Н.Алтанхуягт АН-ын удирдлага : "Нэг тойрог л авбал ав" гэжээ

Н.Алтанхуягт АН-ын удирдлага : “Нэг тойрог л авбал ав” гэжээ

1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж, "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ.Энэ үеэрээ тэрээр : "Монголын нийгэм цаашдаа ямар байх вэ гэдэг дээр гарц шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цаг болжээ . Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байна. Баяжих, хөлжих хүсэлтнүүдийн хөлд Монгол Улс туйлдаж жирийн иргэд хохирч Монголд амьдрах улам хэцүү боллоо. Одоо үүний эсрэг нэгдэх цаг болсон. Үүний тулд хамтдаа хийх зарим ажлыг зарлах гэж байна. Үүнд монголчууд сэтгэл санаа, хүч чадлаа нэгтгэн хийх гурван ажил бий.Нэгдүгээрт, шударга ёсыг сэргээн тогтоох ,хоёрдугаарт, байгалийн баялгийг ард нийтийх болгох, чинээлэг дундаж давхаргыг дэмжиж босгох юм.Шударга ёсыг сэргээн тогтоохын цаана таван жилийг бий болгох хэрэгтэй.Нэгдүгээрт, улс төрд бий болсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарт халдварлаж байна. Тиймээс энэ хонгилыг эвдэж нураана.Хоёрдугаарт, иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж байгаа энэ УИХ тараахаас энэ шинэчлэлийг эхэлнэ.Гуравдугаарт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээдэг болгоно. Иргэдэд халтай, эрх мэдэлтнүүдэд ээлтэй хууль журмуудыг нэн даруй хүчингүй болгох шаардлагатай. Хувь хүн засагладаг биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе.Дөрөвдүгээрт, намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрд шударга байдал бий болно. Тавдугаарт, сонгуулийг жижиг тойрогт явуулж, мөнгө тараадгийг болиулах нь зөв. Мөнгө тарааж санал татахыг төрийн эсрэг гэмт хэрэгт тооцдог болох хэрэгтэй......Чинээлэг дунд давхаргыг бий болгох цаг аль хэдийнэ болсон. Монголчууд алийн болгон цөөхөн нь баяжиж, олонх нь ядуурсан нийгэмд амьдрах юм бэ. Тиймээс чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжих ажлыг хийе. Нэгдүгээрт, шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязаарлаж, цалин орлогыг нэмэгдүүлнэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжие. Том аж ахуйн нэгжүүд шиг нүсэр тайлан тооцоо гаргахыг шаардах шаардлагагүй. Энэ бүхнийг хамтдаа хийж шударга бусын хонгилыг нураах "Нэгдмэл Монгол" хөдөлгөөнийг байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн чинь сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна" хэмээсэн юм.Мөн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа:"Би АН-ын гишүүн хэвээрээ. Гэхдээ намдаа сэтгэл дундуур байгаа. Нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн гарц шийдлийг олоход АН оройлон дуугарч байх ёстой. Өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. " гэсэн. Монгол Улсын Ерөнхий Сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг АН-ын өнөөгийн удирдлагаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших 20 орчим квот өгөхийг хүсэх, нэхэх хослуулан өгүүлж буй, хэрэв энэ тохиролцоо нэгэнт амжилтанд хүрэхгүй бол "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн нам болохыг ч үгүйсгэхгүй гэх буюу нэг ёсондоо Н.Алтанхуяг АН-ын удирдлагуудыг "шантаажилж" буй тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэвч түүний энэ үйлдэл амжилтанд хүрээгүй бөгөөд АН-ын өнөөгийн удирдлага Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягийн хүсэлтийг үл тоон, АН-ын Үндэсний Бодлогын Хороонд зохих журмынх нь дагуу өрсөлд, тэгээд ялж чадвал танд УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших боломж нээгдэнэ гэжээ.Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягт АН-ын удирдлага : "Нэг тойрог л авбал ав" гэсэн бололтой. Энэ үл тоомсорлолыг тэвчиж чадаагүй Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаад АН-ын өнөөгийн удирдлагатай "байлдахаар" шийджээ. Иймээс ч өнгөрсөн Баасан гарагт буюу 3 сарын 15-нд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ.Өргөдлөө өгснийхөө дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийн, "Би Ерөнхийлөгчтэй жил найман сар хамтарч ажиллалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувиар надад цааш нь ярих, хийх олон ажил байна. Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний ярьсан юм нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад, Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг ингээд хэлчих гээд хэлүүлсэн мэтээр мушгиж гуйвуулаад байх юм.  Шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө хувь хүнийхээ хувиар бодсон зүйлээ чөлөөтэй хийе гэж бодож зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.  Өөр нэг ноцтой зүйл нь сүүлийн үед манай намын гишүүд над руу хандаж байна. “Та амиа бодоод яваад байна. Таны яриад байгаа шударга бус гэдэг зүйл чинь манай намд нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын хамсаатнууд АН-ын удирдлагад гараад ирлээ” гэх болсон.Ардчиллын төлөө явсан хэдэн мянган гишүүний сэтгэл зүтгэлийг МАНАН-гийн тоглоом болгоод орхиж болохгүй юм байна. Би хариуцлагаа ухамсарлаж байна. Би Нэгдмэл монгол хөдөлгөөнөөрөө хийх гурван ажлаа тодорхойлсон. Нэгдүгээрт, шударга бусын хонгилыг нураана. Хоёрдугаарт, газрын баялгийг ард түмнийх болгоно, гуравдугаарт, дундаж давхаргыг сэргээж босгохыг зорьж байгаа" гэсэн юм.Н.Алтанхуяг эхний ээлжинд Монгол улсаа тойрон АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзан, АН-ын дарга С.Эрдэнийг огцруулахаар тэмцэх бөгөөд оны сүүл гэхэд энэ тэмцэл нь амжилтанд хүрэхгүй бол "Нэгдмэл Монгол" намаа албан ёсоор байгуулах гэнэ.Хэрэв "Нэгдмэл Монгол" нам УИХ-ын 2020 оны сонгуульд зөв зохион байгуулалттай оролцож чадвал АН-ын сонгуульд авах саналыг их хэмжээгээр хуваах магадлал өндөр юм

П.Энхмандах

Эх сурвалж: SONIN.MN

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.