Монголбанк том, жижиг банкуудад ялгаатай ханддаг уу

Монголбанк том, жижиг банкуудад ялгаатай ханддаг уу

6 сарын өмнө

Сүүлийн  хэдэн сар банкны салбар хамгийн шуугиантай байлаа. “Худалдаа хөгжлийн банк” Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбогдож, хүнд байдалд орсон. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Худалдаа хөгжлийн банк Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хуйвалдаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар мөнгө хэвлүүлэн байж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан” гэх байр суурийг илэрхийлж, энэ асуудал хурцаар тавигдсан. Тус банкыг дампуурах нь гэх мэдээлэл ч газар авч, сандарч, тэвдсэн харилцагчид хадгаламжийн мөнгөө татсан гэх сураг ч дуулдаад амжсан. Гэтэл тун саяхан Монголбанкны Ерөнхийлөгчийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгалаа. Монголбанк яагаад гэнэт “Капитал”-ыг татан буулгахаар болсныг сонирхох хүн цөөнгүй байгаа байх. Магадгүй систем нь доголдож өөрийгөө авч явах хэмжээнд хүрч чадахаа байсан учраас гэх хуурай хариултад ханачихсан байж мэдэх юм. Магадгүй Монголбанк “Капитал” банкыг дагавар хүүхэд шиг ээ үзсэн ч байж болох л юм. Зарим хүмүүс дагавар хүүхдээ бөөцийлж, өөриймсгөөр хандахыг хүсдэггүй. Харин ч алдаа мадаг гарах бүрт нь боломж олдсон нь дээр нь гэсэн шиг хэмлэж, доош унагахыг боддог.

Үүнтэй адил “Капитал”-ыг дэмжихгүйгээр барьц алдуулах нь тэдний чин зорилго байсан юм биш биз. Энэ нь зөвхөн Монголбанкны бус хэсэг бүлэг нөхдийн хатгаас байсныг ч үгүйсгэх аргагүй. Хэрэв дампууруулахыг гол чигээ болгоогүй бол Монголбанк шаардлагатай арга хэмжээнүүдийг авах л байсан. Банкыг дампуурлаас аварсан түүх зөвхөн дэлхийн жишигт байдаг юм биш. Манайд ч тэр “Монголбанк”-ны тус дэмээр өндийсөн банкууд цөөнгүй. Хэдэн жилийн өмнө манай улсын нэртэй банк хүнд байдалд орж харилцагчид мөнгөө авахаар шуурч байх үед Монголбанкнаас тэрхүү банк руу 200 тэрбум төгрөгийг шилжүүлж дэмжлэг үзүүлж байсныг тухайн үеийн хэвлэлүүд онцолж байв. Энэ удаад ч гэсэн “Монголбанк”-ны зүгээс “Капитал”-д бага ч атугай дэмжлэг, тусламж үзүүлчихэж болоогүй юм байхдаа. 2014-2016 оны үеийн эдийн засгийн хямралын үед жижиг арилжааны банкнуудад том сорилт болсон нь мэдээж. Тухайн үед ч “Капитал” зах зээлийн шуурганд өртсөн л байлгүй. Эдийн засаг нь савалгаатай, хүн ам багатай манайх шиг оронд жижиг банкуудаа бодлогоор дэмжиж, эрсдлийг нь бууруулахад анхаарах нь зөв болов уу. Монголбанк ч шаардлагатай тохиолдолд арилжааны банкууд зээл олгох үүрэгтэй. Үр дүнд нь банк дампуурлаас аврагддаг. Үүнийг дэлхий нийтэд “Bailout” буюу санхүүгийн дэмжлэг туслалцаа гэж нэрлэдэг. Дэлхийн улс орнуудын Төвбанк энэ жишгээр арилжааны банкуудаа дэмжиж, дампуурлаас аварсаар өнөөг хүрсэн. Учир нь арилжааны банкны эдийн засагт үзүүлэх үр нөлөө их. Эдийн засаг өсөх, тэр өсөлтийг иргэдэдээ хүргэх эсэх нь дотоодын банк санхүүгийн систем хэр аюулгүй найдвартай, эрүүл байгаагаас шууд хамаардаг учраас тэр. Тиймээс Монголбанк том, жижиг гэж ялгалгүй ижил тэгш бодлого хэрэгжүүлж, шаардлагатай төсөл хөтөлбөрөөр хангах нь арилжааны банкинд ус агаар мэт чухал юм.

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэгчлэн Монголын төр, банкны салбартаа зүтгэж яваа хувийн хэвшилдээ халтай болчихжээ. “Анод”, “Зоос”, “Хадгаламж”, “Монгол шуудан” зэрэг хувийн банкуудын араас “Капитал” банк хаалгаа барьсан нь үүнийг бүр л нотолж байна. Бид шударга бус байдалтай өдөр бүр нүүр тулавч түүнийг илчилхээс айдаг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг хэвшилтэй болчихож. Гэхдээ бүгд цаанаа шударга үнэнээр цангасаар л байна.

За яахав “Капитал” хаалгаа барьсан л юм байж. Өр ширээ дардаг л юм байж. Нийгэм ч хэсэг шуугисаар энэ бүхэн нам жим болох нь тодорхой. Тэгвэл энд хэн хохирч үлдэх вэ. Банкны эзэн үү. Магадгүй тэр хохирч байгаа нь мэдээж. “Капитал” банк бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллан, үйлчилдэг байсан. Ер нь бол том банкуудаар том харилцагчид үйлчлүүлдэг. Тэр нь ч том банкуудад ашигтай байдаг. Харин жижиг арилжааны банкуудаар голчлон жижиг дунд бизнес эрхлэгчид үйлчлүүлдэг. Арилжааны банк тэдэнд том боломжийг нээж өгдөг нь ч үнэн. Тиймээс хамгийн түрүүнд жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч байна. Банкны салбар бол нийт эдийн засгийнхаа эрсдэлийг нь өмнөөс нь үүрч, хянаж байдаг онцгой салбар. Тиймээс энэ салбарт гарах багахан чичиргээ нийгэмд доргилт болж очихыг бид тооцоолох аргагүй. Мөн “Капитал” банкны ажилчин, албан хаагчид ч хохирч байгаа. Ямартай ч 85 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг гэх юм билээ. Тэгвэл хэдэн эмэгтэй, магадлалаар хэдэн өрх толгойлсон ээж ажилгүй, олох орлогогүй болсон бол. Мөн “Капитал” өнгөрсөн 29 жилийн хугацаанд банкны салбарт өөрийн гэсэн орон зайгаа бие болгочихсон байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин хүмүүсийн хардаж байгаа шиг төрийн мөнгийг шамшигдуулчих сан гэдэг нь ч арай л өрөөсгөл болов уу. Бүхий л арилжааны банкуудаар төрийн сангийн мөнгө дамжин өнгөрдөг шүү дээ.

Банк хаалгаа барьсан ч хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээж иргэдийн хохирлыг барагдуулах нь ойлгомжтой. Тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид Хадгаламжийн даатгалын корпорацид хандан хохирлоо барагдуулж болох талаар Монголбанкнаас мэдэгдээд буй. Учир нь “Капитал” банк Хадгаламжийн даатгалын корпорацид нийт хадгаламж эзэмшигчдийнхээ 95 хувийг даатгуулчихсан юм билээ.

Ямартай ч 29 жил үйл ажиллагаа явуулсан “Капитал” хэмээх арилжааны банк хаалгаа барилаа. Эцэст нь хэлэхэд аливаа зүйлийг хураах, зогсоох, хаах, боомилох нь арга шийдэл биш. Бид үүнийг өнөөдрийг хүртэл ойлгоогүй, бүхнийг хүчээр шийдэж байгаа нь ардчилсан нийгэмд амьдарч байгаа эсэхтээ эргэлзэхэд хүргэж байна. Эсвэл бүхнийг ийн далайлгаж, хөөсрүүлж, иргэдийг сандаргаж, нийгмийн бухимдуулах нь хэнд хэрэгтэй юм бол доо. Банк дампуурснаас үүдэлтэй дээр дурьдсан хор уршигийг шийдвэр гаргагчид мэдээгүй байх л гэж найдъя. Тиймээс бодол оюунаа чилээж, уран санаагаа уралдуулахаа түр азна. Харин үүний цаана ямар учир шалтгаан байна вэ гэдгийг бага ч атугай сэхээрч харахыг хичээцгээе.

А.Намуун

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.