Шөнийн гудамж Зайсан руу нүүж Хотын дарга С.Амарсайханы бизнесийг өргөжүүлэх үү

Шөнийн гудамж Зайсан руу нүүж Хотын дарга С.Амарсайханы бизнесийг өргөжүүлэх үү

7 сарын өмнө

С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж эхэлсэн даруйдаа шөнийн гудамжны байршлыг өөрчлөх, баар, цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн.

Тодруулбал, шөнийн цэнгээний газруудыг 04.00 цаг хүртэл ажилладгийг болиулж 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргахаар бэлтгэж байгаа аж. Харин шөнийн гудамжтай холбоотойгоор иргэдийн ирүүлсэн санал, гомдолд үндэслэн байршлыг нь өөрчлөх юм байна. Гэхдээ шөнийн гудамжийг хааш нь нүүлгэх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.

“ШӨНИЙН ГУДАМЖ”-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ “ЗАЙСАН ХИЛЛ” ЦОГЦОЛБОР РУУ ТАТНА

Тэгвэл шөнийн гудамжийг “Зайсан Хилл” цогцолбор руу нүүлгэхээр бэлтгэл ажлыг хангасан гэх мэдээлэл байна. “Зайсан Хилл” цогцолбороос “Мишээл” экспо хүртэлх зам, талбайг “Smile” гудамж болгон нэршлийг нь өөрчлөхөөр болжээ.

“Smile” гудамжинд шөнийн гудамжийг байгуулснаар “Зайсан Хилл” цогцолборт байрлах “EON” баараар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Энэ тоцооллыг манай Хотын дарга нар хийсэн нь тодорхой.

“Зайсан Хилл” цогцолборыг Хотын шинэ дарга С.Амарсайханы хувь эзэмшдэг “Оюуны Ундраа” групп барьж, байгуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус цогцолборт “EON” баарыг байгуулахад их хэмжээний хөрөнгө зарсан байна.

Шөнийн гудамжийг анхнаасаа циркийн хойно байгуулсан нь ч мөн зорилготой. Тодруулбал, “Choco” баарны эзэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар тус баараар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн НИТХ дээр лобби явуулж шөнийн гудамжийг байгуулах шийдвэрийг гаргуулсан гэдэг. Шөнийн гудамжинд ирсэн залуус ойролцоох бааранд орж ашиг, орлогыг нь нэмэгдүүлэх нь тодорхой. Ийм л нэг зохион байгуулалтын ажил явагддаг байна. С.Амарсайхан Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүх цэнгээний газрыг шөнийн 04.00 цаг хүртэл ажиллуулахгүй гэж буй бол уг шийдвэртээ “EON” баарыг ч мөн хамруулах ёстой.

Өмнө нь Хотын зарим дарга цэнгээний газруудыг шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргаж байсан. Харин энэ шийдвэр нь далд архины бизнес түүнээс үүдэлтэй гэмт хэргийн тоог нэмэгдүүлсэн. Ер нь уг шийдвэр нь танилтай, нөлөөтэй арга зальтай хүмүүст давуу байдал бий болгож танилгүй хүмүүст нь ял шийтгэл болдог тал бий. 00.00 хүртэл ажиллуулах шийдвэр хэзээ ч хэрэгжиж ирээгүй, хэрэгжих ч боломжгүй гэдгийг тус салбарынхан хэлж байгаа юм. Хэрэгжлээ гэхэд далд бүхнийг өөгшүүлж мэдэх аюултай юм. Мөн цагдаа, мэргэжлийн хяналтынханыг дамнасан авлигын сүлжээг үүсгэдэг байна. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлж буйгаар, маш сайн тохижилттой баар ажиллуулсан ч цагдаа нар торгууль тавьж, олон хоногоор нь дараалан хаах арга хэмжээ авч явсаар эцэст нь хаалгаа барихад хүргэсэн байна. Харин олны танил томоохон бааруудыг хаадаггүй байжээ. Тиймээс баар, цэнгээний газруудын үйлчилгээг хааж, боох бус эсрэгээр нь стандартыг нь тодорхой болгон зөв зохион байгуулалтаар ажиллуулах шаардлага бий гэж хэлэх иргэд байна.

ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЭРГЭЛДДЭГ ТОМООХОН БААРНУУДЫН ЭЗЭН ХЭН БЭ

Улс төрчид болоод эрх мэдэлтнүүд маш их хэмжээний мөнгийг амар, хялбараар олж болох цэнгээний газрын бизнестэй болохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг байна. Нэг шөнийн дотор 60 сая төгрөгийн ашиг олдог ажлын төлөө тэд үргэлж тэмцэлдэж, хэмлэлдэж өөрт ашигтайгаар шийдвэр гаргуулахын тулд ажиллаж иржээ.

  • “MINT”, “ОNE EVENT HALL” баарны эзэн НИТХын төлөөлөгч Ц.Сандуй
  • Метрополис баарны эзэн Номин талст хамтлагийн дуучин С.Батсүх, УИХын гишүүн С.Батболдын хүү Б.Түшиг
  • “Соёо” баарны эзэн Баянзүрх дүүргийн МАНын дарга н.Бат-Амгалан.
  • Холливүүд баарны эзэн Баянзүрхээс сонгогдсон төлөөлөгч Баянмөнх
  • I loft баарны эзэн Хасын Ч.Ганхуяг.
  • “Circus” баарны эзэн УИХын гишүүн, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гээд жагсаалт хөвөрнө.

Мөн томоохон баарнуудын хамгаалалтыг хариуцдаг “VIP SECURITY” компани Хотын даргад өрсөлдөөд ялагдсан С.Мөнхчулууных гэдэг. Энэ мэт эрх мэдэлтнүүд шөнийн цэнгээний газартай ямар нэгэн сэжмээр холбогдоно. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ажлыг шийдвэр гаргах түвшний газарт явуулдаг байна.

Хамгийн ноцтой нь баар, цэнгээний газруудын эзэд маш нууцлагдмал байдаг. Тэд ямар нэгэн компани байгуулж түүнийхээ нэр дээр баар, цэнгээний газар явуулдаг. Үүнийг Улсын бүртгэлийн хуулиар тодорхой болгох шаардлага бий. Хэдий тэд нуудаг ч аль баар хэний мэдлийнх вэ гэдгийг тус салбарт ажиллагсад андашгүй мэддэг билээ.

Эх сурвалж: MEDEE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.