Ипотекийн зээлийн сүүдэр...

Ипотекийн зээлийн сүүдэр…

7 сарын өмнө

Иргэдээ орон сууцжуулж, амьдралын нөхцөл орчныг сайжруулах нь ямар ч орны хувьд анхаарлын төвд байх асуудал гэдэг нь мэдээж. Гэвч манайд арай хурдтай хэрэгжиж, барилгын салбараа банктайгаа хамт татаад унагачих нь уу гэсэн түгшүүр төрж эхлэв. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар элгээрээ мөлхөх шахаж байгаа нь ч нарийндаа ипотекийн зээлтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, наанаа айл өрхүүд амьдралын орчин нөхцлөө сайжруулж байгаа сайн сайхан зүйл мэт боловч цаанаа олон хүндрэлтэй асуудлыг далдалж байна.    

Компаниудыг чадваргүй болгожээ

Ипотек эхэлж байх тэр үед хотын дарга байсан Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн явцтай танилцаж байхдаа “Японд наймхан га газрын чөлөөлөх гэж 16 жил болсон” хэмээгээд харин манайд шуурхай байгаа гэж бахархалтайгаар ярьж билээ. Тэр үед ч яах вэ, байдал үнэхээр тийм л байв. Гэвч одоо харахад өөр. Барилгын салбарыг хэтэрхий дэмжиж, орон сууцжуулах гэж хэтэрхий яарснаас хаанаас ч хамаагүй зээл авч үйл ажиллагаа явуулдаг, ардаа ямар ч баталгаагүй компаниудыг борооны дараах мөөг шиг олшруулчихаж. Худалдагч эхлээд бараагаа өгөөд дараа нь мөнгөө авдаг бол барилгын компаниуд эхлээд мөнгөө авч дараа нь бараагаа өгдөг урвуу тогтолцоо бүрдсэн. Энэ бол орон сууцны эрэлт ихтэй байдлыг дагаж гарч ирсэн гаж үзэгдэл байв. Залилан, луйвар ч хүчээ авсан. Энэ байдлыг цэгцлэхээр төрөөс дэмжлэг үзүүлээд эхэлтэл компаниуд эрэлтээ хангахаар улайрч, эрсдэлийг таг мартав. “Атрын гуравдугаар аян” эхэлсний дараа газар тариалангийн компаниуд дотоодын хэрэгцээгээ хурдхан шиг бие дааж хангадаг болох гэж яарч, нөөц бүрдүүлэхээ мартан жил бүр тариалалтынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлж байсан. Хамаг ургацаа дараа жил нь буцаагаад булж байсны уршгаар хэдэн жилийн өмнө бүх 80 хувийг нь алдаж баларсан. Барилгын салбар ч үүнээс ялгаагүй. Зах зээл дээр байсан их эрэлтээ хангах гэж зээлээр ч хамаагүй мөнгө олон барилга шомбойлгохоо бодохоос эдийн засаг хүндэрнэ, иргэдийн худалдан авах чадвар буурна гэж тооцоолсонгүй.

Банкуудын эрсдэл нэмэгдэнэ

Ипотекийн зээл бол эргэн төлөлт хамгийн сайтай зээл гэдэг нь амьдрал дээр нотлогдсон зүйл. Тиймээс банкны хувьд ашигтай бүтээгдэхүүнд гэж тооцогддог. Гэвч өмнөх бодлогын харгайгаар эргээд банкиндаа эрсдэл дуудах маг,адлал байна. Одоо зах зээл дээр борлогдохгүй байгаа байруудын ихэнх нь банкны зээлээр баригдсан. Гэтэл барилга зарагдсангүй гээд зээлийн хүү зогсохгүй нь мэдээж. Төвийн зургаан дүүрэгт 200 гаруй мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа ч орон сууц худалдаж авах чадвартай нь цөөн байсан юмсанж. Банкууд барилгын компаниудаас мөнгөө олж авахын тулд урьдчилгааг 25-аас доош болгохыг зөвшөөрөхөөс өөр аргагүй ацан шалаанд орчихоод байна. Хэрвээ урьдчилгааг 25 хувиас доошлуулбал эрсдэлтэй ангилалд багтах олон хүнд зээл өгөх болно. МИК эргээд худалдаж авахдаа чанаргүй зээлүүдийг банкинд нь үлдээгээд эхэлбэл банкны хувьд, барилгын компаниудаас ч дор зээлдэгчидтэй хоцорно гэсэн үг. 10 хувьд хамрагдсан иргэд бүгд 100 хувь зээлээ асуудалгүй төлөөд явна гэвэл түүн шиг худал юм байхгүй.  

Ипотекийн зээлийн сүүдэр...

ЖДҮ-г хөлдөө чирж байна

Эдийн засаг хүндхэн байна. Өнгөн дээрээ бүтээн байгуулалт хийгдэж, эрх баригчид аж үйлдвэрийн том, том цогцолборын сураг дуулгаж байгаа ч одоо байгаа жижиг, дунд хэд нь ээлж дараалан хаалгаа барьж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хүнд байдалд ороход инфляци, иргэдийн орлого зэрэг хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн ч ипотекийн зээл илүү жин дарсан гэж үзэх үндэслэл байна.  

Засгийн газар иргэдийг орон сууцжуулах зорилготой “Буянт-Ухаа хороолол”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” зэрэг төсөл, хөтөлбөрийг санаачлан, худалдан авагчдыг жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг 2012 оноос нээсэн. Барилгын салбарын сэргэн мандлын үе энэ цагаас эхэлж, жилд дунджаар 15-25 мянган барилга ашиглалтад орж байлаа. Өдгөө 70 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан гэсэн тойм тоог улстөрчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, 70 гаруй мянган өрх айл сар бүр 500-2 000 000 төгрөгийг ипотекийн зээлийнхээ эргэн төлөлтөд зарцуулж байна гэсэн үг юм. Иргэд орлогынхоо 45 хүртэлх хувийг зээлийн эргэн төлөлтөд тушааж байна.

Тэдгээр айл өрх бараг бүгд хэрэглээнээсээ хасахаас өөр аргагүй байдалд орсон хүмүүс байгаа юм. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл н.Гантөмөр, н.Бат-Энх, Д.Оюунгэрэл нараас“Эргэн төлөлтөө хэрхэн зохицуулж байгааг асуухад бүгд “Илүү зардлаа хассан” гэж хариулсан юм. Идэж уух, өмсөх зүүхээ хямгадаж, гадуур хооллохоо больсон гэх нь ч байв. Эндээс харахад иргэд жижиг дунд үйлдвэрлэгчдийг тэтгэдэг байсан мөнгөө ипотекийн зээлээ төлөхөд зарцуулж байгаа нь тодорхой байна.

Банкууд зөвхөн 2018 онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Зээлтэй иргэд энэ мөнгөө хоёр дахин өсгөж төлнө гэдгийг бодолцвол 600 тэрбум төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө жижиг дунд үйлдвэрлэгчдээс “зугтжээ”.

Эх сурвалж: EAGLE.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.