Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа: Миний хүүг удахгүй суллана гэх мэдээг сонсоод сэтгэл санаа уужирлаа

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа: Миний хүүг удахгүй суллана гэх мэдээг сонсоод сэтгэл санаа уужирлаа

5 сарын өмнө

-Ц.НЯМДОРЖ САЙД Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРИЙНХНЭЭС УУЧЛАЛТ ГУЙВ-

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох 23-24 жилийн хорих ялыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, У.Амгаланбаатарт оногдуулсан билээ.

Уг хэрэг шүүхийн шатанд хэлэлцэж байхдаа хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатрын мэдүүлгээр хорьсон хэмээгдэж байв. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнийх нь зүгээс “Эрдэнэт хотод таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлдэн ял эдэлж байгаа хүний үгээр хууль хүчнийхэн энгийн иргэнийг хэлмэгдүүлж байна” хэмээн удаа дараа мэдээлэл хийж байсан юм.

Сүүлийн өдрүүдэд хуулийнхан С.Зориг агсаны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн дөрвөн хүнийг цагдан хориод буй.

Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж олон нийтэд хандан ноцтой мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ:

-“С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг 1937 оны бүх аргаар эрүүдэн шүүх ажил явагдсан. Энэ нь тодорхой болсон. Би анхнаасаа энэ талаар ярьж байсан. Хүний хашаанд нас барсан хүний цогцсыг аваачиж тавих ажлыг ил хийж байгаа хүмүүс далд үүнээс долоон дор юм хийсэн байх магадлалтай. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Би сайд болоод нэг хүнийг халсан. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа” гэсэн юм.

Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс тодруулга авсанаа хүргэж байна.

-СОНСООД БИ МАШ ИХ БАЯРЛАЛАА. “ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭ” ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ-

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа

.-Өчигдөр Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийхдээ “Зоригийн хэргээр шийтгэгдэн ял авсан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. 1937 оны үеийн эрүү шүүлт хэрэглэсэн байна лээ. Би очиж уулзаад эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Хэвтүүлж байгаад гаргана” гэсэн мэдээлэл хийлээ. Та энэхүү мэдээллийг нь сонссон уу?

-Тэглээ. Сонссон. Энэ мэдээллийг сонсоод би маш их баярлалаа. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үг байдаг даа. Энэ л үнэн юм байна. Үнэхээр их баярлаж байна. Хууль зүй, дотоод хэргийг сайд өөрөө хуулийнхаа хүрээнд энэ хэргийг нэг сайхан шийдэх талаас нь болгож дээ гэж бодож байна.

Нийтдээ гурван жил найман сар боллоо шүү дээ. Анх энэ хэрэгт хэлмэгдээд шоронд ороход нь би учираа олохгүй гүйж байна. Энэ улсууд маань ч бас төөрөгдөлд орчихоод байж байсан байх. Ямар ч байсан үнэн учир нь олддог юм байна. Ц.Нямдорж сайд их сайхан ярилцлага өглөө. Миний сэтгэл санаа маш сайхан онгойлоо.

-Та анхнаасаа хэрэгт ямар ч холбоогүй хүнийг гүтгэсэн гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр сайд өөрөө хэлмэгдсэн байна гэж хэллээ шүү дээ?

-Тийм. Их сайхан байна. Эмээ нь хагартлаа баярлаж байна. Хүүг минь эмнэлэгт хэвтүүлж тордож байгаа гэнэ. Мөн сэтгэл санааны асуудлаар нь дэмжиж байгаа л юм байна. Их сайхан байна. Сайддаа их баярлаж байна. Мөн Ж.Батзандан, Л.Болд нартаа бас баярлалаа. Сайхан залуучууд их байна.

-Эхнэр хүүхдүүд нь их баярлаж байгаа байх даа?

-Эхнэр нь бөөн баяр болж байна. Хүүхдүүд нь өвчтэй зовлонтой янз бүр л болоод байж байгаа юм.

-Сүүлд Ц.Амгаланбаатар гүтгэсэн гэдгээ хүлээж Ц.Нямдорж сайд руу захидал илгээсан байсан?

-Тэгсэн байна лээ. Эхнэр нь хүүхдүүд нь эргэлтээр очоод манай хүү хүүхдүүдтэйгээ эрхлэлдэж байхыг нь Ц.Амгаланбаатар сонсоод “Би юу хийчих вэ? Яагаад ийм юм хийв ээ?” гэсэн юм байна лээ. Мөн “Танай хүүхдүүдийн дууг сонсоод би их гутарлаа” гэж хэлсэн гэж манай хүү надад хэлсэн.

-Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж эхэлснээс хойш та хүүтэйгээ уулзсан уу?

-Уулзаагүй. Нэг удаа уулзахаар очиход прокурорын байгууллагаас шалгалт хийж байна гээд оруулаагүй. Өнгөрсөн оны арван сарын 24-нөөс хойш уулзаагүй байгаа.

-Хамгийн сүүлд хүүтэйгээ уулзахаар очиход тань таньд юу гэж хэлж байв?

-“ШШГЕГ-ын харъяа 409-р хорих ангид ирээд овоо дээр байна. Өмнөх чанга дэглэмтэй хорих ангид байхдаа байнга бөгтийж явдаг байсан” гэж байна лээ. “Одоо энд босоогоороо явж байна” гэж байсан. Бас хааяа нэг тамхи татахдаа гадаа гарч байгаа болохоор арай дээр байна гэсэн.

-Суллагдаад гараад ирэхээр нь яах бодолтой байна вэ?

-Анхнаасаа би хүүгээ амьд л гараад ирэх юм боллоо гэж хэлж байсан. Хүмүүс хохирол төлүүлж авдаг шүү гэж хэлж байсан юм. Тийм юмыг би мэдэхгүй юм даа. Ямар ч байсан амьд, эрүүл мэнд гарч ирээсэй л гэсэн ганц л бодолтой байна.

-Ц.АМГАЛАНБААТАРЫН ЗАХИАГ ЭГЧ ХАРААД “ӨӨРИЙНХ НЬ БИЧИГ ЯГ МӨН БАЙНА” ГЭЖ ХЭЛСЭН-

-Суллагдах асуудлаар танай гэр бүлтэй холбогдож албан ёсоор хэлсэн зүйл байгаа юу?

-Байхгүй. Эд нар одоо бүх хийсэн муухай зүйлээ яах вэ? гэж бодож байгаа биз. Хүн гүтгээд өчнөөн жил хорьж, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан болохоороо бодож байгаа байх. Айж ичиж байгаа биз.

-Хүү тань бас шоронгоос захидал бичсэн байдаг шүү дээ?

-Тийм. Бүүр хэвлэл мэдээллээр манай хүүгийн бичсэн захидал нийтлэгдсэн. Миний хүү он сартай, хүн бүрийн хэлсэн үгийг нь тодорхой бичсэн байсан. “Намайг дагуулж яваад С.Зоригийн байрыг зааж өгсөн” гэх мэтчилэн олон зүйл бичсэн юм. Ц.Амгаланбаатарын захиа өчигдөр телевизээр гарсан. Гарсаных нь дараа Ц.Амгаланбаатарын эгч над руу залгасан. Тэрээр “Та энэ захиаг уншсан уу?” гэж асуусан юм. Би “Харсан” гэж хэлсэн чинь эгч нь “Ц.Амгаланбаатарын өөрийнх нь бичиг мөн байна шүү эгчээ” гэж хэлж байна лээ.

-ЭНЭ ХЭРГИЙГ АНХНААСАА ХУДЛАА ГЭДГИЙГ Ц.НЯМДОРЖ ГУАЙ ХЭЛЖ БАЙСАН-

Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат хэлэхдээ:

-Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Баярлаж байна. Ер нь бол энэ чинь худлаа хэрэг гэдгийг анхнаас нь ярьж хэлж явсан хүн чинь Ц.Нямдорж гуай өөрөө шүү дээ. Ер нь бол олон хүнд багагүй чичлүүлсэн дээ. Ц.Нямдорж гуай аргагүй л шудрага хуульч хүн юм. Анхнаасаа харахад “Наад хэрэг чинь худлаа байна” гэж байсан. Одоо үнэн нь илчлэгдэж байх шиг байна. Ах бол үнэхээр баяртай байна.

-Одоо эмнэлэгт хэвтүүлж байгаа удахгүй сулална гэж байна?

-Эмнэлэгт хэвтүүлсэн байна. Би сая өмгөөлөгчтэйгөө ярьлаа. Тэгсэн ШШГЕГ-ын харъяа 401-т гээд эмнэлэгт хэвтүүлсэн гэж байна.

-80 ГАРСАН ХӨГШИН ХӨДӨӨ БӨӨН БАЯР БОЛЖ БАЙНА-

-Хамгийн сүүлд та дүүтэйгээ хэзээ уулзсан бэ?

-Хоёр сарын эхээр уулзсан. Ар гэрийг нь сард нэг удаа уулзуулдаг юм. Тэгээд гэр бүлийнх нь хүмүүсийг сард нэг удаа хоногоор уулзуулдаг. Би бол сард нэг удаа уулздаг уулзалтаараа очсон. Өөрийнх нь бие тун тааруу шүү дээ. Өвдөхгүй юм байхгүй. Би дүүгийнхээ сэтгэл санааг тайван байлгах үүднээс “Ах нь энэ хэргийг хөөцөлдөж байгаа. Их нааштай байгаа шүү” гэж хэлсэн. Анх 2015-2016 онд хэцүү үед “Ах аа би энэ хэргийг үйлдээгүй шүү дээ. Би таныг дагаад хорихоос гараад явчихмаар байна гэж уйлдаг байсан. Сүүлдээ тэр газраа бага зэрэг дассан уу, эсвэл хэрэг нааштайгаар шийдэгдэж байгаа гэдгийг дуулсан уу сэтгэл санаа арай тайван болсон байсан шүү. Ер нь “Би Хүрлээ ах аа гарна аа л гэдэг байсан. Тэгэхээр нь би дүүдээ “Тэгэлгүй яахав миний дүү. Ямар хийсэн хэрэг байгаа биш, одоо хамгийн гол нь биеэ сайн бодоорой, янз бүрийн хүмүүстэй битгий харьцаарай гэж захидаг байсан л даа.

-Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонсоод гэр бүлээрээ баярлаж суугаа байх. Тиймуу?

-Үнэхээр их баяртай байна. Манай ээж 80 гарч буй хөгшин Дорноговь аймагт байдаг юм. Ээж минь сонсоод бөөн баяр. Сонсгосон хүүхдээсээ дахин дахин юу гэсэн гэнэ ээ гээд л асуугаад байгаа сурагтай. Бид нар инээлдээд байж байна. Тэнд хөшин хүн их баярлаж байгаа сурагтай байна. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүж байсан нь тодорхой болчихлоо. Хуулийнхаа дагуу журмаараа шүүхээр ороод явах байх даа. Энэ хэрэг бол шүүх, тагнуулынхны л хийсэн ажил. Хүн бүр мэдэж байгаа. 2015-2016 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар аймар кино шиг зүйлүүд гаргаж байлаа даа. Тэр нь яг хаана ч зохиогдсон юм. Үндсэндээ тэр бол цэвэр шантааж шүү дээ. Аймар мэдээлэл гарах тоолонд бүгдээрээ даралт нь ихэсээд үхэх дөхөөд л суудаг байлаа. Ийм аймар хэргийн ард гарсан даа баяртай байна.

-“1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨГӨӨГҮЙ” ХЭМЭЭН ХОРИХ АНГИАС ЗАХИДАЛ БИЧЖЭЭ-

Ялтан Ц.Амгаланбаатар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэдгээ хүлээж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж шоронгоос захидал илгээж байв. Ц.Амгаланбаатар нь бүх насаараа хорих ял хүлээсэн ялтан байхдаа тэдэнтэй хамт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг.

Хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь сийрүүлбэл:

-Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998 оны 10 сарын 2 ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Э.Бат-Үүл, Ганхуяг, Б.Булган гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд гэр бүлээрээ шатаж нас барсан Отгобаатарыг Б.Содномдаржаа бид хоёр шатааж алаагүй билээ. Тэр үед би Эрдэнэт хотод байгаагүй. Мөн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 16 насанд хүрч байсан. Би тэр үед хүн алах нь байтугай их аймхай хүүхэд байсан юм. Би Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Иймд та С.Зоригийн хэрэгт болон Отгонбаатарыг гэр бүлийн хамтаар шатааж алсан гэх хэрэгт холбогдон хэлмэгдэж байгаа хүмүүст хуулийн дагуу үнэн, зөв, шударгаар шийдүүлж, гэмгүй хүмүүст тусална уу гэжээ.

Эх сурвалж: MEDEE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.