ОРХОН АЙМАГТ “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-НЫ БҮРТГЭЛ 12-Р САРЫН 11-НД ЭХЭЛНЭ

ОРХОН АЙМАГТ “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-НЫ БҮРТГЭЛ 12-Р САРЫН 11-НД ЭХЭЛНЭ

1 7 хоногийн өмнө

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах журам батлагдлаа. АИТХ-аас дээрх 315 айлын орон сууцны 30 хувийг буюу 98-ыг нь худалдаж, 70 хувь буюу 217 орон сууцыг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх шийдвэр гаргасныг өнөөдөр /2019.11.28/ танилцууллаа.

Түрээслэх 217 орон сууцны залуу гэр бүлд 50-ийг нь, төрийн албан хаагчдад 54-ийг нь, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 33-ыг нь, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 11-ийг нь, өрх толгойлсон эцэг, эхэд 11-ийг нь, ахмад настнуудад 43-ыг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд 11-ийг нь, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд 4-ийг нь тус тус түрээслүүлэх юм. 

Түрээсийн төлбөр 1 м.кв тутамд 4500 төгрөг байна. Өөрөөр хэлбэл тухайн байрны нийт талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, 2 өрөө байрны түрээс сард 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг болно. 

Мөн эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа 30 хувийг 5 жилийн хугацаанд төлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан түрээсийн төлбөрөөс гадна 30 хувиа 5 жилийн хугацаанд төлнө гэсэн үг юм.

Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 5 жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, 2 өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, 3 өрөө байр түрээслэгч сар бүр 416 мянган төгрөгийг түрээснээсээ гадна төлнө.


Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 12-р сарын 11-ээс 1-р сарын 11 хүртэл Захиргааны IV байрны Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авна. Ийнхүү бүртгэл явуулсны дараа сугалааны товыг иргэдэд эргэн мэдээлэх юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.