“МОНГОЛ, ХЯТАДЫН ЭКСПО-2019”-Д 200 ААН ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

“МОНГОЛ, ХЯТАДЫН ЭКСПО-2019”-Д 200 ААН ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

2 сарын өмнө

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунглио хотуудад 9 дүгээр сарын 6-10-нд болох “Монгол-Хятадын экспо-2019”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэл эхэлсэн талаар ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ““Монгол-Хятадын экспо-2019” үзэсгэлэнд оролцох ААН-үүдийн бүртгэлийг МҮХАҮТ, Мишээл экспо, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо 8 дугаар сарын 2-12-ны хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй ААН бүртгүүлээд байна.

Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн, гахайн өөх орсон бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр гаргахыг хориглосон, мөн хоёр улсын хооронд сүү, сүүн бүтээгдэхүүний хэлэлцээ хийгдээгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй болохоор бусад бараа бүтээгдэхүүнүүдээр ААН-үүд оролцох боломжтой. Бүртгэлийг Мишээл экспо болон МҮХАҮТ-ын цахим хуудсаар хийж байна. Энэ жил төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд илүү дэвшилттэй, хяналттай, нээлттэйгээр зохион байгуулж буйгаар онцлог юм“ хэмээв.

“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд нийт 11,000 м.кв талбайд Монголын 400 ААН-ийг оролцуулахаар БНХАУ-ын талтай тохиролцжээ. Нэг ААН-д 9 м.кв талбайд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулах боломжтой бөгөөд ААН-үүд бараа бүтээгдэхүүнийхээ шошго, зааврыг хятад болон англи хэл дээр гаргах хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Уг арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн хурал, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр, соёл урлаг, шинжлэх ухааны ололт хуваалцсан форум, хоёр улсын стандартын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ болон ноос ноолууран бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нарын танилцуулах загварын шоу зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж буй энэхүү экспогийн анхны жил манай улсаас 250 ААН оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийжээ.  Харин хоёр дахь удаагийн экспогийн үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа энэ үед уг экспо томоохон түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Экспод Монгол, БНХАУ-аас гадна ОХУ, БНСУ, Итали улсын төлөөлөл оролцоно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.