Ж.Амарсанаа: Монголчууд тун удахгүй элэг биш ходоод гээд явдаг болох нь

Ж.Амарсанаа: Монголчууд тун удахгүй элэг биш ходоод гээд явдаг болох нь

5 сарын өмнө

Үйлдвэрийн аргаар шарж боловсруулсан боов боорцог, хоол, бялуу, тос тосон бүтээгдэхүүн, маргарин, жигнэмэг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чипс, хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай шарсан төмсөнд транс тос маш ихээр агуулагддаг. Транс тосыг нэг удаа идэхэд л бие организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг хэмээн монголчуудад анх мэдүүлж, сурталчилж байсан хүн бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа. Тэрбээр 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач, 2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан. Мөн монголчуудын эрүүл мэндийн төлөө элэгний “Харвони" эмийг Монголд оруулж ирэх санаачилгыг анх Эрүүл мэнд спортын дэд сайд байх үедээ гаргаж байсан ач буянтай эрхэм. Ингээд уншигч та бүхэндээ Жазагийн Амарсанаатай ярилцсанаа хүргэж байна.

-Саяхан фейсбүүкдээ найман жил суралцсан сургуулийнхаа өмнө зогсох сайхан байна гээд зургаа оруулсан байсан. Токиогийн сургуульд сурч байсан түүхээсээ хуваалцвал?

-1998 онд Японы Засгийн газрын тэтгэлэгийн шалгалт авна гээд тэр үед тэнцсэн бүх хүмүүст Засгийн газраас нь бүтэн тэтгэлэг өгнө гэсэн. Тэр нь сургуулын зардлыг нь бүрэн дааж, нэмээд амьдралын мөнгө гэж одооныхоор сарын 1800 ам.доллар өгөх байсан. Аж амьдралдаа санаа зоволтгүй, зөвхөн хичээлдээ л санаа зовно гэсэн үг. Ийм тэтгэлэг одоо ч жил бүр зарладаг.

Тэрэнд бэлдэж байгаад ортол анагаах ухаанаараа бараг нэгт шалгарсан учраас сайн сургууль сонгох боломж нь нээлттэй байсан. Бас миний төрсөн ах Токиогийн их сургуульд сурч байсан учраас тэр сургуулийн сайн тэнхимийг олж өгөхөд тусалсан. Яг ямар чиглэлээр сурах вэ гэдгээ аавтайгаа зөвлөхөд аав элэгний чиглэлээр сурсан нь зүгээр гэсэн. Тэр үед элэгний өвчлөл маш их, хорт хавдар их байна. Элэгний хатуурал, вирүсын гаралтай хавдар их байна.

Тиймээс элэгний чиглэлээр сурахад ямар ч байсан муугаар бодоход хоолтойгоо, сайнаар бодоход ард түмэнд илүү хэрэгтэй юм болов уу гэж аав минь зөвлөсөн. Миний аав бурхан болчихсон л доо. Тэгээд Япондоо их нэр хүндтэй, Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимийн нэрт профессор Масао Омата гээд дэлхийн элэг судлаач нар андахгүй профессорын тэнхимд орж сурах боломж нээгдсэн.

Эхний хоёр жилдээ судлаач, дараагийн хоёр жилд нь анагаах ухааны магистрт яваад, сүүлийн дөрвөн жилд нь анагаах ухааны докторт суралцаад нийтдээ найман жил нэг тэнхимд байсан. Тэр тэнхимийн гол хийдэг ажил нь элэг судлал, вирүс судлал хавдар судлал, дотор эрхтэнүүдийн хавдар судлал, элэгний хавдар, нойр булчирхайн хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдрыг судалдаг. Ангаах ухааны тэнхимүүд дотроо нилээн хүчтэй, нэр хүндтэй. Тэр жилүүдэд их л олон юмыг туулж өнгөрүүлсэн. Яагаад гэвэл эрдмийн ажлын сэдвээ сонгосон чинь миний сэтгэл зүрхтэй таарч өгөхгүй байсан.

-Ямар зүйлийг туулж өнгөрүүлсэн гэж?

-Би Токиогийн сургуульд очихоос өмнө “Оточ маарамба” дээд сургуульд сурч байсан учраас амьд амьтан алах хориотой. Гэтэл генийн эмчилгээгээр хулгана дээр туршилт хийх шаардлага тавигдсан. Тэгээд би хулганы туршилт, ялангуяа амьтны амь тасалсан ажил хийх сонирхолгүй байна гэдэг хүсэлтээ өгөөд больж байсан. Дараа нь хелико бактерийн судалгаан дээр ажилласан. Гэтэл хеликобактери бас амьд арвалзаад микроскопоор харахад хөдлөөд байдаг. Би ерөөсөө амьд амьтан дээр, хичнээн бактери ч гэсэн нүгэлтэй санагдаад байна гэж хэлээд больж байсан.

Сүүлд нь хорт хавдар дээр судалгаанууд хийдэг болсон. Нойр булчирхайн, элэгний хорт хавдар, элэгний В. С вирүс дээр судалгаа хийж явсаны үр дүнд тухайн үедээ гайгүй сайн нийтлэлүүд гаргаж байсан. Одоо ч гэсэн судалгаа хийдэг маань хэвээрээ байгаа. Токиогийн их сургууль надад анх эрдэм шинжилгээний ажлыг ямар аргачлалаар яаж зөв хийх, яаж нээлт хийх, анагаах ухааны хөгжилд яаж хувь нэмрээ оруулахыг заасан учраас яагаад ч юм тэнд очихоор сэтгэл хөдлөөд тийм пост бичсэн юм. /инээв/

-Анагаах ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж байна. Монголын нөхцөлд өөрийн хувь нэмрээ оруулах боломж байгаа шүү дээ. Юу хийе гэж бодож байна?

-Аль ч улс оронд ажиллаж байсан таньд нээлт хийх бүрэн боломж байдаг. Жишээлбэл, анх хүний папилома вирүсыг Австралийн эрдэмтэд анх хорт хавдар үүсгээд байна гэдгийг нээсэн байдаг. Хеликобактерийг ч бас илрүүлсэн байдаг. Ерөнхийдөө нээлт хийхэд ганцхан шинжлэх ухааны хөгжлөөс гадна тухайн хүний өөрийнх нь сэтгэн бодох чадвар, ажигч байдал гээд олон юмнаас нээлт хийх сэдэл гарч ирдэг. Зөвхөн лабораторийн судалгааны түвшнөөс шалтгаалахгүй. Тэр мэдээж чухал үзүүлэлтийн нэг. Жишээ нь, Монгол Улсад дэлхийн хэмжээний нээлт хийх бүрэн боломжтой. Миний хувьд дэлхийн хэмжээний нээлт хийгээгүй л байна л даа. Мэдээж дэд бүтэц шаардлагатай. Энэ нь лабораторийн нарийн тоног төхөөөрөмж, задлан шинжлэх шинэ технологи гээд олон талаас нь хэрэгцээтэй бүхнийг бий болгох хэрэгтэй.

Амарсанаагийн өвчтөн, Амарсанаагийн түргэний эмч гэж байхгүй

-Дэд сайд байх үедээ хийж хэрэгжүүлж байсан ажил юу байсан, одоо ямар түвшинд яваа вэ?

-Би олон юманд анхаарлаа хандуулья гээд боддоггүй байсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайдад саяхан өгсөн зөвлөмждөө ч мөн адил цөөн асуудал дурьдсан байгаа. Нэгд, таньд 2,5 хагас жил байна. Хоёрт, ЭМЯ-ны хүний нөөцийн чадавхи, хүний нөөцийн хэмжээг харахад нэг сайдын бүрэн эрхийн хугацаанд олон ажлыг хийх боломжгүй учраас бүгдийг нь бус чухлыг нь хийгээрэй гэж зөвлөсөн.

Үүнтэй яг адил миний онцгой анхаарч байсан зүйл бол нэгд, түргэн тусламжийг онцолсон. Яагаад онцгой анхаарсан бэ гэхээр түргэн тусламжийг хүлээж чадалгүйгээр нас барж байгаа иргэн Монгол Улсын хэмжээнд тухайн үед 2500 гэсэн тоо гарч ирж байсан. Одоо бараг жилд дунджаар 3000 гараад явчихсан. Тэр дотроос 2400 нь нийслэлд. Нийслэлийн иргэдээс 2400 хүн түргэн тусламжийн үйлчилгээг авч амжилгүй нас барж байна гэсэн үг. Энэ бол аймшигтай тоо. Тэгээд би юуны өмнө түргэн тусламжийн машинд дуудлагад явж үзсэн.

Тэр үед хамгийн түрүүнд бодогдсон юм нь хөрөнгө оруулалт байсан. Яагаад гэвэл тэр үед дандаа оросын фургонууд дуудлагад явдаг байсан. Энд тэндээс нь салхи сийгээд, дулаан хадгалах чадвар муу, машинууд муудсан тул их хатуу. Өвчтэй хүн тээгээд гэр хорооллын замаар явах нь бүү хэл, эрүүл хүн өвчин тусч магадгүй ийм нөхцөлд ажиллаж байсан. Дэд сайд болоод парк шинэчлэлээс бүх ажлаа эхлэх хэрэгтэй юм байна гээд зорьсон. Тухайн үед надад эрх мэдлийн давуу тал байсан. Учир нь би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас хотын парк шинэчлэлд маш их хөрөнгө хаясан.

Тэр 4 жилийн хугацаанд 80 машины парк шинэчлэл хийсэн, дундажлаад бодоход жилд 20 машиныг төсөвт суулгасан байдаг. Заримдаа бөөнөөр нь, заримдаа төсвөөсөө шалтгаалаад цөөхнийг суулгасан. 103-ийн үйлчилгээг хурдан болгохын төлөө нилээн ажилласан. Мөн өөрийн эрх мэдлийн хүрээнд ЯТТ-ыг түргэн болгож, Улаанбаатар хотын хэмжээнд олон жижиг салбаруудыг шинээр байгуулж тэрнийгээ түрээсийн зарчмаар ажиллуулахыг зорьсон.

Монголчууд маань зарим юмыг хэтэрхий нүсэр хийх гээд дэндүү том хөрөнгө оруулалт хөөцөлдөөд тэрийгээ хүлээсээр байгаад хүмүүс нас бараад байна. Тиймээс авсаархан, хурдтай менежмент рүү орохгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Улаанбаатар хотод түгжирлээс хамааралгүй түргэн тусламжттай болохыг хүсвэл эхний ээлжинд олон жижиг салбарт байх ёстой. Тэр олон салбарыг байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө яриад суугаад байх юм бол магадгүй 10 жилийн дараа бүтэх юм байна.

Яагаад гэвэл бид зөвхөн Чингэлтэй дүүрэгт ЯТТ-ын төв байгуулах гэж 4 жил хүлээгээд сүүлдээ нөгөөдөх нь бүтэлгүй зогсчихсон. Амжиж хийсэн нь Хан-Уул дүүрэгт ЯТТ –ын төвийг байгуулсан. Энэ бол маш том юм. Бяанзүрх, Сонгинохайрханд байгуулсан. Харин миний тавиад байсан нэмэлт санаа нь хөнгөн шуурхай, гэхдээ зүгээр л түрээсээр. Сарын 700 мянган төгрөгөөр миний байрыг аваад ашиглаач гэсэн хувь хүмүүс зөндөө олон байгаа.

Сарын 700 хан мяанган төгрөг нийслэлийн төсвийн хажууд өчүүхэн юм байхгүй юу. Тухайлбал, сар болгон 7-хон сайн төгрөгөөр 10 жижиг салбарыг ажилуулна. Ийм байдлаар 30-40 ийг байгуулчих юм бол түргэний асуудлыг түгжрэлээс хамааралгүй шийдчихэж болох төслийг уг нь боловсруулсан. Ингээд 10 салбараар төслөө боловсруулж, эдийн засгийн тооцоогоо өгчихсөн. Жил бүр 10 гээд 4 жилийн дараа 40 салбартай болох төсөл. Энийг Нийслэлийн Иргэдийн хурлын төсвөөр батлуулаад 2016 онд төсөвт оруулсан байлаа.

Гэтэл 2016 оны сонгуульд АН ялагдчихсан. Би чинь АН учраас хамт ялагдчихгүй юу. Тэгсэн энэ төсөл маань шууд зогсчихсон. Иймэрхүү юман дээр нам улс төр гэдгээ л болимоор байгаа юм. Амарсанаагийн төсөл, Амарсанаагийн өвчтөн гэж байхгүй биз дээ. Амарсанаагийн түргэн дуудсан өвчтөн, Амарсанаагийн түргэний эмч байхгүй биз дээ. Улаанбаатар хотын л өвчтэй иргэн. Монголын улсын төсөв, Нийслэлийн төсвөөр явдаг ажлыг хэн нэгэн нь идчих гэсэнгүй. Ингэлээ гээд Амарсанаагийн нэр хүнд өсчих гээд байгаа юм байхгүй ш дээ. Ийм ажилд битгий улс төржиж байгаасай. Иймэрхүү ажлыг цааш нь явуулчихгүй яасан юм бэ гээд гомдол тээгээд л явж байна. Одоо тэгээд гоншигносон болчих байлгүй дээ.

-Өөр ямар ажилд анхаарал хандуулдаг байсан бэ?

-Эмч нарын боловсролд их анхаардаг байсан. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарын шинэчлэл эмч нарын мэдлэгийн шинэчлэлээс эхлэх юм байна гэж үзсэн. Тэр үед би манай ЭМЯ дээр байсан Лицензийн албанд үүрэг өгсөн. Ингэхдээ “Та нар эмч нарыг шалгадаг шалгалтаа боловсронгуй болго. 1000-хан асуулттай жижигхэн цагаан номыг бүгд цээжилчихсэн байна” гэсэн. Эмч больё гэсэн хүн болгон нөгөө номноосоо цээжилчихсэн хүссэн болгон нь цээжилээд шалгуулаад эмч болчихдог байсан. Тэгээд тэр тестүүдийг 10 дахин нэм гээд тестийн санг 10 мянга болгосон. Хийх хөрөнгийг нь шийдээд өгсөн.Тэгтэл эхний жилдээ шалгалт өгсөн эмч нарын 95 хувь нь уначихсан. Тэгэхдээ би маш зөөлхөнөөр бэлдсэн. Анхнаасаа олон улсын түвшинд бэлдэх юм бол бүгд уначихна гэж бодоод монголынхоо түвшинд, өөрсдийнх нь хичээл зааж байсан багш нарынх нь боловсруулсан тестээр шалгасан. Одоо харин гайгүй сайжраад тал нь унадаг болсон. Гэхдээ энэ чинь маш том дэвшил. Тэгээгүй бол өнөөдөр хэдэн ч чанаргүй эмчтэй сууж байх байсан юм билээ.

Бас нэг анхаарсан юм нь элэгний өвчин. Би элэгний өвчин гэж онцгойлон анхаараагүй юм л даа. Монгол улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл бол хамгийн өндөр нас баралттай өвчин байх ёстой гэж үзсэн. Тэгээд хамгийн өндөр нас баралттай өвчин нь зүрх судасны өвчин, элэгний өвчин хоёр байсан. Зүрх судасны өвчин дээр юуг онцгой анхаарсан гэхээр хоол унд, буруу хоол хүнснээс болоод бид асар ихээр өвдөж байна. Нэгд, давсны хэрэглээг бууруулья, хоёрт, транс тос гэдэг зүрх судасны өвчнийг хамгийн ихээр үүсгээд байгаа зүйлээс ангижрахгүй бол болохгүй нь. Тэгэхгүй бол монголчууд залуугаараа зүрхний шигдээс болоод харваад дуусах юм байна.

Ийм бодлоор л би транс тосны асуудлыг ярьж, ЭМЯ-ны мэргэжилтэн н.Ганзоригтой нийлж транс тосыг үе шаттайгаар бууруулах гэсэн зүйл заалтаар “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” боловсруулаад Засгийн газраар батлуулсан. Тэрийг намайг ажил өгсний дараа Г.Шийлэгдамба сайдын үед баталсан байгаа. Засгийн газарт оруулах ажилд н.Ганзориг бид хоёр яахын аргагүй оролцсон. Тэр үед ард иргэдэд транс тос гэж юу байдгийг ойлгуулахын тулд Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг нилээдгүй явуулсан. Тэрнээс өмнө транс тос гэж ярьдаг хүн байхгүй, мэддэг хүн их бага байлаа.

Тогоочийн гараар хеликобактери дамжаад байна уу, үгүй юу бүү мэд

-Хоол хүнс хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг тайлбарлаж өгөөч?

-Өнөөдөр элэгний хорт хавдрын нас баралт нийт нас баралтын нэгдүгээр байранд явж байгаа. Гэхдээ энэ асуудал нэг их удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл Монгол улс “Элэг бүтэн Монгол” гээд хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. С вирүсийг үндсээр нь устгаж, В вирүсын эсрэг вакциныг хийж байна. Одоо гол нэг шалтгаан байгаа нт архидалт. Архидалтыг бууруулах хэрэгтэй, гэхдээ энэ бүхэн гол шалтгаан нь биш. Яагаад гэвэл элэгний хорт хавдрын 95 хувь элэгний В С вирүсийн гаралтай, 5 хан хувь нь архины гаралтай байдаг. Тэгэхээр бид В, С вирүсийг устгаад эхэлсэн учраас 2-3 жилийн дараа буурч эхэлнэ. Тэрэнд ямар ч эргэлзэх юм байхгүй. Магадгүй 10 жилийн дараа элэгний хорт хавдар гэдэг ховор тохиолдох өвчний нэг болно.

Харин сүүлийн үед хамгийн их санаа зовоож байгаа нь одоо ходоодны хорт хавдар болоод байна. Үнэндээ ходоодны хорт хавдар харанга дэлдээд байгаа. Яагаад гэвэл ходоодны хорт хавдрын тоо эрс нэмэгдэж байна. Яагаад нэмэгдчихэв гээд дүгнэлт хийхэд 4 том хүчин зүйл байна. Нэгд, хеликобактерийн халдвар байна. Хеликобактерийн халдвар өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 76-82 хувьд байна. Тэгэхээр бид хеликобактеритай ард түмэн болчихсон байна.

Энэ бактерийг яаралтай эрт илрүүлэх хорт хавдрыг бууруулахын тулд дахин үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Хеликобактерийг илрүүлээд, шинжлээд, устгаад, устсан уу, үгүй юу гэдгийг баталгаажуулаад энэ 82 хувийг 30 хувь руу оруулж ирэх хэрэгтэй байна. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 30 хувьд хүргэчихсэн. Гэтэл Монгол Улс өндөр хэвээр байна. Өнөөдөр монголд жоохон эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй, эдийн засаг боломжтой хүмүүс хеликобактераа устгуулж байна. Эсвэл эмч “За чи хеликобактераа устга” гэхээр үгэнд нь ороод устгуулж байна.

Ард нийтээрээ энэ бактерийн аюулыг ойлгоогүй байна. Халдвар дамжиж байгаа замыг нь зогсоох ажил алга. Жишээ нь, нийтийн хоолны газарт тогооч хеликобактерийн шинжилгээ өгдөг юм уу. Тэрийг нь үздэг хянадаг байгууллага байдаг юм уу. Тэр хүний гараар хеликобактери дамжиж байгаа юу, үгүй юу бүү мэд. Мөн хеликобактери дамжуулдаг бас нэг шалтган нь худгийн болон булгийн ус байдаг. Бид хаа сайгүй рашаанд явж байна. Зарим нь хеликобактеритай рашаан болчихсон байгаа ч юм билүү. Мэдэхгүй ш дээ. Шинжилж байгаа хэн ч байхгүй. Худаг бас адилхан. Худгийн ус зөндөө л ууж байна. Бид худгийн усны доторх хорт бодисыг үздэг болохоос хеликобактерийг нь үзэж байгаагүй. Гэтэл худгийн ус хеликобактерийн үндсэн гол тараагч юм гэдгийг олон улсын судалгаагаар баталчихсан.

Тиймээс энэ хеликобактери дамжуулж байгаа замуудыг зогсоомоор байна. Халдвар авсан хүмүүсийг эмчилмээр байна. Буруу зан үйлээсээ салмаар байна. Тухайлбал, хүүхдээ амаараа хооллодогоо больмоор байна. Хеликобактеритай эсэхээ мэдэхгүй байж хүүхдийнхээ хоолыг зажлаад, залгихад бэлэн болгох нь холгүй амруу нь хийгээд байна. Амаар дамждаг ш дээ. Иймэрхүү буруу зан үйлээс салах хэрэгтэй. Мөн элдэв янзын амтлагчыг маш буруу хэрэглэж байна. Монголчууд аливаа юмыг ямар нэгэн шалгуургүй шууд хүлээж аваад байна. Гадны соёлыг шүүлтүүргүй хүлээж аваад байх юм.

Энэ дээр бид маш том босго тавих хэрэгтэй. Жишээлбэл, кимчи гээд хоол байна. Өнөөдөр Өмнөд Солонгос ходоодны хорт хавдрынхаа тоогоор дэлхийд нэгд явж байгаа. Яагаад ходоодны хорт хавдраар дэлхийд нэгд яваа улс орноос кимчи гэдэг хоолыг нь импортлоод ирэв ээ. Яагаад энэ монголд байгаагүй ёс заншлийг буруу газраас нь, буруу орноос нь нэвтрүүлчихэв ээ гэдэг асуудал байна. ДЭМБ-аас Солонгосчуудад хандан “Танай наад кимчиний ёс заншил чинь буруу заншил байна. Хорт хавдрын шалтгаануудын чинь нэг болчихжээ. Тиймээс та нар ходоодын хорт хавдраад дэлхийд нэгд явна” гээд хэлээд байна. Зарим нь ойлгоод, зарим нь олон жил хэрэглэж ирсэн заншил гээд хүлээж авах дургүй байна.

Харин Япончууд бид дэлхийд хамгийн их Шоо юү гэдэг вандуйн цуу хэрэглэдэг ард түмэн. Цууны найрлага дахь давсны хэрэглээ өндөр учраас бид хорт хавдар их тусдаг гээд мэдээд байна. Саяхныг хүртэл Япон ходоодны хорт хавдраар дэлхийд нэг номер байсан. Одоо урд нь Өмнөд Солонгос ороод, яг ард нь Монгол явж байгаа. Тэгэхээр нэг уялдаа байна аа даа. Бид юу болчихов. Ялангуяа ходоодны хорт хавдар ямар их нэмэгдэж байна. Тэгэхээр энэ бодлогогүй, шүүлтүүргүй орж ирсэн соёлоос болоод Монгол хүмүүс эрүүл мэндээрээ хохироод байна.

Монголчууд мөн давсны хэрэглээгээ бууруулах шаардлагатай байна. Давсыг маш замбараагүй хэрэглэж байна. ДЭМБ-ын судалгаагаар бид дэлхийд давсны хэрэглээ өндөртөө орж байна. ДЭМБ –аас өдөр 5 г давс хэрэглэх ёстой гэж зөвлөсөн. Гэтэл Монголд өнөөдөр давсны дундаж хэрэглээ өдөртөө 11.6 грамм болчихсон байна. Нэг дахин бас бага зэрэг илүү байна. Энэ хэр зэрэг зөв юм. Дээр нь тамхины хэрэглээ байна. Тамхины хууль маш сайн хууль болсон, үр дүн сайн байсан. Гэтэл одоо мартах маягтай болж эхэлж байна. Энийг мартуулж болохгүй. Шинээр байлгадаг, тамхины эсрэг хөдөолгөөний өрнүүлдэг, тамхины татварыг дотоод гадаад гэж ялгалгүй өндөр байлгах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гээд дотоодын тамхи татвар багатай байгаа тухай дуулдаад байсан. Үнэн бол ноцтой асуудал.

Тамхины хорт бодис ходоодонд орж хорт хавдрын шалтгаан болдог

-Манайхан аливааг болохгүй гэдгийг мэддэг ч түүнийгээ мэдлэг болгож зөв ашиглаж чаддагүй юм байна гэж хараад байгаа. Тиймээс тамхи яагаад ходоодын хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөгийг тайлбарлаж өгөөч?

-Магадгүй, тийм байж болно. Гол нь тамхи ходоодын хорт хавдрын бас нэг шалтгаан гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл тамхин дотор 50-60 төрлийн хавдар үүсгэгч бодис байдаг. Тэр хавдар үүсгэгч бодис хамгийн түрүүнд ходоодонд очдог байхгүй юу, хөөрхий минь. Амны хөндийгөөр шүлсээр дамжаад ходоодон дээр унадаг. Тэр 60 төрлийн хавдар үүсгэгч бодис өдөр тутам ходоодонд буугаад байна гэсэн үг. Тамхины хорны эхний цэг нь ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар байгаа. Тэгээд нэг сонин уялдаа холбоо байгаад байна.

Юу гэвэл, ходоодны хорт хавдарын эрэгтэйчүүдийн нийт тохиолдол эмэгтэйчүүдээсээ 2 дахин өндөр. Гэтэл тамхи татаж байгаа эрчүүд эмэгтэйчүүдээсээ 6 дахин их байгаа. Эндээс харахад тамхины хэрэглээ, ходоодын хорт хавдын тохиолдол хоёрын хооронд уялдаа байна. Эрчүүд их тамхи татдаг, эрчүүд ходоодын хорт хавдар 2 дахин илүү тусдаг. Ер нь энэ тамхи, хеликобактери, давс, кимчи, даршилсан ногоо, хиамны хэт хэрэглээ монголчуудыг хорлож байна. Хиаманд хавдар үүсгэгч бодисууд бага хэмжээгээр байдаг.

Дүгнэвэл, бид ходоодын хорт хавдар тусахаас өөр аргагүй ард түмэн болоод байна. Монголын ард түмэн хоолныхоо зөв хэрэглээнд анхаарах цаг ирчихжээ. Өмнө нь элэг, элэг гээд явж байсан бол одоо тун удахгүй ходоод, ходоод гээд явдаг болох нь ээ. Нарийнтах гэж нэрлэдэг улаан хоолойн хорт хавдарыг нэмэх юм бол бүр өндөр тоо гарч ирнэ. Бараг л элэгний хорт хавдарыг давах гээд байгаа. Тэгэхээр бид тамхины хэрэглээн дээр зөв арга хэмжээ авмаар байна. Хелико бактерийг устгах хэрэгтэй байна.

Хамгийн гол нь ходоодны нарийн мэргэжлийн эмч нарыг бэлдмээр байна. Ходоодын эмч дэндүү цөөхөн байгаа. Ялангуяа дурангийн оношлогоог сайн хийдэг эмч нарын тоо цөөхөн байна. Тэгэхээр бодлогоороо ходоодны нарийн мэргэжлийн дурангийн сайн эмч нарыг нэмэгдүүлмээр байна. Дурангийн шинжилгээг олонд илүү ойртуулж хүргэмээр байна. Ингэхдээ Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байж ходоодын хорт хавдар үүсэх өндөр магадлалтай хүмүүсийг хяналтанд хамруулдаг. Эрт илрүүлж, эмчилдэг болмоор байна. Ходоодны хорт хавдар харьцангуй эрт илрүүлэх боломжтой. Эрт илрүүлэх юм бол 100 хувь бүрэн эдгэрдэг маш тавилан сайтай. Үсэрхийлсэн хойно бол тун хэцүү хавдар.

-Ходоод хүний бие рүү орж байгаа бүх хоол хүнсийг хүлээн авагч гол эрхтэн. Тэгтэл хүмүүс хоолны зөв буруу, сайн муу гэдгийг ялгахгүй ам руу орж байгаа болгоноо хоол гэж бодоод байна. Болохгүй бол тайрчихна, хасчихна гэж өөрийнхөө биед машины сэлбэг сольдог шиг ханддаг нь харамсалтай санагддаг. Энэ тал дээр?

-Тийш дээ. Үнэн. Ер нь манай хуучин уламжлалт хоол тэжээл цагаан идээ голлосо,н өвөлдөө мах идээ идэж, зундаа хааяа борц идвэл иднэ. Ихэнхдээ цагаан идээ идчихдэг байсан. Тэгэхээр энэ нь их зөв байсан. Одоо өвөл зунгүй мах иддэг болсон нь маш буруу. Бид хоол хүнстэй холбоотой нилээн судалгаа хийж байгаа. Судалгаагаар хамгийн их насыг уртасгаж байгаа зүйл бол мацаг барилт байна. Тухайлбал, АНУ-ын Калифорнид мужид хулгана дээр мацаг барилтыг судалсан. Нохой, сармагчин, гахайн дээр судласан. Хоол тэжээлийнх нь хэмжээг жаахан хязгаарласан амьтан болгон бусдаасаа 20-30 хувь илүү амьдраад байгаа юм.

Хоол тэжээл хангалттай идсэн болон бага зэрэг хязгаарлалттай, мацаг барилттай идсэн амьтны хооронд 20-30 хувийн насны уртын ялгаа гарсан байна. Үнэхээр монголчууд дундаж наслалтаа уртасгая гэж бодож л байвал хоололтондоо анхаар. Хоолныхоо хэмжээнд анхаар. Хэрэглэж байгаа давтамжин дээрээ анхаар. Мацаг баридаг соёлоо сэргээх хэрэгтэй. Манай энгийн ард түмэн, зөвхөн лам нар ч биш мацаг барьдаг л байсан. Лам нар илүү урт насалдаг байсан шалтгаан нь мацаг барилт. Энгийн ард иргэд өнөөдөр дүйчин өдөр, шинийн 15 мацаг барина гэдэг байсан. Ялангуяа настангууд. Одоо тэр уламжлал алга болсон. Шинийн 8, 15нд мацаг барихгүй байна. Зулын 25, 29 нд ч мацаг барихгүй байна. Гэтэл сардаа 4 удаа, 7 хоногт нэг л удаа бүтэн өдөр хоол идэхгүй зөвхөн шингэн хангалттай уугаад явж байхад дундаж наслалтыг 20-иор сунгачих, шинжлэх ухааны бүрэн батлагдсан нотолгоонд суурилагдсан боломж байгаад байна.

Даанч энийг хэрэгжүүлэх иргэний зориг алга. Хоёрдугаарт мэдлэг алга. Хэлж өгч байгаа хүн цөөхөн байна. Уг нь яриад л байгаа тэгсэн атлаа тархинд нь сууж өгөхгүй байна. Мөн хувь хүний тэвчээр хэрэгтэй. Нэг өдөр мацаг барина гэдэг тодорхой хэмжээний тэвчээр. Нэг өдөр мацаг бариад дараагийн өдөр нөгөөдөхөө нөхөөд идчих юм бол бас нэмэргүй. Мацаг барьсанаар нэгд нас уртсана. Хоёрт, чихрийн шижин өвчин багасна. Гуравт, даралт ихсэх өвчин багасна. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчний эрсдэл багасах юм. Тэгэхээр монголчууд бид ядаж 7 хоногт нэг удаа мацаг барьдаг заншилаа л сэргээмээр байна. Тэгвэл маш их эерэг өөрчлөлт гарч ирнэ дээ.

-Мацаг барихыг ойлгосон хүмүүс зориг тэвчээрээ гаргаад байж болно. Нэг чухал асуудал манай оюутан, сурагчид хуушуур, пирожки, бургер, пицца гээд хямд төсөр хооллоод байна. Америкчуудын таргалалтын шалтгаан бургер гэдэг. Гэтэл манайд хэт их хэрэглээ болох гээд байх юм?

-Түргэн хоол гэж нэрлэж байгаа боловч яг үнэндээ түргэн хоол биш. Хамгийн удаан хадгалсан махыг тэр олон цэгүүдэд хүргэж өгөөд тодорхой хэмжээнд хадгална. Олон удаа боловсруулагдчихсан, хямд төсөр орц найрлагуудыг хэрэглэж, хүний анхаарал татсан хэлбэр хэмжээ, амттай болгохын тулд янз бүрийн орц хэрэглэж байгаа зүйл бол түргэн хоол юм. Америкчуудын судалгаагаар түргэн хоолонд транс тос хамгийн их агуулагддаг. Тосонд боловсруулалт хийх тусам транс болж хувираад байдаг.

Өөрөөр хэлбэл, ердийн ургамлын тосыг удаан буцалгах тусам транс болоод байдаг. Шарсан төмсийг транс тосоор шардаг. Ердийн ургамлын тосоор шарчихаар зүгээр л нэг цагаан, зөөлөн төмс болчихдог. Транс тосоор шарахад шаржигнасан боорцог шиг болдог. Жинхэнэ амьтны гаралтай боовон тос биш. Шар тос ч биш. Транс тосоор тэр шаргалтсан өнгийг гаргадаг. Ийм хүнсээр дамжуулан асар их транс тос хэрэглэж байгаа. АНУ-д хийсэн нэг судалгаагаар түргэн холлын газраар үйлчилгээ авдаг дүүрэг, тийм биш дүүрэг хоёрын хооронд судалгаа хийхэд зүрх судасны өвчнөөр газар тэнгэр шиг ялгаа гарсан. Анх ингэж л мэдсэн. Энэ бол 1996 он.

Транс тос зүрх судасны өвчин үүсгэдэг, хортой. Ядуучуудын дүүрэгт асар их түргэн хоол хэрэглэдэг. Түргэн хоолны ресторан ихтэй. Баячуудын дүүрэгт харьцангуй түргэн хоол багатай. Өвчлөлийг нь анзаарсан ч ядуусын дүүрэгт нас баралт асар өндөр байсан. Эрт нас бараад байгаагийн учрыг нь олохоор судалгааны баг ажиглалт хийхэд америкчууд колагаа уугаад л, бургерээ, шарсан төмстэй идээд байсан. Гол нь тэр идэж байгаа хүнсэнд байгаа транс тосонд хамаг асуудал байна гэдгийг 1996 оноос маш хүчтэй том судалгаа хийж байж илрүүлсэн. Тэрнээс өмнө ялгаж мэдэхгүй, хор нөлөөг нь нас баралтаар л ялгахгүй бол өөр аргагүй байсан.

Хамгийн харамсалтай эмзэг асуудал нь манай сургууль цэцэрлэгүүд маш их транс тос хэрэглэж байна. Хамгийн муухай нь тэр. Хамгийн эрүүл хоол идэх ёстой хүмүүс чинь энэ бидний ирээдүй болсон хүүхдүүд шүү дээ. Би энэ талаар хэд хэдэн сургуульд шалгалт хийж үзсэн. Гал тогоонд нь транс тос байж л байдаг. Юу юм гэхээр масло гэж урдаас “тэнэгтдэг”. Масло гэдэг чинь цэвэр цөцгийн тосыг л масло гэж нэрлэх ёстой. Транс тосыг масло гэж нэрлэхгүй. Үнэхээр мэдлэг нь дутаад байдаг юм уу эсвэл мэдсээр байгаад сэтгэл дутдаг юм уу. Магадгүй хямд төсөр гэдэг л байх. Яагаад гэвэл ердийн экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй харьцуулахад 3-4 дахин хямдхан шүү дээ. Тэгэхээр л олон нийтийн үйлчилгээний газруудад мөнгөө хэмнээд хамгийн их транс тосыг хэрэглээд байгаа. Ноцтой нь тэр.

Онгоцны жолооч, эмч, хуульч гурав хамгийн өндөр цалинтай байдаг

-Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг хэр бэлдэж байгаа бол?

-Би байнгын шүүмжлэлтэй ханддаг хүн. Улам сайжруулах шаардлагатай байгаа. Дэндүү олон сургуультай боллоо. Багшийн нэг оюутанд зарцуулах цаг хугацаа багасаж байна. Программ дээр анхаарах юм маш их байгаа. Бид эмч болох гэж байгаа хүмүүст хамгийн чухал, хэрэгтэй гэсэн мэдээллийг нь өгч байя. Хэрэгтэй хэрэггүй бусад хичээлүүдийг үзэж мэдэх албагүй. Тэрийг дунд сургуулийн ахлах ангидаа сураад, нийгмийн хичээл дээр нь заагаад мэдлэгийг олгох нь хангалттай. Эмч хүнд ерөөсөө урд чинь өвчтөн ороод ирэхэд чи юу хийх вэ гэдгийг ойлгуулах нь л чухал.

Харин эсрэгээрээ нийгмийн эрүүл мэнд талаас нь илүү зааж болж байна. Эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх мэдлэгийг эмч хүн яаж өгөх юм, гардан ажиллагааг яаж хийх юм зэргээр илүү сайн зааж өгч болж байна. Яаралтай түргэн тусламжийг яаж сурах ёстой юм гэдэг хамгийн чухал мэдлэгийг хамгийн богино хугацаанд яаж хэрэгжүүлэх талаар илүү үздэг баймаар байна. Хэрэгтэй хэрэггүй мэдлэгээр хүний тархи толгойг бөмбөгдөөд байх нь нэг их ач холбогдолтой биш гэж хараад байгаа.

Тийм ч учраас би лицензийн шалгалтад практик ач холбогдолтой зүйлийг илүү оруулья гэсэн зорилгоор өөрчилж байсан. Цаашдаа ч тэрийг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Саяхан миний лиценз дуусаж байгаа болохоор сунгахаар шалгалт өглөө. Бас л болоогүй юм их байна лээ. Дахиж шинэчлэх шаардлагатай, илүү оновчтой, тодорхой мэдлэгийг өгөхийн тулд нэмж боловсронгуй болгоё гэж бодсон. Гэхдээ надад одоохондоо эрх мэдэл нь байхгүй учраас эрх мэдэлтэй болохоороо дахиж янзалж цэгцэлнэ гэж бодож байгаа.

-Зарим хүүхэд сургуулиа төгсөөд эмч болно гэж сурдаг ч замдаа бууж өгдөг. Таны хувьд яагаад эмч больё гэж бодсон юм бэ?

-Айл болгон заавал нэг эмчтэй болох гээд байх шаардлагагүй, тэр хүний онцлогийг хар. Тэр хүн эмчид тохиромжтой байна уу. Эмч хүн нэгд, энэрэнгүй байх ёстой. Хоёрт, алдаа бага гаргадаг байх ёстой. Гол нь тэр. Алдаа их гаргадаг хүн эмч болчихвол тэр хүний генд байгаа юмыг яаж ч мундаг боловсрол эзэмшээд нэмэргүй. Алдаа гаргах магадлалтай. Нэг алдаа гаргахад цаана нь хүний амь, ямар үнэ цэнэтэй билээ. Ердийн хүнээс илүү тодорхой хэмжээний оюуны чадавхитай байх ёстой. Яагаад гэвэл анагаах ухаанд болж байгаа тэр олон мэдээллийг тархиндаа боловсруулаад тухайн өвчинд хамгийн нотолгоонд суурилсан, зөв гэж бодсон, хамгийн орчин үеийн, хамгийн үр дүнтэй гэсэн эмчилгээг хийх ёстой.

Түүнээс биш сонссон болгоноо хийдэг эсвэл нотолгоо багатай юмыг хийдэг, удирдамжаа дагадаггүй. Удирдамжаа уншаад ойлгодоггүй тийм эмч бол хэцүү. Нэгд, IQ -гийн өндөр шалгуур даваад гарчихдаг, сэтгэн бодох чадвар сайтай. Хоёрт, алдаа гаргах магадлал багатай хайнга биш. Дээр нь энэрэнгүй сэтгэлтэй хүн л эмч болох хэрэгтэй. Нэг давуу тал нь манай монголд эмч нар голдуу сэтгэлээсээ эмч больё гэдэг. Яагаад гэвэл манай эмч нарийн цалин тийм ч өндөр биш. Манайд харьцангуй зүрх сэтгэлтэй хүн эмч болоод байна.

Гадаадад эмч нар маш өндөр цалинтай байдаг учраас хүмүүс эмч болоё гэж биш өндөр орлоготой больё гэж эмч болдог. Тэр тун аюултай. Тэр хүмүүсийн дунд эмч болох ямар ч сэтгэлгүй зөвхөн мөнгөтэй болох сэтгэлтэй мөнгөний төлөө гэсэн эмч нар асар их байдаг. Монголд тэр одоохондоо харьцангуй гайгүй. Асар өндөр цалинтай болчихвол тэрийг ялгахад хэцүү. Манайд баян болохын төлөө эмч болж байгаа хүн ховор. Эмч нар ямар цалин аваад цалингаа нэмүүлье гээд тэмцэж байгаа билээ.

Гэхдээ би эмч нар үнэхээр цалин өндөртэй байх ёстой гэж би боддог. Яагаад гавэл олон улсын жишгээр асар өндөр цалинтай гурван л хүн байдаг. Онгоцны жолооч, эмч, хуульч гурав. Энэ хүмүүс дандаа хүний амь нас, хувь заяатай холбоотой асуудлыг шийдэж байдаг. Гэтэл өнөөдөр монголд онгоцны жолооч 5 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа. Эмч хэдийг авч байна. Онгоцны жолоочоос 2 дахин бага цалинтай байж болно. Яагаад гэвэл онгоцны жолооч алдаа гаргах юм бол зорчигч бүгд үхнэ. Дээр нь онгоцны жолооч өөрөө үхнэ.

Эмч алдаа гаргахад ихэнхдээ өвчтөн амиа алдаж, эмч нар амьд үлддэг. Онгоцны жолоочийн хариуцлагаас арай бага байна. Тэгэхдээ сүрьеэгийн эмч нар өөрсдөө сүрьеэгээр нас бардаг. Тэр хүмүүс үнэндээ мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас бараад байна. Тиймээс эмч нар цалин гээд 2 сая 500 мянган төгрөг авдаг байж болно. Шүүгч нар 3 сая төгрөгийн цалин авч байгаа. Мэдээж шүүгчийн ажил ч хүнд хэцүү ажил. Тэгэхээр бид бүр их цалин өгдөггүй гэхэд нийтийн жишгээр цалинжуулах боломжтой. Монгол улс тэр байтургай үр ашиггүй юманд мөнгө цацдаг асуудал зөндөө бий.

Ийм юман дээр бүсээ чангалж байгаад ч болтугай эмч багш нараа анхаарах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаар ажил хаяна гэдэг тэмцлийн хамгийн эцсийн хэлбэр. Хэд хэдэн тэмцлийн хэлбэр явуулж байгааад хамгийн сүүлд нь ажил хаялт байх ёстой. Ажил хаях үедээ бас наанатай цаанатай хандаасай. Ядаж л ЯТТ-ын 103–ын эмч нар ажлаа хийгээд явж байгаасай гэж боддог. Адилхан эмч хүний, ёс зүйтэй хүний хувьд би 103-ын эмч байсан бол миний цалин хичнээн ч бага байсан ажлаа хийгээд явж байх болов уу. Яагаад гэвэл нэг минут, нэг секундээр хэмжигддэг хүний амь цаана нь байгаа. Салбарын бусад хүмүүс тэмцлээ үргэлжлүүлээд ажил хаяж, тэмцлээ өрнүүлэхэд хангалттай үр дүн гарна. Тэгэхэд харин 103 –ын эмч нар ажлаа хийгээд явж байвал би талархана.

-Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажилд хооллолтоос гадна дасгал хийх орчин шаардлагатай. Одоо харьцангуй хүмүүс дасгал хөдөлгөөнтэй хийдэг болсон байна?

-Хамгийн хэцүү зүйл нь манай цаг уур. Яагаад гэвэл бид богинохон зунтай, хавар шороо ихтэй тул гадаах спорт хийхэд хэцүү. Намар зун хоёрт л гадаа спорт хийх боломжтой. Бусад үед дандаа танхим дотор, байшин барилга дотор эсвэл гэртээ хийх нөхцөл боломж байна. Тэгэхээр энэ хязгаарлагдмал байдлыг шийдэж танхим дотор хийдэг спортыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, Австрали зэрэг дулаан оронд спорт хийдэггүй хүн нэг ч байхгүй.

Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болсонд баяртай байгаа. Яагаад гэвэл спортод элэгтэй, дэмжих хүн ш дээ. Тэр утгаараа ерөнхийлөгч энэ асуудалд дорвитой арга хэмжээ авах байх гэж бодож байна. Бид эрүүл мэндийн асуудлаар уулзсан. Тэр үед ерөнхийлөгч ЯТТ –д шинэ юм хийх эрмэлзэлтэй байсан. Түүнийг нь манай Засгийн газар дэмжээд явчихаасай. Ялангуяа Түргэн тусламжийг задалж, төвлөрлийг бууруулья. Эмч, түргэний машин, жолооч гуравтай нэгжүүдийг олноор нь бий болгоё. Тэднийг чөлөөтэй тавиад өгье. Үйлчилсэн хүнийх нь тоогоор хувьсах зардлыг нь өгдөг болчихьё гээд задгай сэтгэж байна лээ. Тэр тал дээр маш их санал нэгтэй байгаа. Төвлөрөл бууруулах талаар ажиллавал болохгүй юм үгүй.

-Өвчлөлийг харж байхад хот, хөдөөгийн хүмүүсийн ялгаа хэр байдаг вэ?

-Ерөнхийдөө судалгааны ажил байдаг. Гэхдээ янз янз, ямар өвчнөөсөө их шалтгаална. Тухайн орон нутгийн онцлог байна. Жишээлбэл, баруун аймгууд руу ходоодны хорт хавдар нарийнтах нь илүү их. Яагаад гэвэл хоол тэжээлдээ давс хэрэглэх дуртай, дээр нь хоол тэжээлээ даршлах дуртай. Мөн зарим газар нь усны хатуулагтай холбоотой ходоод, хоол боловсруулах замын өвчин их байдаг.

-Хоол хүнсэнд шим тэжээл гэдэг ойлголт явагдаг. Шим тэжээлийн илүүдэл, дутагдал эрүүл мэндтэй холбоотой?

-Яг үнэн, өдөрт хүний авах калорийн дундаж хэмжээ 2000 ккал. Дундажаар 10 ш бууз л хүний өдөрт авах килкалорийн /ккал/ хэмжээ. Тэгтэл бид авах ёстой хэмжээнээсээ ихэнх тохиолдолд хэтрүүлээд авчихдаг. Тэрний дийлэнх нь нүүрс ус. Ингээд байвал удахгүй чихрийн шижин өвчин тахлын хэмжээнд очино.

-Хамгийн харамсалтай нь залуухнаараа эрт өвчин яриад байна?

-Тийм. Өвчлөл өндөр байна. Бид нас баралтаасаа гадна өвчлөл өндөртэй оронд ордог юм байна лээ. Гадаадын мэргэжилтнүүд ирээд ямар их бие муутай юм бэ гэж хэлдэг. Манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ч ярьдаг. Гадныхан 50 хүртэлээ өвчин ярихгүй. 50 хүрээд өвчин ярьж эхэлдэг. Зарим оронд Японд 60 нас хүртэл юу ч ярихгүй. Тэгтэл бид асар их асуудалтай ард түмэн болоод байна.

Төмс, гурил хоёрын хооронд том ялгаа байхгүй

-Монголчуудын хувьд ногоо хэрэглэж сурахгүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт?

-Тэрийг зундаа цагаан идээгээрээ нөхөөд байдаг. Мал нь маш их ногоо иддэг, тэрийгээ цагаан идээгээр, сүүгээрээ ялгаруулдаг учраас малын сүүгээр орлуулж болоод байна. Үнэндээ мах гурил хоёроос өөр юм байхгүй байгаа.

-Өнгөт ногоог их идэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Боловсруулалтын хувьд нэг асуудал байна. Аль болох түүхийгээр нь идэж бйаж шим тэжээл нь чамд очино гэдэг. Гэтэл манай хэрэглэгчид түүхийгээр нь идэхээс илүү хэт их ялз болгодог?

-Тэр их зөв зүйтэй асуудал. Болж өгвөл түүхийгээр нь идвэл сайн. Гэхдээ энэ нь өөр нэг том асуудал дагуулдаг. Халдварын асуудал. Ядаж нэг удаа +100 хэмд халааж байгаад идэхгүй бол дан түүхийгээр нь идэх юм бол бохирдсон хүнсээр маш олон халдвар дамжих аюултай. Ялангуяа монгол шиг хүнсний аюулгүй байдлын хувьд баталгаатай биш оронд халдвар авах эрсдэлтэй. Тэгээд ч яаж тариалж боловсруулж хураасан юм билээ, бүү мэд. Үнэхээр сайн баоловсруулсан байх юм бол болно. Мэдээжийн хэрэг витамин, уургийн хэмжээ халаах тусам буураад явчихна. Тэр аргагүй задрал явагдана.

-Хүнсний ногоонуудаас хамгийн их борлогддог нь төмс байдаг. Гэтэл хамгийн ашиггүй хүнс нь төмс гэдэг?

-Төмсийг би хүнсний ногоо гэж боддоггүй. Монголчууд хүнсний ногоо идэж байна гэж бодож байгаа бол том төөрөгдөл. Яагаад гэвэл төмсөн дотор хамгийн их байаг юм нь цардуул. Энэ чихрийн шижин үүсгэдэг таргалуулдаг зүйлийн нэг нь цардуул. Цардуул их идэж байгаагаа би хүнсний ногоо сайн хэрэглэж байна гэж бодоод байвал төмс, гурил хоёрын хооронд том ялгаа байхгүй. Асар их нүүрс ус агуулдаг. Цардуул тэр чигтээ нүүрс ус, гурил ч мөн адил нүүрс ус. Тэгэхээр төмс идээд витамин сайн авч байна гэж бодож байгаа бол том андуурал. Бусад өнгөт ногоо гэж нэрлэдэг ногоон өнгөтэй, улаан өнгөтэй манжин лууван бол харьцангуй өөр ойлголт.

Архины тамхины асуудал, эрүүл зөв хооллолт, хоолны хэмжээний асуудал монголчууд бидэнд байна. ДЭМБ чихрийн шижин гэдэг өвчнийг их идэлтийн өвчин гэж зарласан. Хоолны доторх агуулга нь чихэртэй, чихэргүй байсан ч хамаагүй их иддэг л байх юм бол инсулины ялгарах хэмжээ улам л мууддаг. Тиймээс их идэлтийн өвчин, чихрийн шижин Монгол Улсад хоёр дахин нэмэгдчихсэн. Дэлхийн хэмжээнд ч мөн адил. Зөвхөн Хятадад 150 сая хүн чихрийн шижинтэй, Энэтхэгт 80 сая хүн чихрийн шижинтэй. Чихрийн шижингийн өндөр эрсдэлтэй хүн тэрнээсээ ч их байгаа. Энэ өвчин монгол руу орж ирж байна.

Хоол хүнс глобалчлагдаж байгаа. Хэтэрхий их элбэг дэлбэг болсоноос эсвэл чихрийн шижин үүсгэх магадлал өндөртэй хоолыг хэрэглээд байна. Яваандаа чихрийн шижин гэдэг Монгол улсад бас нэг гамшигийн хэмжээнд очих эрсдэл байна. Гэхдээ хоёр туйл байгаа. Манай монголын хувьд өдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүмүүс бас байна. Нөгөө талдаа өдрийн хоолны асуудал биш хэтэрхий их идээд байна. Тэгэхээр үүнээс болоод их идэлт, бага идэлт хоёрын туйл болчихоод байна. Их идээд байгаа хүмүүс нь чихрийн шижингийн асуудалтай болоод байна. Ер нь 30 гарсан эр хүн болгон л бондойсон гүзээтэй, эмэгтэйчүүдийн дунд ч таргалалт өндөр байна. Үнэндээ тэжээлийн илүүдэл таргалалт ихтэй, зарим газар тураалтай байна. Тэгээд хоол хүнсээ багасгах гэхээр улс төржүүлээд зарим нь турж үхэх гэж байхад гээд байдаг. Гэтэл үнэхээр тарагалалт ихтэй хүмүүс байгаад байна. Хоол тэжээлээ нэмэгдүүлээч ээ гэхээр зарим нь гүзээгээ дийлэхгүй байхад юун хоол тэжээл нэмэгдүүлэх гэнэ. Энэ бүхнийгээ тохируулах нь төр засгийн л ажил. Засаг төр энэ бүгдийг зохицуулж байх ёстой.

 Гэртээ хооллох нь хамгийн эрүүл сонголт 

-Сүүлийн асуулт. Ер нь эрүүл хоолыг хүмүүс гэж ойлгох хэрэгтэй вэ?

-Байгалын цэвэр гаралтай бүтээгдэхүүнүүдэд муу юм байдаггүй. Хоол хүнсийг дахин дахин боловсруулах тусам, боловсруулсан хүнс идэх тусам энэ нь эрүүл мэндэд муу. Гэртээ хооллох нь хамгийн эрүүл сонголт. Яагаад гэвэл хүн гэртээ хэзээ ч ямар нэгэн муу юм хэрэглэе гэж боддоггүй. Хэтрүүлж хэрэглэдэггүй. Хамгийн найдвартай хоол бол гэрийн хоол. Гадуур их хооллодог болон гэртээ их хоолллодог хүн 2–ын хооронд эрүүл мэндийн хувьд маш их ялгаа байна. Гол шалтгаан нь хүн гэртээ хамгийн цэвэр хоол хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулж хийдэг. Гэрт давсны хэрэглээ хоолны газар дахь давсны хэрэглээнээс бага байдаг. Яагаад гэвэл хоолны газар үйлчлүүлэгчээ татаж амттай болгохын тулд арай илүү давс хэрэглэдэг. Гэрт тэгэхгүй.

Нэгд,эрүүл мэндээ бодно. Мөнгө олох гээд хүнийг татах гэдэггүй учраас амталгаа нь их байдаггүй. 

Эх сурвалж: ZALUU.COM

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.