Төллөх цагаар нь аргаль агнаад буцахдаа тэр амьтны хараалаар гадсан дээр унаж үхжээ

Төллөх цагаар нь аргаль агнаад буцахдаа тэр амьтны хараалаар гадсан дээр унаж үхжээ

7 сарын өмнө

Австрали эр ч анчиндаа хат. Бөөн ангийн хорхой. Түүнээс биш түүнд анчин хүний ёс жудаг, байгаль дэлхийн хишигт хандах ухаан санаа нь хэвийн бус нэгэн аж. Анчин Алтай нэг удаа герман анчинд газарчилж билээ. Тэр эр 3 сүргийг л онилсон. Хоёр аргаль унагах зөвшөөрөлтэй. Гурав буудах эрхтэй. Эхний сумаар нэг сүргийн хамгийн манлай болсон том эвэрт аргалийг унагаж. Дараа нь хоёр өдөр гэтэж, эрж мацаж байж нэг сүрэг олоод 50 метр хэртэй ойртож онилоод буудсан давчихаж. Тэгэхэд мань герман эр,

- За, одоо би боллоо. Сайхан байгаль харж, онгон дагшин амьтдын бараанд нүд баяслаа. Үлдсэн нэг бууны эрхээ эдлэхгүй. Хангайн хишгийг чамлаж болдоггүй юм гэжээ. Тэгэхэд л Алтай хүн гэдэг ямар үндэс угсаатай, арьсны өнгө өөр боловч адилхан нэг дэлхийтэй, адилхан нэг жаргалтай, адилхан нэг зовлонтой амьтад юм даа гэж уяран бодож байсан сан. Алтай гадаадынхныг бурхан шүтлэггүй буруу номтнууд яаж ч мэднэ гэж сэжиглэж, жийрхдэг байсан байгаа юм. Энэ бодол нь арилсан анчин Алтай түүнээс хойш гадаадын анчдад зааж зөвлөж, байгаль дэлхийн эзэн лус савдаг энэ тэрээ гэж олон юм ярихаа больжээ. Тиймээс ангийн хорхойтой австрали залууд ч олон юм улигласангүй. Анхны сүргээ олж харав. Тэгэнгүүт л мань австрали чинь буугаа угсарч байна. Шагайж онилж үзэх гэж байгаа юм байлгүй гээд Алтай юм хэлсэнгүй. Төдөлгүй буун дуу нүргэлэв. Үргэсэн сүрэг уулын сэтэрхий ониор цувралдан давах үед хээлтэй хомь (аргалийн эмийг хомь хэмээнэ) хээлээ дааж ядан, тамир алдан зүтгэж харагдав. Алтай,

- Эвий дээ. Энэ сүрэг хургалж дуусаагүй байсан юм байна. Дэмий л үргээж хэмээн бодож амжаагүй байтал буун дуу дахин нүргэлж, нөгөө хээлээ дааж ядсан хонь хачин гаслан ганирхалтайгаар майлаад хаднаас нэвсийтэл унажээ. Нөгөө австрали эр индианчууд гал тойрон бүжиглэж байгаа юм шиг баахан үсэрч дэвхцэж байгаад хээлтэй аргалийн ниссэн газар руу хар хурдаараа гүйчихэв. Тэднийг очиход аргалийн яс нь яйрч, үс нь салбарч бутарсан байсан бөгөөд хэвлийн цаана нь хээл нь гүйцэх дөхсөн хурга хөдөлж байжээ.

Алтай яаран сөхөрч суугаад хонийн гэдсийг хүү татан хургыг гаргавал тэр дэлхий ертөнцийн хүйтэн агаар залгилж огцом чанга майлаад амь нь тасарчээ. Үүний дараа анчин Алтай хэнтэй ч юм ярьсангүй. Үе үе австрали залуу руу чөтгөр харсан юм шиг сэжиглэн харж, амандаа үл мэдэг маань уншиж байв. Хулгайн анчид орой болоход майхнаа босгож тухлахаар болов. Алтай ч ганцаараа энэ газраас хурдан нүүе. Ер нь бидний хангай дэлхийгээс хишиг хүртдэг хөг өнгөрөв бололтой гэж байлаа. Ангийн бараа харж улайрсан хүмүүс түүний үгэнд орсонгүй. Тэр орой австрали залуу гадна гарч бие засахаар яваад майхны гадсан дээр унаж нүдээ сохолжээ. Ийм хэрэг явдал болсон даруйд л хүмүүс хар авч нүүхээр шийдэн ойролцоох сумын төвийн эмнэлэг бараадах нэрээр зугтаах шахам ачаалжээ. Тэд өндөр даваанаас уруудаж яваад аймшигт осолд орж, бүгдээрээ нас барцгаажээ. Тэгэхдээ нэг сонирхолтой нь нас барагсдын нүд бүгдээрээ хөх няц болж, ширгэн аньсан юм шиг хоосон шахам ухархай л байж. Ийм нэг хэрэг явдал Алтайн өндөр даваанд болсон гэдэг. Аргаль гэдэг өр төлөөс нэхдэг, тэнгэрээс сэтэртэй амьтан гэдэг. Ялангуяа хургалах үеэр нь агнах байтугай үргээж дайжуулбал тэнгэрийн гэсгээл хүртдэг ч гэлцдэг.

Эх сурвалж www.wikimon.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.