АСУУДАЛ: Малчдын дунд адуу, хониор “АВТОМАШИН” хожих сугалаа нэрээр САНХҮҮГИЙН ЛУЙВАР цэцэглүүлэв үү

АСУУДАЛ: Малчдын дунд адуу, хониор “АВТОМАШИН” хожих сугалаа нэрээр САНХҮҮГИЙН ЛУЙВАР цэцэглүүлэв үү

4 7 хоногийн өмнө

Саяхнаас эхлэн малчдын дунд малаа бооцоонд өгч, машин мотоцикл сугалдаг “Ёндоо” хэмээх хонжворт сугалаа болох болж, тэд энэ сугалаандаа ихээр хошуурах болсон байна. Тухайлбал, “Архангай аймгийн Эрдэнэмандал суманд уг уг сугалаа болж, иргэд олноороо санхүүгийн луйварт оролцож байна” хэмээн нэгэн иргэн цахим орчиндоо нийтэлсэн юм. Бид уг асуудлын мөрөөр тухайн сумын засаг даргатай холбогдлоо.

-“ЁНДОО” СУГАЛААГ НУТАГ НУТГААС ӨӨР ӨӨР ХҮМҮҮС ИРЖ, ЗОХИОН БАЙГУУЛДАГ-

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг дарга Э.Болдбаатар “Ийм сугалаа болоод байгаа нь үнэн. Манай малчид маш ихээр оролцож байна. Яг хохирсон хүн байхгүй болохоор тэднийг “сэргийлэх хэрэгтэй, битгий оролц” л гэж гуйх юм. Одоогийн байдлаар манай суманд 3-4 удаа болчихсон байгаа юм. Анхны удаад нь Сүхбаатар аймгийн иргэн хийсэн. Харин хоёр дах удаагаа болох гэж байхад нь таслан зогсоож зохион байгуулж буй Дорноговь аймгийн иргэн Д.Сайхнаа гэгчийг буцаасан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2019.06.15/-нд намайг эзгүй, бүсийн уралдаанд явсан хойгуур хийсэн байгаа юм.

Сонсох нь ээ, иргэд хоёр төлөг өгч сугалаанд оролцоно. Сугалааны журам нь ямар ч луйваргүй гэх юм билээ. Бүх оролцож байгаа иргэд нь бүгдээрээ цуглаад нэрээ бичиж шилэн хоргонд хийдэг. Үүний дараа нутгийн хоёр хүүхдийг барилдуулж аль давснаар нь эхний азтанг тодруулдаг. Тодорсон азтан нь дараагийн хүнийхээ  нэрийг сугалж гаргах  журмаар болдог гэсэн. Гэхдээ хонжвор нь юу тавьж байгаа, хэдэн хүн оролцож байгаагаасаа хамаардаг гэж л сонссон. Өөрөө оролцоогүй болохоор мэдэхгүй юм. Ганц манай сум гэлтгүй Жаргалант, Өндөр-Улаан, Булган сумуудаар болж байна гэж сонсогдсон. Ихэвчлэн тухайн орон нутагтаа танилтай хүмүүс нь энд зуншлага сайхан, мал тарган, иргэд ч ийм зүйлийг сонирхоод байна гэх сургаар өөр өөр хүмүүс ирээд яваад байгаа юм шиг байна лээ” хэмээн ярьсан юм. Түүнчлэн яг хохирсон хүнгүй болохоор ямар ч арга хэмжээ авч чадахгүй хэцүү байдалд байна гэдгийг тодотгож байлаа.

-ИХЭВЧЛЭН ХОЁР ТӨЛӨГ ЭСВЭЛ ТҮҮНД ДҮЙЦЭХ ҮНИЙН ДҮНГЭЭР ИРГЭДИЙГ СУГАЛААНД ОРОЛЦУУЛДАГ-

Мөн уг “Ёндоо” хонжворт оролцсон сумын иргэн Б-тэй холбогдож бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг авсан юм. Түүний хэлж буйгаар “Хамгийн эхний сугалаа нь адуугаар болсон бөгөөд хонжворт нь портер машин, хоёр мотоцикл байсан. Харин дараа дараагийнх нь хоёр төлөг болон түүнтэй дүйцэх мөнгөн дүнг хураалган оролцох боломжтой байсан. Хонжворын хамгийн сүүлийн сугалаа нь амьжиргаа цагаан, дөрвөн мотоцикл, бэлэн мөнгөний хонжвор байсан. Иргэд ч олноор оролцож байгаа, хамгийн сүүлийн хонжворт 100 гаран хүн оролцсон байна гэж дуулсан. Тэрний өмнөх хонжворт үүнээс ч олон хүн оролцсон. Хүмүүс бэлэн мөнгө төлөгөө тэр дор нь хураалгаж, хонжвороо шууд авч байгаа учраас их дуртай байгаа. Бэлэн мөнгө ч тэр, цоо шинэ хужаа мотоцикл ч хожсон хүмүүс олон байгаа” хэмээсэн юм.

-ХОНЖВОРЫН МӨНГӨН ДҮНГ ХАСАХАД “ЁНДОО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХАМГИЙН БАГАДАА 26 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

Малчдын дунд эрчимтэй явагдаж байгаа уг хонжворт сугалааны мөнгөн дүнг бодож үзье. Тухайлбал иргэн бүр хоёр төлөг эсвэл дүйцэх мөнгөн дүнгээр оролцож байгаа.

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд махны ченжүүд төлөг хонийг 65-70 мянган төгрөгөөр авч байгаа гэв. Харин Эмээлт захад төлөг 140-150 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм.

Ингээд бодохоор тэд хотод ирж махны наймаачдаас ч илүү ашигтай ажиллах боломжтой байгаа юм. Түүнчлэн махны ченжүүдэд дамлан зарсан ч тэдэнд ашигтай. Учир нь Эмээлтийн махны ченжүүд авсан малынхаа үнийн дүнд 20-30 мянган төгрөг нэмж иргэдэд зардаг.

Нарийвчлан бодвол, нэг хонжворт хамгийн багадаа 150 орчим хүн оролцоно.Эрдэнэмандал суманд болсон хамгийн бага хонжвор нь зургаан мотоцикл байсан юм. Үүгээр тооцвол 150 хүн хоёр төлөгөөр буюу 300 хониор оролцсон. Эмээлт захын малын ханшны мөнгөн дүнгээр тооцоолбол /300*140.000₮/42 сая төгрөг болно.

Харин цоо шинэ хятад мотоциклыг хоёр сая төгрөг хэмээн тооцвол 12 сая төгрөг болж байна.Мөн бэлэн мөнгөний хонжвор буюу 20 хүнд 50 мянган төгрөг, 10 хүнд 100 мянган төгрөг, 10 хүнд 200 мянган төгрөг хэмээн тооцоолбол нийтдээ дөрвөн сая төгрөг. Бүх хонжворыг тооцоолбол 16 сая төгрөг болж  байна. Ингээд нийт  42 сая төгрөгөөс хонжворт зарцуулсан 16 сая төгрөгийг хасахад зохион байгуулагчид 26 сая төгрөгийн цэвэр ашигтай оролцож болж байгаа юм.

Зуу гаруй иргэдээс 50 орчим нь азын хонжвор авч байгаа тул тэд өөрсдийгөө азтайд тооцож дахин дахин оролцож байгаа. Гэвч иргэд үүнийг зохион байгуулж байгаа хүмүүст өндөр ашиг өгч байгаагаа мэдэхгүй нь харамсалтай дүр зураг юм.

Д.ЖАРГАЛМАА

Эх сурвалж: EGUUR.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.