Д.НИНЖ: Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ НАР С.ЗОРИГИЙГ ЗАХИАЛГААР АЛУУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ ОЛОН БАРИМТ БИЙ

Д.НИНЖ: Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ НАР С.ЗОРИГИЙГ ЗАХИАЛГААР АЛУУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ ОЛОН БАРИМТ БИЙ

2 сарын өмнө

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Э.Бат-Үүл дахин яллагдагчаар татагдсан мэдээлэл дуулиан дагуулж байна. Тэгвэл Ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга асан Д.Нинжийн өмнө нь өгч байсан ярилцлагаас хүргэж байна. Тэрээр С.Зоригийн хэргийг илрүүлэх цаг нь болсон хэмээн үзэж, зарим нэг баримтыг холбогдох байгууллагуудад гарган өгч байсан. Түүнчлэн өөрийгөө хамгаалалтад авахыг ТЕГ-аас хүсч байсан удаатай. Гэвч түүнийг Э.Бат-Үүлийг гүжирдсэн гэдэг зүйлчлэрээр ял оноож байсан юм. Ингээд түүний сэтгүүлч Ю.Гэрэлтуяатай хийсэн ярилцлагын хэсгээс хүргэе. Энэ бол 2011 оны ярилцлага гэдгийг сануулъя.

-С.Зоригийн хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байхад чухам яагаад энэ хэргийг сөхөх болов?

-Энэ аймшигт хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байгаа нь Монголын төртэй шууд холбоотой. Хэргийг мартагнуулах үйл ажиллагааг Монголын төр зохион байгуулж байна. Монголын ард түмний хянан шалгах хорооноос Монгол Улсад улстөрийн захиалгат аллага хийж болдог, Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий бүлэг хүмүүсийг илчлэх, хууль бус болчихоод буй засаглалыг зөв гольдролд оруулах зүй ёсны шаардлага тавьж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгсэд ямар ч хариуцлага хүлээхгүй, өндөр албан тушаалд дэвшин ахиж болдог юм гэсэн ойлголтыг олон түмний дунд төрүүлэх гэсэн оролдлогыг хүмүүс хийж байна.

-Таныг шаардлага тавьсны дагуу арван хэдэн жил дарагдсан С. Зоригийн хэрэг нэг өдрийн дотор илрэх үү?

-С.Зоригийн хавтаст хэрэг дотроос чухал эд мөрийн баримтууд устаж байгаад Монголын олон нийт харамсан дургүйцэж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг шударгаар явуулж байсан мөрдөн байцаагчид нь хохирч, уг хэргийг баллан ул мөргүй болгоход хүчин зүтгэсэн жинхэнэ алуурчдын хамсаатнууд цол, албан тушаал, цалин болон төрийн зүгээс олгодог алдар гавъяа, одон медалиар шагнагддаг зохисгүй байдал туйлдаа хүрлээ.

-Таны хувьд С.Зоригийн хэрэгт холбогдох есөн зүйлийг нийтэд ил болгохыг зорьжээ. Үүнд аллага болохоос хагас жилийн өмнө энэ тухай сонсч байсан гэсэн байна?

-С.Зоригийг хөнөөх тухай балмад санааг түүнийг алагдахаас нэг жил хагасын өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Билэгтээс сонсч байсан.
Гэсэн ч тэр үгэнд нь итгээгүй, ач холбогдол өгөөгүй. Тэрбээр манайд хоёр удаа архи уухаар ирэхдээ «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С. Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» хэмээн ярьж байсан. Үнэхээр С.Зоригийг амьд байсан цагт Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүйг хүн бүр мэднэ.

-С.Зоригийн аллага яагаад дээрх хүмүүстэй холбоотой гэж?

-С.Зоригийн аллагыг тухайн үеийн улс төрийн өндөрлөгт очихыг зорьж байсан хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэн хийсэн. Тухайн үед «Хөх толбо» сонинд Социал демократ намын «Алтан гадас» бүлэглэлийн нууц хуралдааны протоколыг нийтэлж байсан. Үүнд өнөөгийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, их хэвлэн нийтлэгч Б.Баабар, Улаанхүү, Н.Алтанхуяг болон бусад гишүүд Нийслэлийн номын сангийн байранд нууцаар хуралдаж, С.Зоригийг хөнөөх тухай шийдвэр гаргаж байсныг илчлэн нийтэлсэн болно. Уг нийтлэлтэй холбогдуулан ямар нэгэн эсэргүүцлийг тухайн үед эдгээр хүмүүсийн зүгээс огт гаргаж байгаагүй нь анхаарал татдаг.

-Өөр ямар баримтууд таны анхаарлыг татаж байгаа вэ?

-Э.Бат-Үүл хэргийн газар дээр малгайгаа мартаж үлдээсэн. Э.Бат-Үүл ирж, хэргийн газар дээр тухайн үеийн УИХ-ын гишүүдийг албаар дуудан авч ирж талийгаачийн цогцсон дээгүүр тодорхой зорилготой алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан. Энэ нь Эрүүгийн хууль болон ЭБШ хуулийг зөрчсөн үйлдэл. 1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н.Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С.Зоригийн үхэлд Н.Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан нь олон хүнийг өнөө хүртэл гайхашруулсан хэвээр байна.

-Таны хувьд яагаад Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчийг хүртэл энэ хэрэгт хамаатуулан татаад байгаа юм бэ?

-1998 оны 10 дугаар сарын 3-ны үдээс хойш Нийслэлийн МҮАН-ын байрны өмнө цугларсан Ардчилсан нам, холбооны орон нутгийн гишүүд дээр Ц.Элбэгдорж хүрэлцэн ирээд баяр наадамд байгаа мэт өөрийн хөөр баяслаа дарж чадалгүй хүмүүстэй хөөрөг зөрүүлж байсан. Үүнийг тухайн үед телевизүүд хүртэл бичиж авсан. Энэ хүн яагаад тэгтлээ хөөрөн баяссан бэ. Уг нь баяр наадам биш, дотно явсан хамтран зүтгэгч нь бусдын гарт зэрлэгээр алагдсан шүү дээ. Мөн 1999 оны зургадугаар сард өнөөгийн IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирэхэд нь Ц.Элбэгдорж уулзсан. Энэ уулзалт дээр Ц.Элбэгдорж «Би амьдралдаа нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байдаг.
IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц.Элбэгдорж толгой дохин ном уншуулсан юм. Тэгээд өргөл болгон гурван сая төгрөг өгч, түүгээр нь Баасан лам Баруун дөрвөн замд байрлах уран дархнаар IX Богдын гарын тамга (бараг 3 кг цэвэр мөнгө) болон Мандал өргөдөг шашны үйлийн хэрэглэл зэргийг хийлгэсэн.

-Энэ бүхэн баримт болж чадна гэж үү?

-1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан.
Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай.
Эх сурвалж: Breakingnews.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.