СУРВАЛЖЛАГА: Дөрөвхөн настай хүүг хойд эцэг нь сэхээнд ортол зодсон шалтгаан юу байв

СУРВАЛЖЛАГА: Дөрөвхөн настай хүүг хойд эцэг нь сэхээнд ортол зодсон шалтгаан юу байв

1 сарын өмнө

-ОРОНДОО ШЭЭЛЭЭ ГЭХ ШАЛТГААНААР МОДООР ЗОДСОН ГЭВ-

Гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юуг хэлээд байгааг эцэг эхчүүд төдийлөн мэдэхгүй байх шиг. Манай улсад хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх гэх нэрээр далд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид байсаар байна. Бага насны хүүхдийг өөрийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан уур бухимдлаа гаргах, хүсээгүй зүйлийг нь хүч хэрэглэн хийлгэх, бэлгийн дур хүслээ хангах, эрүүдэх аргаар сурган хүмүүжүүлэгчид нийгэмд эргээд гэмт хэрэгтэн бий болгосоор.

Гадны улс орнуудад нийтийн гудамж талбайн эд хэрэглэлийг эвдсэн иргэн хүртэл торгуулж, хуулийн өмнө хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад өөрийн болон өрөөлийн бяцхан үрсийг эрэмдэглэн орхих хэрэгтнүүд бидний дунд алхсаар байна.

Нийгмийн аливаа буруу шийдвэр, үйлдлийн үр дүнг бяцхан үрс минь сэтгэл санаа, биеээрээ туулан амьдарч байна.

image

Биднийг сурвалжлага бэлтгэхээр ГССҮТ-ийг зорин очиход сандран гүйлдэх эмч нар дөрөвхөн настай бяцхан хүүг хойд эцэг нь гурав хоногийн турш зодсоноос биеийн байдал муудаж хэвтэн эмчлүүлж байгаа талаар ярилцаж байхтай таарав. Учир явдлыг лавлавал, гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д дөрвөн настай хүү хойд эцэгтээ зодуулсан гэх өгүүлэмжтэйгээр ирсэн аж. Эмч нарын хэлж буйгаар зодуулсан хүүгийн биеийн байдал маш муу, найдвар тун бага гэх харамсалтай мэдээллийг бидэнд хэлэв.

Хүүгийн дотор эрхтэнүүд ажиллагаагүй болж хоол идэж чадахгүй, уруул нь омголтож хатаад нүд хальтрам болсон тухай эмч нар хэлж байлаа.

Дээрх мэдээллийн дагуу хүүгийн хэвтэж байгаа тасгийг сураглан явах замд тэргэн дээр суугаад Эхоны өрөө рүү орохоор дугаарлах бяцхан хүүг сувилагч онцгой анхааран “Энхтөгөлдөр өө хаана нь өвдөж байна, дуугарч чадах уу, ам нь цангаж байна уу” гэх зэргээр асуух нь содон. Энхтөгөлдөр хүү хоёр сувилагч, ээжийнхээ хамтаар нарийн шинжилгээ хийлгэхээр зогсож байсан нь энэ.

Өчигдөр /2019.03.18/ хүү амьдрахын төлөө тэмцэж, биедээ баймгүй хүч гарган хүнд хагалгаанд орлоо. Биеийн байдал нь дээрдэх эсэх, ямар байгаа талаар хэлж мэдэхгүй байна гэж ээж нь бидэнд учирлав. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийггүй, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн. Гэвч...

-ХӨЛ НЬ ОЛОН ГАЗАР ХӨХӨРСӨН, ЗӨӨЛӨН ЭДИЙН ГЭМТЭЛТЭЙ, ЭЛЭГ, ДЭЛҮҮ НЬ НЯЦРАЛТАЙ, ШОКОНД ОРСОН ГЭВ-

Хүүгийн ээж Ч.О: /Ярилцагчийн хүсэлтээр нэр, зургийг нууцлав/

image

-Таны хүүг хэн, яагаад ингэж их зодож гэмтээсэн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Гуравдугаар сарын 10-нд би Дархан-Уул аймаг руу бага хүүхдээ аваад, хоёр хүүхдээ нөхөр дээрээ үлдээгээд гурав хоночихоод ирсэн. Миний хүү намайг явахаас өмнө бөөлжөөд эмнэлгээр яваад, бага зэрэг сульдаатай гэж байсан. Миний хажууд уг нь зодож байгаагүй. Ганц хоёр удаа ширүүн үг л хэлдэг байсан. Гэтэл намайг хөдөө явсаны хойгуур зодсон байсан.

Намайг хөдөө явсаны маргааш нь манай аав гэрт очиход хоёр хүүхдээ аваад гадуур явж байна гээд оруулахгүй байсан гэсэн. Би гэр лүүгээ харимаар санагдаад болж өгдөггүй. Гуравдугаар сарын 13-ны өдөр гэртээ иртэл хаалгаа түгжчихсэн, хаалгаа тогшихоор тайлж өгөхгүй байсан. Утсаар залгаад авахгүй байхаар нь олон удаа залгаж байж хаалгаа тайлуулсан. Намайг гэртээ ороход манай нөхөр орон дээрээ хэвтэж байсан.

Хүүгээ харсан чинь нүүр бие нь тэр чигтээ хөх эрээн болчихсон байхаар нь би уурлаад “Чи хүүхэд зодсон байна. Муу яргачин гээд уурласан. Тэгээд хүүхдээ авах гээд гарнаас нь татсан. Миний хүү “гар өвдөөд байна” гээд байхаар нь харсан тохой хэсгээрээ хавдчихсан байсан.

-Тэгээд та нөхрөөсөө юу болсон талаар асуусан уу?

-Тэгсэн. Намайг асуухаар тэр хүн “Би гар руу нь цохиогүй. Орноос уначихсан гээд худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь би “ингэж орноос унана гэж юу байхав” гээд шууд ГССҮТ рүү хүүгээ аваад явсан. Би гэрээс гарахдаа гурван хүүхдээ гурвууланг нь дагуулаад гарсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд гарны тохой хэсгээрээ хугаралтай. Хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй. Мөн хэвлийн эход харуулахад дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцралттай гэж байна. Одоо миний хүү шоконд орсон байдалтай байна.

image

-МОДОН ХУСУУР ЦУУРТАЛ ЦОХИСОН БАЙНА ЛЭЭ-

-Нүүрэн хэсэгтээ маш их зодуурын шархтай байна шүү дээ?

-Харин тийм. Хөдөө явсан хойгуур миний хүүг арай дэндүү зодсон байна. Гурван хүүхдийн маань хамгийн цовоо сэргэлэн нь шүү дээ. Маш их хөдөлгөөнтэй. /уйлав сурв/

-Таньтай хамтарч амьдраад хэр удаж байна вэ. Өмнө нь хүүхдүүд чинь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байв уу?

-Бид хоёр хамтарч амьдраад хоёр жил болж байна. Би энэ хүнтэй хоёр хүүхэдтэй нийлсэн. Бид хоёрын дундаас нэг хүүхэд гарч тэр маань одоо есөн сартай болсон. Уг нь бол ганц хоёр цохих үе байдаг л байсан. Гэхдээ ширүүн цохиж байгаагүй юм.

-Ингэж хэвтэрт ортол нь зодох болсон шалтгаан юу байв?

-Шалтгаан нь зөвхөн оронд шээлээ гэж ингэж айхтар болтол нь зодсон байгаа юм. Миний хүү орондоо үе үе шээгээд байдаг юм л даа. Тэр хүн “загинахаар шээхээ больчихдог юм” гээд байгаа юм. Шээхийг нь болиулах гэж байгаа нэртэй зодсон байгаа юм. Миний хүү эрхлэх ч боломжгүй байдаг. Би дүүтэй нь зууралдах зуур өөрийгөө аваад л байж байдаг хүүхэд. Хөдөө 2-3 хонох хооронд л гэнэт ийм болчихсон байж байсан.

image

-Дотор гэмтэл хэр байгаа юм бэ?

-Эмч нар дотор эрхтэн нилээн гэмтсэн гэж байна.

-Өөрөө зодоогүй гэж хэлээд байгаа юу?

-Үгүй. Зодохын хувьд бол зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна лээ. Юугаар зодсоноо надад харуулсан. Хоол хуурдаг модон хусуураар зодсон байна лээ. Биеээр нь дүүрэн хөхөрсөн шарх соривтой болсон. Тэр модон хусуураа цууртал нь хүүг минь зодсон байгаа юм.

Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон дээрх хэргийг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image
image
image

Эх сурвалж: MEDEE.MN

1 сэтгэгдэл

  1. Ямар аймаар юмб дээ арай ч дээ хурдан эдгээсэй ер нь манай улс цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна аа нялх амьтныг чаж ингэж чадаваа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.