Капитал банкийг Төрийн банктай нэгтгэх үү

Капитал банкийг Төрийн банктай нэгтгэх үү

7 сарын өмнө

КАПИТАЛ БАНК ДӨРВӨН САЛБАРАА ТАТАН БУУЛГАСАН

Капитал банкийг Төрийн банктай нэгтгэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалж өгөв. 2018 оны сүүлийн саруудаас эхлэн Капитал банкийг дампуурах нь гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлсэн.

Харин тус банкнаас уг мэдээллийг эрс үгүйсгэв. Гэхдээ 2019 он гараад тус банк тэтгэвэр, тэтгэмж болон халамжийн мөнгө олгох ажлаа зогсоогоод байгаа. Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээ дуусгавар болсонтой холбоотой гэх.

Гэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан гэрээгээ сунгаагүй нь анхаарал татаж буй. Энэ хэрээр тус банкны үйл ажиллагаа хумигдаж 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбараа буюу хотын захын дүүргүүдэд байрлаж халамж, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө олгодог салбаруудаа татан буулгасан байдаг.

Чухам ямар шалтгаанаар салбаруудаа татан буулгасан талаар тус банкны мэргэжилтэн “Банкны дотоод зохион байгуулалттай холбоотой. Манай банк 2019 оны үйл ажиллагаагаа төлөвлөөд хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна ” гэх мэдээллийг өгсөн билээ.

Энэ бүхний дараа тус банкийг нэгтгэх тухай мэдээлэл яригдаж эхэлсэн нь анхаарал татаж буй.Банкуудыг нэгтгэх шийдвэрийг Монгол банкнаас гаргадаг.

Энэ дагуу Монгол банкнаас уг асуудлыг тодруулахад “Капитал банк төрийн сангуудын мөнгийг Төрийн банк руу шилжүүлснийг нэгдчихлээ гэж ойлгож магадгүй. Банкуудыг нэгтгэх тухай манайд яригдаагүй байна. Монгол банкнаас тухайн банкны актив, санхүүгийн тайланг хянаж үзээд хэрэглэгчийн эрх ашгийг хангаж чадахгүй байвал бусад банктай нэгтгэх шийдвэрийг гаргадаг. Одоогоор хяналт, шалгалтыг явуулаагүй байна” гэсэн юм.

Харин Төрийн банк дэх эх сурвалж “Ажилчид энэ талаар мэдээлэлгүй байна” гэх мэдээллийг хэлсэн юм.

Капитал банкны хувьд Монголын анхны арилжааны банкуудын нэг. Үйл ажиллагаа нь олон жил тогтвортой явж ирсэн. Гэхдээ өнгөрсөн онд тус банкны үүсгэн байгуулагч Б.Ундармаа "Капитал" банкаараа дамжуулан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн 7.6 тэрбум мөн татвар төлөгчдийн 300 гаруй тэрбум төгрөгийг авсан ч буцааж хугацаандаа өгдөггүй, хүү, алдангийг ном журмын дагуу тооцож, төлж байгаа эсэх нь тодорхойгүй өдий хүрсэн гэх мэдээллийг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.

Мөн тус банкийг актив хөрөнгийн хувьд эрсдэлтэй байгаа гэх яриа ч бий. Гэхдээ эхлээд банкийг дампуурсан мэтээр зарлаж, бусад банктай нэгтгэх нэрээр худалдан авдаг зарим улс төрчдийн арга, төлөвлөгөө ч байж болзошгүй гэх хардлага олны дунд байна.

Эх сурвалж: MEDEE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.