элэгний В, С вирусаар дэлхийд дээгүүрт ордог гэх мэтчилэн олон үзүүлэлтээр бид маш доогуур үзүүлэлттэй билээ. Тэрэн дээр ямар ямар эм таарч, тохирох бол гээд л судлах зүйл их байна. Энэхүү асуудал дээр ажиллаж, сурсан мэдсэн зүйлээрээ бусдад нөлөөгөө үзүүлэхийг хүсэж байна. Цаашлаад АНУ-д докторт суралцана гэж бодож байгаа.

5.Энэ сургуульд орохын тулд хэдий хугацаанд хичээсэн бэ? Юу юуг хийх шаардлага гарч байсан бэ?

Юуны өмнө гадаадад сурна гэдэг бол тийм амархан зүйл биш. Зүгээр л чиний ганцхан суралгыг харчихгүй, зүгээр чиний идэвхитэй байдлыг харахгүй, энэ хүн яг ямар хүн бэ гэдэг, бүх талаас нь чамайг хардаг. Гол нь чи тэтгэлэг хүсэж байвал, мөн хувийнхаа зардлаар ч сурсан бай, юун түрүүнд тэр сургуульдаа тэнцэнэ гэсэн зорилго тавих хэрэгтэй. Ер нь тэгээд гэр бүлээсээ мөнгө авахгүй, татлаагүйгээр сурахын тулд чи заавал хичээх ёстой. Чөлөөт цагаараа сайн дурын ажил хийдэг байх, нийгэмдээ тус нэмэртэй хүн байх хэрэгтэй гэх мэтчилэн, бүх талаараа чадвартай байхыг шаардахаас гадна, бүгд ямар нэг байдлаар хоорондоо холбогдолтой байвал зүгээр юм билээ. Гадаадад сурна гэж шууд 12-р ангидаа шийдээд л сурна гэдэг бол, биелүүлэхэд хэцүү зүйл юм. Миний хувьд анх 4-р ангидаа “Орхон Хасу” гэдэг хувийн сургуульд орж байсан. Намайг 7-р ангид орох жил сургууль маань ОУ-н сургалттай сургууль болж өргөжөөд, ”Cambridge”хөтөлбөрөөр суралцдаг болж, англи хэлээ сурч эхэлсэн. Энэ сургууль маань төгсөгчдөөсөө хоёр шилдэг сурагчаа Хятад улсруу сургадаг байсан юм. Тэр үед ээж маань намайг хятад улсад сургана гэж бодож байсан. Цаашлаад нийгэм өөрчлөгдөж байсан л даа. Хүүхдэд хүрээлэл бас их нөлөөтэй санагддаг. Найзууд гадагшаа сурна гээд л, тиймэрхүү мэдээлэл дунд өссөн л дөө. Тэгээд найзуудтайгаа адилхан зорилготой болчихдог. Тиймээс хүүхдүүд хүрээллээ их зөв тодорхойлох ёстой.
Бага ангидаа хичээлдээ тааруу хүүхэд байсан. Эрэгтэй хүүхэд дунд ангиасаа их өөрчлөгддөг байх. Гадаадад сурах хэрэгтэй, дэлхийн хүн болох хэрэгтэй, гадаадад байгаа хүмүүс юу хийж байна, мэдлэгтэй хүн болох хэрэгтэй гэдэг үүднээс суралцаж байсан. Яг нэг өглөө босоод л шийдсэн зүйл байхгүй, ойлгомжтой байсан, миний зорилго маш том байсан болохоор түүндээ хүрэхийн тулд давах ёстой шалгууруудын нэг байсан, тиймээс тухайн үедээ урдаа байгаа зүйлсээ хийж явсаар, одоо энд ингээд сураад явж байна. Англи хэлийг зовлон болгож сурах хэрэггүй юм шиг санагддаг, зүгээр багаасаа энэ дадлыг эзэмшээд, бусдад хэрэгтэй зүйлс хийгээд явж байвал энэ нь гадаадад сурахад нь нөлөөлнө гэж боддог.

6.Мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу?

Би хоёр мөрөөдөлтэй. Эхний мөрөөдөл нь бидний эмээ өвөөгийн амьдрал шиг, тогтсон ажилтай, цалингаа буухаар баярлаад л, гэр бүлтэй, гэртээ орж ирэхэд хүүхдүүд нь угтаад л, тийм нэг энгийн сайхан тайван амьдралтай байхыг мөрөөддөг.
Өөр нэг мөрөөдөл нь монголдоо нөлөө бүхий нэгэн болох, монголынхоо нүүр царай болохыг эрмэлздэг.
Ингээд ийм хоёр мөрөөдлөө ээжтэйгээ нэг өдөр ярилцсан. Яг альруу нь зорихоо мэдэхгүй хоёрдоод байсан л даа. Тэгэхэд ээж маань “бүх л хүний амьдралд асуудал бий, бүх л хүнд дарамт бий. Тиймээс миний хүү хүчтэй хүн болох хэрэгтэй, чи бол айлын том эрэгтэй хүүхэд, тэгэхээр чамд манай гэрийн томоохон ачаалал ирнэ, тиймээс биеийн амрыг харах биш биеэ дайчлах нь зөв гэж хэлж байсан” нь их нөлөөлсөн. Би нэг эгчтэй, хоёр дүүтэй, ээж, эмээ гээд бүгд миний нуруун дээр ирэх учраас өөрийгөө бодоод амар юм хүсээд байх шаардлагагүй юм байна гэж боддог.
Багаасаа эрүүл цэвэр агаарт, цогц үйлчилгээтэй эмнэлэг байгуулаад, тэрэндээ нийгмийн бүх давхаргын хүмүүсийг ялгаварлалгүй авч үйлчилдэг байна гэж боддог байсан. Тэр эмнэлэгийнхээ гаднах байшингийнх нь дүр төрхийг хүртэл нүдэндээ төсөөлчихсөн байдаг. Дотроо элэг, бөөр, хүүхдийн тасаг гэх мэт олон тасагтай байна. Хотоос жаахан зайдуу уулын аманд байна гэж төсөөлдөг.

7.Таны яриаг сонсож байхад хүнд тус хүргэх тухай их давтагдлаа. Энэ бодол, хүмүүжилд юу нөлөөлөв?

Энэ эмээ өвөөгийн хүмүүжил нөлөөлсөн байх. Би Зүүн хараад төрсөн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өвөө эмээ дээрээ өссөн. Ээж тухайн үед оюутан болоод хотод сурдаг байсан, эгч бид хоёр эмээ өвөө дээрээ өссөн. Манай эмээ цэцэрлэгийн багш байсан болохоор ч тэр юмуу, эмээ өвөөгөө биднийг их зөв хүмүүжүүлсэн гэж одоо боддог. Бас хувь хүнээсээ их шалтгаалдаг байх. Генээсээ бас их шалтгаалдаг байх. Манай аав хүнд их тусархуу хүн байсан юм гэнэлээ. Би аавыгаа сайн мэдэхгүй л дээ. Дандаа хүний төлөө явдаг хүн байсан юм гэж ярьдаг. Одоо ч тэр би найз нөхөд нэг юм асуухад, үгүй гэж хэлж чаддаггүй. /инээв/ Өөрийгөө ингэж хэлэх нь эвгүй ч гэлээ, би их гэнэн, сайхан сэтгэлтэй хүн шиг санагддаг. Энэ багадаа бас лам байсантай холбоотой байх. Сургуульд орохоосоо өмнө би Амарбаясгалан хийдэд 2 жил шавилан сууж байсан. Хамаг амьтны тусын тулд гээд л их хэлдэг байсан болохоор магадгүй надад суусан байх. Тэгж лам байх үеээсээ би оточ маарамба болно гэж боддог байж байгаад, дунд ангиасаа шинжлэх ухааны хичээлд татагдах болж, анагаах талруугаа сонгосон доо. Барууны европыг сонирхох болсон.

8.Таны ярианаас харахад, үүрэг хариуцлагаа их багаасаа ухамсарласан юм шиг санагдлаа. Энэнд юу нөлөөлсөн бэ?

Энэнд миний ээж их нөлөөлсөн. Ээжтэйгээ их илэн далангүй байдаг байсан. Тэр маань надад их тус болсон. Анх би 12 настайдаа машин барьж сурсан. Ээж маань айлын том хүү, чи машин барьж чаддаг байх хэрэгтэй гэж хэлээд надаар шууд машинаа бариулж сургаж байсан. Ээжтэйгээ ер нь л, юу болж байна, юу болохгүй байна гээд л бүгдийг нээлттэйгээр ярилцдаг байсан, жишээ нь манай гэр бүлд ямар нэг том асуудал гарвал, ээж надтай л ярилцаж шийддэг. Би дээрээ эгчтэй ч гэсэн, эрэгтэй хүүхэд болохоор ээж маань түшиг тулгуур болох үүднээс надтай илүү ярилцаж асуудлаа шийддэг. Багадаа Бурханч лам Г.Пүрэвбат багшаасаа сахил авч, “Амарбаясгалан” хийдэд шавилан сууж байгаад, дараа нь энэтхэгт суралцаж байсан юм. Тэр үеэс л гэр орноосоо хол яваад, бие даасан байсан юм болов уу, ээж маань надтай ярилцаж, бид хоёр гэр бүлийнхээ асуудлыг ярилцаж шийддэг дээ. Багаас маань л эмээ, ээж бүгд л, чи айлын том эр хүн шүү гээд хэлсээр байгаад, надад үүнийг их ухамсарлуулсан байх. Багаас л гэрлийн чийдэн шатлаа гэхэд л ах орж ирээд засахад, эмээ минь за миний хүү хараад ав, чи л хийнэ, айлын том хүүхэд, мах эвдэж байхад нь, бас л эр хүн сурсан байх ёстой гээд л харуулдаг байсан нь, багаас надад суулгасан хүмүүжил.

9.Залуу үеийн төлөөлөл гэдэг утгаараа өөрийнхөө үе тэнгийнхээ найзуудынхаа үзэл бодлоос хуваалцаж болох уу? Залуу үеийг хүмүүс их өөр болж гэж ярих болжээ. Үүн дээр таны бодол?

Юун түрүүнд нийгэм маш их өөрчлөгдөж байна. Бидний дээд үеийнхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тал дээр, айдастай байсан юм шиг санагддаг. Бидний үеийнхэн ямар ч айдасгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчихсон нь маш сайн тал. Өөрөөсөө ахмад хүмүүсийг хүндлэх нь зөв боловч, орчин үеийн техник технологи хөгжсөн одоо үед, заримдаа ахмад хүмүүс энэ жаахан хүүхэд юу мэдэх вэ дээ гэсэн хандлага гаргадаг, гэтэл тэрийг нь залуучууд маш сайн мэдэж байдаг, түүн дээр ахмад ч байсан, залуу үеийнхнээсээ суралцаасай гэж боддог. Залуучуудын сэтгэж байгаа сэтгэмж нь хүрээгээ тэлсэн. Өмнө нь интернэт хомос байхад, хязгаарлагдмал уламжлалт хайрцагандаа байсан юм болов уу. Жишээ нь: эцэг эхийнхээ үгийг дагаад явж байвал болно гэдэг ч юм уу, уурхайчины хүүхэд уурхайчин, хуульчийн хүүхэд хуульч болдог ч юм уу хандлага байсан байх. Гэхдээ одоо ч, алслагдмал газруудад ийм хандлага байсааар байна. Орчин үеийн хүүхдүүд өөрийнхөө юу хүсэж байгаагаа мэддэг болсон нь гол нь байх.

10.Олон ээж аавууд хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй асуудал гардаг байх л даа. Биднийг олон ээж аавууд уншиж байгаа. Тэгэхээр ээж аавуудад хандаж юу гэж хэлмээр байдаг вэ?

Ээж аавууд чиний насан дээр би ийм байсан гэж их харьцуулж ярьдаг. Энэ нь ихэнхдээ гэр орны жижиг ажлаас үүдэлтэй байдаг. Жишээ нь: ээж аавыгаа ажлаас нь ирэхэд, гэрээ цэвэрлэж хоолоо хийсэн байгаасай гэж ээж аавууд хүсдэг байх. Энэ нь зөв боловч, одоогийн хүүхдүүдэд, энэ нь тийм ч чухал зүйл биш гэж боддог. Гол нь ээж аавууд хүүхдүүдтэйгээ ярилцдаг л байх хэрэгтэй байх. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсолгүйгээр, шаардаж шахдаг. Тэрнээсээ болж зөрчил үүсдэг байх. Тиймээс аль болох хүүхдүүдээ сонсож, ойлголцож байвал зүгээр байх.
Одоо жишээ нь, нэг хүн урлагт дуртай байхад нь, чи инженер бол гээд л математикийн дугуйланд явуулдаг ч юмуу, тэгэхэд нь хүүхдүүд нь, дургүйд хүчгүй гэдэг шиг хандлага гаргаад, ямар ч амжилтгүй явдаг байх жишээтэй. Энэнээсээ үүдээд үл ойлголцол гардаг. Тэгэхээр ээж аавууд хүүхдээ сонсоод ярилцаад шийдэж байгаасай гэж боддог.

11.Чиний хувьд гэрийнхэнтэйгээ муудалцаж байв уу? Хэрхэн шийддэг байсан бэ?

Зөндөө муудалцаж байсан. Муудалцаад гэрээсээ гараад явж ч байсан. Тэгээд тайвшраад гэртээ буцаж ирээд, тайвнаар ярилцаж ойлголцож байсан. Ээж аавууд ч тэр, хүүхдүүд ч тэр, бас хэлж байгаа үгээ бас сайн бодох хэрэгтэй. Зүрхэнд нь хүрэх үг хэлчихээд дараа нь уучлалт гуйгаад ч нэмэргүй ш дээ тэ. Тэгэхээр аль аль тал нь хэдий муудалцсан ч, дараа нь эвлэрэх зай үлдээх хэрэгтэй байх. Асуудалд тайвнаар хандах хэрэгтэй байх. Миний хувьд муудалцаад, дараа нь буруугаа хүлээхдээ үйлдлээрээ харуулдаг. Маргааш нь ч юмуу, дуртай хоолыг нь хийгээд, гэрээ цэвэрлээд хүлээж байдаг ч юм уу. Тэгээд ээжтэйгээ ярилцаад ойлголцдог доо. Тэр чинь тэгээд л гоё ш дээ тэ. /инээв/ Бие биендээ буулт хийгээд л, ер нь бол хүүхдүүд нь буулт хийсэн нь дээр л дээ... /инээв/ Ээж маань муудалцаад гараад явсаны дараа зүрх шимшрүүлсэн үгтэй, смс-үүд илгээдэг, гарж явчихаад гэрийнхэндээ санаа зовоод, тэгээд буцаад очдог байсан.

12. 3-р ангийн хүүхэд экстрем спортын тамирчин болно оо, хичээл надад хэрэгтэй юм уу гэж ярьж байна л даа. Гэтэл ээж аав нь хүүхдээ эрдэм боловсролтой болгох гээд тодорхой хэмжээнд мөнгө төлөөд дугуйлан секцэнд хамруулж, төлбөртэй сургуульд явуулж байвал... энэ дээр юу хэлэх вэ? /сонирхоод асуумаар санагдлаа/

3-р ангийн хүүхэд арай өөрийгөө олоогүй бага байгаа байх. Тэгэхээр бас л сайн ярилцаад, үзэл бодлоо тулгах биш, хүн гэдэг утгаар нь ярилцаж сонсоод, тэгээд зөв чиглүүлэх л хэрэгтэй байх. Нас нь бага болохоор, зөв ойлгуулаад өгөхийн бол маш хурдан ойлгоод явах байх.

13.Эрэгтэй хүүхдүүд өсөх насандаа маш их хөдөлгөөнтэй байдаг. Ээж аавынхаа санааг зовоодог, элдэв буруу зүйл хийдэг, ээж аавынхаа түрүүвчнээс мөнгө авдаг ч гэдэг юм уу асуудлууд зөндөө үүсгэдэг. Чи бас ийм асуудалд өртөж байв уу? Одоо харахаар тухайн үед тэрхүү асуудалд ингэж хандсан нь зөв байж дээ гэж бодож байв уу?

Яг энэ асуудал бол тухайн хүүхдийн төлөвшил хүмүүжилтэй холбоотой болоод ирдэг. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлсэн гэж бодож байвал, тэр үед хүүхэддээ итгэх хэрэгтэй. Гадуур дотуур юу хийж байгааг нь мэдэхгүй ч гэсэн, хүүхэддээ итгэдэг байхад болно. Итгэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Тэгвэл маш өөрөөр ойлгоно. Тэр хүүхэд чинь би хэн бэ? Би юу вэ? гэдгээ мэдэх гээд л явж байгаа. Гэхдээ хэт буруу замруу ороод, болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд явж байвал хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй. Надад бол тийм тохиолдол байсан л даа. Тэр үед ээж маань, чи миний хувьд ямар их үнэ цэнэтэй, ямар их хайртайгаа ойлгуулж, бага зэрэг хариуцлага өгч, хариуцлагажуулж байсан.

14.Монгол улсынхаа цаашдийн ирээдүйг юу гэж хардаг вэ? Хэрхэн өөрчлөгдөх байх гэж боддог вэ?

Монгол улсынхаа ирээдүйд тэгж их санаа зовохгүй байгаа. Яагаад гэхээр орчин үеийн залуучууд, их мэдлэгийн төлөө явдаг болсон. Дээд үеийн ах эгч нар маань ч тэр, их хичээж байна. Тиймээс ирээдүй биднээс шалтгаалах болохоор, бид хичээж байхад болно гэж бодож байгаа. Энэ улс төрд байгаа хэлхээ холбоо, авилгал гээд л зүйлсийг дарсаны дараа улс маань илүү хурдан хөгжих байх гэж боддог. Тэднийг дарах хүмүүс нь бид гэж боддог.. Одоогийн залуус, ашиг гэхээсээ илүү улсын хөгжил хардаг болсон гэж боддог. Улсаа хөгжүүлчих юмсан гэсэн сэтгэлтэй, илүү олон залуучууд бий болж байгаа гэж боддог. Тиймээс ирээдүйг маш сайхнаар хардаг.
Жишээ нь: ээж аавууд хүүхдүүдээ дэлгүүр явуулахад л, хүүхдүүд нь хариулт мөнгөн дээрээс өөртөө авдаг асуудал байдаг шүү дээ. Тэгэхэд ээж өөрөө явбал өөрийнхөө мөнгөнөөс идэхгүй шүү дээ. Тэрэн шиг улсын ерөнхий сайд нь, сайдууддаа ажил даалгахад тэр дундаас иддэг асуудал байдаг байх. Гэтэл ерөнхий сайд хүн улсаа хөгжүүлчих юмсан, ээж хүн гэрээ хөгжүүлчих юмсан гэж боддог байх. Тэгэхээр аливаа зүйлийн толгойд гараад үүрэг хариуцлага хүлээгээд ирэхээр хүний бодол өөрчлөгддөг байх гэж би боддог. Тиймээс хүн бүхэн өөрийгөө хариуцлагатай хүн мэтээр сэтгэж, өөрийгөө хариуцлагажуулж байвал, улс маань хөгжих байх гэж боддог.

15.Таныг 40 настай болох үед монгол улс маань хэрхэн өөрчлөгдсөн байна гэж бодож байна.? Мөн өөрийгөө 40 насан дээр ямар байна гэж бодож байна.?

Өмнө нь яг ингэж бодож байгаагүй юм байна. Мөрөөдлийнхөө 70 хувьд хүрчихсэн, өөрийн гэсэн эмнэлэгтэй, улсынхаа төлөө хүчин зүтгэдэг нөлөөлөл бүхий хүмүүсийн нэг болчихсон байгаагаар төсөөлөгдөж байна. Харин улсынхаа хөгжилд төдийлэн санаа зовохгүй. Олон мэдлэг боловсролтой залуучууд эх орондоо очоод олон сайхан зүйлийг хийх байх гэж бодож байна. Би нэг түүх сонсож байсан юм. Хятад улсын нэг эмэгтэй Харвардад суралцаж төгсөөд тэнд нь ажиллах санал тавихад, тэр эмэгтэй үгүй ээ, би эх орондоо очих ёстой, энэ миний үүрэг юм гэж хэлээд нутагтаа очсон гэдэг. Тэр их хүн амтай улсын нэг иргэн тэгж бодож байхад, гуравхан сая хүн амтай манай улсын, нэг иргэний хийх ёстой үүрэг хариуцлага маш их гэж хардаг. Тиймээс бид чадна л гэж боддог доо.

16.Сүүлийн үеийн хүүхдүүд ажилгүй болжээ, залуучууд залхуу болжээ, залуучууд гадаадыг шүтдэг болжээ, залуучууд амин хувиа хичээдэг болжээ ч гэх юмуу өнцөгүүд яригддаг болсон байна. Энэн дээр залуу хүний хувьд юу гэж хариулмаар байна?

Энэ дээр яг ямар бүлэг хүмүүсийг тэгж хэлээд байгаа нь ойлгомжгүй юм. Хөдөлмөрлөж байгаа залуучууд зөндөө байгаа. Хувь хүнээсээ л шалтгаалж байгаа байх. Гадаадыг шүтдэг нь, одоо ер нь бас харьцангуй гайгүй болсон. Юу мэдэхийг хүсэж байна тэрийгээ мэдэж аваад, бага зэрэг хэмжээ хязгаартай байхад л болох байх. Гадаадууд гээд шүтээд байх хэрэггүй, бид яг адилхан хүмүүс. Ижилхэн зүйл хэрэглэж байна, юу хийж байгааг нь мэдэж байна, юу хүссэнээ л мэдэж байна. Гол нь мэдээлэл солилцох тал дээр л тэдэнтэй холбогдоод л, дор бүрнээ урдахаа хийгээд л явж байхад болно гэж боддог.

17.Энэ мэдээллийн цаг үед амьдарч байгаа залуу үеийнхэн, үүнийг хэрхэн ашигладаг вэ?

Хэрвээ надад шүтдэг, биширдэг хүн байдаг бол тэр хүнийгээ дагаад юу хийж байгааг нь харах боломжтой байгаа нь, энэ мэдээллийн үеийн жишээ. Олон мэдээлэл солилцдог апп-ууд болон сайтууд байгаа. Мэдээллийн цаг үе гэдэг нь, өмнө нь мэдэгдэхгүй зүйл мэдэгдсэн зүйл огт биш. Зүгээр л байдаг байсан зүйлсээ мэдээлэл болгож, солицоход л хялбар болсон нь гол нь байх. Бид хэрэгтэй зүйлсээ мэдэж авахад л ашигладаг.

18.Өөрийгөө дүгнэ гэдэг даалгавар өгвөл өөрийгөө яг юу гэж дүгнэх вэ?

Хүн болгоны адилаар бүхий л сэтгэл мэдрэмжүүдээ дотроо хадгалдаг, ирээдүйнхээ төлөө тэмцэж яваа, энгийн нэг монгол залуу л гэж дүгнэх байх даа.

19.Монгол улс ямар улсаас үлгэр авч, хөгжвөл зүгээр гэж боддог вэ?

Яг нэг улс гэхээсээ илүү авах гээхийн ухаанаар хандаж, хэрэгтэй зүйлийг нь шингээж, хөгжвөл зүгээр байх. Монгол маань өөрийн гэсэн онцлогтой, хүмүүжил ёс заншилтай улс.

20.Өөрөөсөө жаахан дүү нартаа хандан үг хэлээч гэвэл? Ээж аавууд нь магадгүй уншиж байгаа байх.

Тухайн хүүхдийн хийж буй юмыг нь их урамшуулж өгөх хэрэгтэй байх. Монголчууд их урамшуулдаг л даа. Гэхдээ хийж буй зүйлд нь дуртай болгоод хийлгэхийн бол ямар ч, хүүхэд дуртай юмандаа шамдан сурна байх. Тууштай байхыг л захина. Юуг тууштай хийнэ тэрэндээ л, хүн амжилттай байдаг гэж боддог. Манай найзуудаас гэхэд л тууштай явж байгаа хүүхдүүд нь амжилтаа гаргаад эхэлчихсэн байна. Тэгэхээр багаас нь хийж буй зүйлд нь дуртай болгоод тууштай явуулчихбал болох байх гэж боддог. Урдаа байгаа юмаа дуртайгаар, ямар нэг зовлонгүй хийгээд явж байвал, бүх зүйл болно л гэж боддог доо.

21.Чөлөөт асуулт - Сүүлийн асуултыг танд үлдээе...

Хүн болгонд боломж байдаг. Чи өөрийнхөө боломжийг зүгээр хүлээгээд сууж ерөөсөө болохгүй. Тэр боломжоо гаргахын тулд хөдөлмөрлөж, зорих хэрэгтэй. Хүнд ер нь хүндлэл, тууштай зан байхад л болно гэж боддог. Энийг миний зарчим ч гэж хэлж болно. Тэгэхээр өөртөө сэтгэл хангалуун аз жаргалтайгаар, тууштай хийж байвал, боломж бий болно л гэж хэлэе дээ. Мөн хүнийг хүндэлдэг байхад болно. Бүх харилцаа хүндлэл дээр л, утга учиртай тогтдог байх гэж боддог.

Бидний урилгыг хүлээн авч, цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа. Сайхан яриа боллоо. Сонирхоод олон талаас нь ухаж асуулаа.

Зүгээр зүгээр. Надад бас сайхан санагдлаа. Та бүхэнд, намайг урьсанд баярлалаа. Группийн бүх гишүүддээ амжилт хүсэе!

О.Номунганга
intsagram; dengee0725

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.