SOS: Хятадууд нийслэлийн ойролцоо 50 га газарт хүлэмжийн аж ахуй байгуулахаар ярьж байгаа юу

SOS: Хятадууд нийслэлийн ойролцоо 50 га газарт хүлэмжийн аж ахуй байгуулахаар ярьж байгаа юу

6 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлж ялж байсан  Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч  С.Мөнхчулуун  нэгэн ноцтой гэмээр мэдээллийг цахим орчинд байршуулжээ.   Тодруулбал. “Улаанбаатар хот  Тяньжин хотын Тяньжин хүнс групптэй хамтран  Агропарк хаалттай компани байгуулах асуудлыг ярилцаж байна. Тяньжин хүнс групп нь 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх бөгөөд  энэ нь Монгол Улсын нийт хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний газар юм байна” гэжээ.  

Мэдээлэлд ойр байгаа албаны хүний ийм үгэнд итгэхгүй байхын аргагүй ч итгэх нь бүр ч хэцүү юм. Учир нь хотын  удирдлагууд маань арай ч ингэтлээ ухаан санаа нь самуурчихаагүй байгаа гэх итгэл. Хотын удирдлагууд үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа өсч өндийж байгаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ нэгмөсөн боомилж,  иргэдээрээ  Хятадын ногоо савхдуулах дээрээ тулаагүй байлтай сан. Гэхдээ иргэд минь энэ асуудал дээр сонор сэрэмжтэй байх учиртай шүү.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ 50 га газрыг Сонгинохайрхан дүүрэг, Шувуун фабрикийн хавьцаа олгохоор товлож байгаа гэсэн мэдээлэл байна. Ногоо  тарьж, мод үржүүлэх гэсэн монголчуудад олддоггүй  газар ийн Хятадуудад хэдэн арван га-гаараа очих гэж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрж байна.

Монголчууд хэчнээн ядарч зүдэрлээ ч гэсэн  эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломж бий. Өнөөдөр эс ч маргааш тэр боломж бүрдэнэ. Хятадаас импотоор орж ирдэг хүнсний ногооны  чанар, эрүүл ахуйн талаар маш их эргэлзээ бидний дунд бий.

Шувуу орчмын ногоочин Д.Мөнхжаргал гэх эмэгтэй ногоо тарихын зэрэгцээ саалийн хэдэн үнээтэй.  Тэрбээр “Хятад төмсийг хүн идэх байтугай үхэр мал ч тоож иддэггүй юм билээ. Бүр хятад үрээр тарьсан төмсөөр үхрээ тэжээх гээд идээгүй” хэмээн ярьсан нь санаанд үлджээ. Мал хүртэл ийм айхтар. Өөр нэг иймэрхүү жишээ гэвэл Хятад гурилыг хулгана огт иддэггүй гэдгийг хүмүүс  батлан хэлэх юм билээ. 

Монгол хүний хоол хүнсний чанар байдал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр дундаа манай мэргэжлийн хаяналтын байгууллагуудын хараа хяналт нь хэр билээ, аливаа эрсдлийн араас нь хашгирдаг газар шүү дээ. Хянаж шалгаад ч нарийн ширийнийг нь илрүүлж чадахгүй.  Ийм байсаар байхад хятадуудын тарьсан ногоогоор хэрэглээгээ хангуулна гэж байгаа бол  эх орноосоо урваснаас өөрцгүй.

Хятадуудад газар эзэмшүүлж хүнсний ногоо тариулбал ямар балаг авчирдагийн бэлээхэн гашуун жишээ энхүүхэн хойд хилийн цаана бий. Эрхүү мужид хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан хятадуудын талаархи ноцтой мэдээллийг санаж байгаа байх. Тэнд улаан лооль, өргөст хэмх тариалж байсан хятадууд  газрыг  там болгон хувиргаад явжээ. Тэд дээрх нарийн ногоог хурдан ургуулахын тулд асар их хэмжээний химийн бодис ашиглаж, будагч бодисоор буддаг төдийгүй үлдээгээд явсан газрыг нь цэвэрлэж байсан ОХУ-ын онцгой байдлын алба хаагчид масктай байсан ч хордож ухаан алдаж байсан тухай тус улсын  “Россия 1” телевиз мэдээлж байсан билээ.

Учир мэдэх нэгний ягрьснаар Хятадын хүлэмжинд ороход  үнэр танар андашгүй гэнэ.  Хүний ялгадсаар  борддог учраас тийм үнэр танартай байдаг ажээ.

ОХУ тариалан эрхэлдэг хятадуудыг  нутаг газраасаа холдуулахын түүс болж байхад  хэрэв дээрхи мэдээлэл үнэн бол  манайхан  бараг урин залж байгаа юм биш үү.  Монгол гадныханд хаалттай, бас хажиг зожиг хүмүүс биш. Гэхдээ юуг оруулж, юуг хориглох вэ гэдгээ мэддэг, дагаж мөрддөг байх ёстой.

Монголчууд өнөөдөр  дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх туршлагатай болсон.  Дүн өвлийн хүйтнээр ч гүзээлзгэнэ жимс ургуулаад хэрэглэгчиддээ нийлүүлээд явж байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл Х.Алтанцацралт гэх эр Баянчандманьд  4 улирлын хүлэмжийн томоохон аж ахуйг монголчуудтайгаа хамтран байгуулаад ажиллаж байгаа.  “Ухдаг бус ургадаг уурхайг хөгжүүлье” гэсэн уриалгаар нь Х.Алтанцацралтыг монголчууд сайн таньдаг болсон байх. Эх орны хөрсөнд ургасан шинэхэн жимс ногоогоор  жилийн турш иргэдээ хангахаар энэ мэт санаачлагатай ажиллаж буй   аж ахуй эрхлэгч олон хүн бий.  Тийм учраас Хятадуудад 50 га газар өгөх бус харин жимс ногоо тарих хүсэлтэй монголчууддаа тэр газрыг эзэмшүүлж, цаашдаа ногоочдоо кластраар хөгжүүлэх том боломж бий.  

Хятадуудын Эрхүү мужид ногоо тарьж байсан газар.

Хэрэв үнэхээр Хятадын Тяньжин хүнс группэд 50 га газрыг хүлэмжийн зориулалтаар олгох асуудал яригдаж байгаа бол монголчууд хятадын нарийн ногооны хамааралтай болж,  хожим хойно тэр 50 га газар маань газар биш “там” болж хоцрох магадлалтай болно. Түүнчлэн Монголд өсч өндийж байгаа хүлэмжийн аж ахуй нэгмөсөн үүд хаалгаа барина гэсэн үг.

Гэхдээ арай ийм шийдэл гарахгүй байх хэмээн найдъя. Түүнчлэн НИХ-ын төлөөлөгч, иргэдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн төрийн албан хаагчийг цахим орчинд худал мэдээлэл цацсан гэж бодохгүй байгаагаа бас тодотгох нь зүй байх.

Г.Хантулга

Эх сурвалж: ZALUU.COM

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.