Монгол цэрэг шилдэг нь...

Монгол цэрэг шилдэг нь…

8 сарын өмнө

Энэ удаагийн “Зочин”-ы хойморт ОХУ-ын “Сибирийн дайчдын нөхөрлөл” ТББ-ын тэргүүн Кондауров Олег Анатольевичийг хүндэтгэн урьж ярилцлаа.Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Би Красноярск хязгаарт төрсөн. 1983 онд Эрхүү мужийн Сверк хотноо Ерөнхий боловсролын дунд сургуулийг дүүргэсэн. Дараа нь техникумд суралцаж байгаад 1985 оноос ЗХУ-ын Өмнөд цэргийн тойрогт хугацаат цэргийн алба хаасан. 1987-1991 онд Хабаровск хотод Дотоод хэргийн яамны дээд сургуульд суралцаж, төгссөн бөгөөд суралцах хугацаандаа Уулын Карбахт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. 1991 оноос хууль сахиулах болон цэргийн байгууллагад ажиллаж байгаад 2004 онд тэтгэвэрт гарсан, бэлтгэл дэд хурандаа цолтой. Холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу? -Манай холбоо нь “Сибирийн дайчдын нөхөрлөл” төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь ОХУ-ын болон бусад улсын Зэвсэгт хүчний Ахмадын байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах, ахмад дайчид, цэргийн алба хаагчид, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг зохион байгуулж, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Түүний зэрэгцээ дайн, зэвсэгт мөргөлдөөнд амь үрэгдсэн дайчдын ар гэрийнхэнтэй уулзаж хүндэтгэл үзүүлэх, дурсгалыг нь мөнхжүүлэх, шархадсан болон бэртсэн цэргийн алба хаагчдад эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн дайн, зэвсэгт мөргөлдөөнд амь үрэгдсэн дайчдын хөшөө, дурсгалт газруудыг хамгаалалтад авах, сэргээн засварлах, түүхт ой, тэмдэглэлт өдрүүдээр цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх, ахмад дайчдыг өргөнөөр хамруулан иргэд, цэргийн алба хаагчдын дунд уулзалт, үдэшлэг хийх, тэдний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх зэргээр ёслол, хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулдаг юм. Түүнээс гадна дайн, зэвсэгт мөргөлдөөний талбарт эрэл хайгуул хийх, сураггүй алга болсон дайчдыг эрэн сурвалжлах, тодруулах, алдрыг нь мөнхжүүлэх ажлыг ч хэрэгжүүлж байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ? -Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд манай холбооны үйл ажиллагааг бодитоор дэмждэг. Бид 2005 оноос эхлэн жил бүр Зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагуудын ахмад дайчдын чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэхүү уулзалтыг ОХУ-ын Санкт-Петербург, Хабаровск, Брест, Свестополь, Волгоград зэрэг олон хотод амжилттай зохион байгуулсанд ахмад дайчид маань сэтгэл өндөр байгаагийн дээр жил бүр оролцогсдын тоо нэмэгдэж байгаа. Энэхүү чуулга уулзалтад жилд дунджаар 100-120 ахмад дайчин оролцож байна. Манай холбооны үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, мужийн амбан захирагч, хотуудын дарга нар ихээхэн дэмжлэг үзүүлж, олон арван дайчныг төрийн дээд одон, медалиар шагнасан юм. Бид энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулснаар олон улсын чанартай болсныг илтгэн харууллаа. Манай улсад зохион байгуулсан чуулга уулзалтын тухайд ...? -Уламжлалт ахмад дайчдын чуулга уулзалтыг 2018 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Эх орны дайчид” ТББ-тай хамтран зохион байгуулсан. Уг уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх цэргийн атташе ихээхэн дэмжлэг үзүүлсэнд баярлаж, талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн чуулга уулзалт нь зүгээр нэг цугларалт биш, өндөр ач холбогдол бүхий хүндэтгэлийн ажиллагаа болсонд бид урамтай байна. Уулзалтад ОХУ-ын Санкт-Петербург, Омск, Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотоос 15 ахмад дайчин оролцсон бөгөөд бид Дорнод аймаг дахь Халхын голын районд очсон нь уулзалтын ач холбогдлыг өндөрт өргөсөн юм. Халхын голын районд хийгдсэн ажлын талаар тодруулна уу? -Монгол, Зөвлөлтийн ард түмэн өнө эртний түүхтэй, найрамдалт, найрсаг харилцаатай, мөнхийн хөрш гэдгийг хэн бүхэн мэдэрдэг. Манай ахмад дайчид аяллын замд Монгол Улсын уудам дэлгэр тал нутгийг, үзэсгэлэнт сайхан байгалийг нь хараад бахдан биширч явлаа. Энэ л орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцээ халуун амь, бүлээн цусаа зориулж явсан гэхээр үнэхээр бахархам.Бид энэхүү аяллын үеэр Дорнод аймгийн Халх гол сумын удирдлага, музейн захирлаас зөвшөөрөл авч Ялалтын хөшөөний хашааг сэргээн засварлан будаж, орчин тойрныг нь цэвэрлэсэн. Орон нутгийн иргэдтэй хамтран уулзалт, үдэшлэг зохион байгуулсан. Энэ үеэр дайны талбараас нэр нь үл мэдэгдэх орос дайчны шарилыг гаргаж, цэргийн болон үнэн алдартны шашны зан үйлийн дагуу хүндэтгэл үзүүлэн нутаглуулсан. 1939 онд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө алтан амиа зориулсан орос дайчны шарилыг нутаглуулна гэдэг нь орчин үеийн дайн, байлдаан, зэвсэгт мөргөлдөөнд нэг бус удаа оролцож, дарийн утаа үнэрлэсэн бидний хувьд сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй түүхэн, хүндэтгэлтэй үйл явдал болсон. Үнэхээр Халхын голын өргөн уудам газраас орос цэргийн шарилыг олно гэдэг нь бухал өвснөөс зүү эрэхтэй адилтгах үйл явдал юм. Хоёр улсын хамтарсан чуулга уулзалтын талаар ОХУ-ын нийгмийн сүлжээгээр ахмад дайчдын сэтгэгдэл илүү түгэн тарж, зарим нь оролцож амжаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн. Монгол оронд анх хэзээ ирсэн билээ? -Би Монгол Улсад анх 2008 онд ирж байлаа. Миний анхны төсөөлөл, ирээд үзэж харсан орчин хоёр эрс өөр байлаа. Монгол орны хувьд маш тайван амгалан, гудамжаар явахад аюулгүй, иргэд, залуучууд нь зочломтгой, эелдэг болохыг улам бүр мэдэрсэн. 2018 онд дахин ирж Монгол Улсын “Эх орны дайчид” ТББ-тай хамтран хоёр улсын ахмад дайчдын хамтарсан чуулга уулзалтыг хийх асуудлаар тохиролцоонд хүрсэн. “Эх орны дайчид” ТББ-ын тэргүүнээр Монгол Улсын анхны генералуудын нэг, хурандаа генерал С.Равдангийн зээ хүү Р.Баяр ажилладаг. Бидний зорилго, үйл ажиллагаа нэгдэж чадсан. Тиймээс ч энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэж, бид зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Монголын ард түмний тухайд ямархан сэтгэгдэл төрсөн бол? -Монголчууд Оросын ард түмэнд, түүний цэрэг эрст талархалтай ханддаг нь алхам тутамд мэдрэгдэж байлаа. Манай ахмад дайчдыг хүн бүр л хүндэлж, уулзалт, үдэшлэгт маш идэвхтэй оролцон, халуун дотноор угтаж, чин сэтгэлийн дурсамж яриа өрнүүлж байсан. Ер нь ахмад настан, хүүхэд, залуучууд гэлтгүй бүгд л бидэнтэй гэрэл зураг татуулж, их л халуун дотно угтсан даа. Энэ дашрамд Дорнод аймаг, Халх гол сумын удирдлага, иргэд, Зэвсэгт хүчний анги, тусгай салбар, Хилийн цэрэг, Онцгой байдлын алба, Аврах салбарын алба хаагчдад баярлаж, талархсанаа илэрхийлье.Сонирхуулахад, 2018 оны 9 дүгээр сард биднийг нутаг буцах үед цас их хэмжээгээр орсон юм. Биднийг 52-ын даваа өнгөрч явахад зам түгжирч, машинууд цасанд ихээр “суусан” боловч монголчууд Оросын ахмад дайчдын машиныг түрж, эхний ээлжинд явуулсан нь үнэхээр бахархам сэтгэгдэл төрүүлж билээ. Их баярласан шүү. Монгол цэргүүдийн талаар та ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? -Бидний өвөг дээдэс хамтарч, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө мөр зэрэгцэн байлдаж явсан нь түүхэн үнэн билээ. Тиймээс орчин үеийн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнд оролцсон ахмад дайчид бидний хувьд 1939, 1945 онд болсон дайны гашуун түүхийг залуус, хойч үеийнхэнд танин мэдүүлж, ахмад дайчдаа алдаршуулан, тэдэнд цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх нь чухал. Миний хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог өндөр үнэлдэг. Энэ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчидтай уулзах боломж надад олдсон. Тэд Ирак, Афганистан, Сьерра Леон, Өмнөд Судан зэрэг олон оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Монгол цэргүүд олон улсын цэргийн алба хаагчдын тэмцээнд амжилттай оролцож байна. Нийгмийн сүлжээгээр барууны цэргүүдийг өндөр бэлтгэлтэй гээд сурталчлаад л байдаг. Гэтэл олон үндэстний тэмцээний эхний байруудад монгол цэргүүд дараалан тэргүүлсээр байгаа нь гайхширал, бахархлыг зэрэг төрүүлдэг. ОХУ-д зохион байгуулж байгаа “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд ч монгол цэргүүд эн тэнцүү өрсөлдөж байгааг мэдрээд хүндэлж, биширдэг. Сүүлчийн асуултыг танд үлдээе... -Монгол түмний уламжлалт баяр-Сар шинийн баяр болох гэж байгааг би бээр сайтар мэдэрсэн. Ирж буй шороон гахай жилд та бүхний ажил, албанд их амжилтыг хүсэн ерөөе. Энэ оны 3 дугаар сарын 2, 3-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотод болох дайнд амь үрэгдсэн десантын дивизийн дайчдын дурсгалд зориулсан ахмад хөл бөмбөгчдийн тэмцээнд танай улсаас ахмадын хоёр баг оролцохоор боллоо. Жил бүр уламжлал болгон зохиодог тус тэмцээн нь ийнхүү олон улсын чанартай болон өргөжиж байна. Мөн бид Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хорооны удирдлагуудтай уулзаж, цаашид хамтран ажиллаж болох асуудлаар санал солилцлоо. Хамтран хэрэгжүүлж болох ажлууд бий гэдэгт итгэл дүүрэн байна. “Соёмбо” сонины уншигчиддаа сайн сайхан бүхнийг бэлгэдье. Ярилцсанд баярлалаа. Хурандаа Б.ОтгонбаярЭх сурвалж: "Соёмбо" сонин

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.