“Ёстой хүний тухай” найруулал

“Ёстой хүний тухай” найруулал

8 сарын өмнө

Бидний үеийхэн ЗХУ-ын зохиолч Борис Полевойн “ Ёстой хүний тухай тууж” зохиолыг амтархан уншиж бахархаж түүгээр хүмүүжсэн гэхэд болно. Ёстой хүнийг гадаадаас, гаднаас холоос хайх биш бидний дэргэд даруухнаас даруухнаар амьдарсаар байсныг хожуу мэдэхэд нэг л гуниг төрөх юм.
Зээлдмэл нэртэй энэ найрууллын маань баатар бол Говь-Алтай аймгийн Цогт сумын унаган хүү 1953-1958 онуудад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ын сайдын өндөр албан тушаал хашиж, нэгдлийн дарга, багш, хуульч, жолооч зэрэг өндөр мэргэжлийн ажил эрхэлж байсан, Т.Галсан гуайн хошигнодог шиг “ Тэмээ хариулж байсан болохоос тэмээ болоогүй, “Туг ч барьж үзсэн тугал ч хариулж үзсэн” Содномын Аварзэд агсан бөлгөө.
1960,70,80-аад онуудад тэр үеийн Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдэл гадаад, дотоодын олон дээд сургуулийг төгссөн, гадаад хэл болон мэргэжлийн өндөр боловсролтой, нам, төр засгийн удирдлагад, өндөр алба хашиж байсан сум-нэгдлийн дарга нартайгаа, (Содномын Аварзэд- Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-н сайд асан, Батын Дашзэвэг-ЗХУ-д Комсомолын болон Коммунист намын дээд сургууль төгссөн, МХЗЭ-ийн Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга асан ) анхны саятан дөрвөн нэгдлийн нэг байснаараа алдартайсан....
Миний эцэг М.Цагаан 1960-1980-аад онд тус нэгдэлд ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй ажиллахдаа энэ эрхэм хүмүүс, томчуудтай гар, сэтгэл зүтгэл нийлэн ажиллаж, хамтран төрд зүтгэж байсны хувьд ч, эр хүн, хүн ёсны хувьд ч өнө удаан жил нөхөрлөсөндөө.... Бид ч гэсэн хэдэн хүүхдүүд нь хэдэн буугаар нь ээлжлэн тоглож, гэр гэрийнхээ боов боорцгийг нь багагүй хороодог байсан.
Аав минь бидэнд “ Боловсролтой, мэдлэгтэй, амьдралын хат суусан хүмүүстэй хамтран ажиллахад их түшигтэй байдаг. Цогтын ард түмэн том хүмүүсээр удирдуулах амны хишигтэй улс гээд” С.Аварзэд гуай бол энэ нутгийн хүн Оросын элчин Молотовтой хил тогтоох асуудал, газар нутгийн маргаанаас болж, Б.Дашзэвэг гуай бол урд Чамдмань сумын Ц.Лоохууз гэдэг хүнд хүүхдээ үрчлүүлсний улмаас эсэргүүний хамсаатан хэмээн албан тушаалаасаа бууж ирсэн юм.
“Албан тушаал мөнх биш амьдрал нэр хүнд мөнх юм шүү. Ийм хүмүүсийг энэ алтан нутаг руу цөлж хашраана гэж юу байх вэ? ,, гэж сургадаг байж билээ.Тэр үед балчир ой ухаан минь энэ хүний талаар ийм л санамжтай байлаа.
С. Аварзэд гуайн амьдрал алба, ажил үйлсийн талаар Г. Аким, Нинж Лхагва, Ц.Хасбаатар, Г.Донид, П.Батнайрамдал, Ц. Навагчамба, Х.Баттулга гээд л манай нэртэй сэтгүүлчид томоохон өгүүлэл найрууллуудыг биччихсэн болохоор “над мэтэд юу л үлдээв гэж” өөрийгөө чамлах боловч хар багаасаа айл хөрш явж хүүхдүүдтэй нь тоглож өссөн, мөн тэр хүний маргалдан тэмцэж авч үлдсэн алтан нутаг, хил хязгаарыг хамгаалж, Монгол улсын хилийн болон хил хамгаалалтын түүхийг өөрийн хэмжээнд судлаж, үр шимээр нь амьдарч яваагийн хувьд энэ хүний талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх нь Алтай нутгийн алтан нутгийн хүүгийн хувьд ч , аавын минь найзын хувьд ч , өндөр гавьяаг нь хүндэлдгийн хувьд ч, үүрэг, үйлс гэж үзэн өөрийгөө голж зүрхшээн байвч зориглон бичиж буй минь энэ бөлгөө.

С. Аварзэд агсны хувийн ажил, алба, амьдрал төдийгүй түүний гэр бүл, үр хүүхдүүдийнх нь хувь заяанд ихээхэн нөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн Туватай хиллэдэг хэсгийн хил тогтоох хэлэлцээр, үйл ажиллагааг тодорхой харуулахын тулд Монгол-Тува, Монгол-Зөвлөлтийн хилийн түүх, үүсэл хөгжил, харилцааны талаар ойлголт өгөх нь зөв болов уу?
1957 оны хэлэлцээрийн өмнө өрнөж байсан түүхэн үйл явдлуудыг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, хил залгаа Орос улстай харьцаж байсан харилцаа, тухайлсан хэсгийн улсын хилийн үүсэл түүх, хөгжил гээд түүхийн тодорхой орон зайд, гурван цагийн хэлхээнд авч үзэх нь тухайн найрууллын гол санааг гаргах, С. Аварзэд агсны мөнхүү мөн чанарыг тодруулахад тус болох нь дамжиггүй юм.
Хилийн түүхээс хураангуйлан өгүүлэх нь : Монгол-Тува , Монгол-Зөвлөлийн харилцааны түүхэнд хилийн болон газар нутгийн асуудал онцгой байр суурь эзэлдэг.
Тувачууд 16-р зууны үед Тагнын уулсаар нутаглаж байхыг Манжийн хаан заан тогтоож өгснөөс хойш тэнд аж төрөх болсон. Тэр үеэс хойш Монгол, Тува хоёр зэргэлдээ аж төрөн Арван баядын хүрээ хийдэд Тувагаас хүмүүс шавилан сууж лам хуврагын сургууль дүүргэж нутагтаа буцдаг төдийгүй , Баядын овоо тахилгад оролцдог байсан түүхтэй. Тэр үед Арван баядын буюу одоогийн Тэс, Зүүнговь, Малчин сумдаас Тагна уулыг давж бэлчээр хөөж нүүн Енисей мөрний хөвөө эрэг хүрч байв.
1689,1727,1864 онд Манж Чин Улс-Хаант Оросын хооронд Хилийн гэрээ байгуулагдаж хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх үед уг ажил тухайн үеийн байдлаас үүдэн шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдоогүй, хоёр овооны хооронд хилийн байршил нь тодорхой бус, хилийн овоонууд нь хоорондоо 10-70км, дунджаар 40км зайтай байсан ба газар орны хувьд зохистой оновчтой байдалд тохируулж чадаагүй, хилийн гэрээ, протоколд овоо тэмдэгт босгосон газрыг янз бүрээр нэрлэж, нэр өгч байснаас биш хилийн шугамын байршил, зүг чигийг газар дээр нь болон протоколд тодорхойлоогүй байна.
1911 онд Монгол улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөх үед Тува, Монголын хилийн заагийг нарийсган Тагна уулын бэлээр байсан хилийн хайч замыг дахин тодотгож, чулуугаар овоо босгон хуучны бичигтэй пайз хатгасан байсан нь 1940-өөд он хүртэл байжээ. Тагна уулын бэлийн орчим байх Алаг уулын араар замын Монгол талд нь Чулуун овоо дээр худам монгол бичгээр “Бадаргуулт төр хааны нутаг” гэж бичсэн байв. Түүнээс зүүн хойш Тагна уулнаас эх авсан Арсанаг, Шивээлэг хэмээх хоёр голын дунд овоолсон чулуун дээр пайз хатгасан агаад түүн дээр “ Бадаргуулт төр хааны нутаг Хүн тахын албат Монгол улс” гэсэн бичиг байжээ.
Олон зуун жил нэгэн улсын бүрэлдэхүүн хамт байж, хүн ард нь айл хөрш аж төрөн, нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан тус Монгол, Тувагийн хооронд хилийн тодорхой шугам тогтсон хатуу зааг байсангүй. Хоёр орон биеэ даан тусгар тогтнолын замд орж хил хязгараа зааглан тогтоох үед эл байдал нилээд асуудал, бэрхшээл үүсгэсэн юм.
1926 оны 8-р сарын 16- нд БНМАУ, БНТАУ-ын хооронд Улаанбаатар хотноо байгуулсан найрамдлын гэрээ бичгийн 6-р зүйлд “Монгол, Тагна, Тува хоёрын нутгийн зах хил хязгаарын газрыг хоёр этгээдийн засгийн газраас зөвлөн хэлэлцэж тусгай комисс гарган нутгийн зураг, цэсийг баримталж шинэчлэн тогтооно “ хэмээн заасны дагуу 1923 оны 10-р сард Монгол улсын засгийн газар, МАХН-ын Төв хорооноос БНМАУ, БНТУ-ын хил хязгаарыг шинэчлэн тогтоох хилийн асуудлыг цэгцлэх Төв комисс томилсон байна.
Хил тогтоох асуудал нарийн төвөгтэй асуудал тул хоёр тал нэлээд бэлтгэл хийсний эцэст 1930 оноос хил тогтоох хэлэлцээ хийж эхэлсэн байна. 1930 оны 3-р сарын 16-нд
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Б. Элдэв-Очир , Ө. Бадрах ТАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Тока нар хилийн комисс байгуулах тухай протоколд гарын үсэг зуржээ.
Уг протоколын хил тогтоох зарчмыг тодорхойлсон 3-р зүйлд “Манай хоёр орон ардын хувьсгалт намын удирдлагаар социализм байгуулж буй тул хилийн асуудлыг шашин-үндэсний заншил, хуучин зарчмааар биш, харин ард олон, тэдний аж ахуйг соёлтой хөгжүүлэх зарчим баримталбал зохистой” гэжээ. 1930 оны 3-р сарын 16-ны өдөр хоёр улсын ардын хувьсгалт намын бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр доорхи үндсэн саналуудыг тодорхойлжээ.
Үүнд: Монгол, Тува хоёр улсын комиссуудаас 1930 онд мэдэгдсэн хил хязгаарын тухай сүүлчийн саналуудыг зааг шугамыг баримталж тэмдэг бүхий дэвсгэр газрын нэгэн тэмдгээр хувааж, түүний хойт талыг Тувагийн нутаг дэвсгэрт оруулах, Тагна Тува ард улсын давсны асуудлыг хангадаг давсны ганц газар болох Давст уулыг Тувагийн нутаг дэвсгэрт оруулах боловч Монгол ард улсын хил хязгаарийн дэргэдэх ард олон мөнхүү уулаас давсыг үнэ төлбөргүй хэрэглэх.
1. Увс нуураас зүүн этгээдэд буй дөрвөлжин хэсэг газрыг хойд ба өмнө хоёр тийш хувааж, Ахир уулын баруун өмнө өврөөр элсийг дайруулан Нисэх уулын орой хүртэл татаж, энэхүү дөрвөлжин хэсэг газрын хойд талыг Тагна Тува Ард улсын нутаг дэвсгэрт оруулж өмнө талыг Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт оруулах.
2. Аль нэг газруудын тухай хоёр улсын комиссын хэсгүүдийн хооронд зөрөлдөөн гарвал комисс мөн газарт хүрэлцэн ирж, зөрөлдөөнтэй газрын байдлыг шинэчлэн үзэн таслэн шийдвэрлэх.
3. Хилийг тогтоохдоо 1930 онд БНМАУ-ын ШУХ-гээс тогтоосон хил хязгаарын дэргэдэх газруудын тухай Шагжийн зургийг баримтлан гүйцэтгэх. Хил тогтоосон тогтоол бичигт хоёр улсын хооронд тогтоосон хилийн өгүүллийг сайтар тодорхойлох.
4. Хил тогтоосон тухай тогтоолыг хоёр засгийн газраас баталсны дараа хүчин төгөлдөр болно. Хил хязгаарын овоо тэмдгүүдийг мөн хилийн тухай комиссын тогтоолыг хоёр улсын засгийн газраас баталсны дараа босгож тэмдэглэх.
5. Хил хязгаарын ойролцоо оршин суудаг ард олныг малын бэлчээр, ус, ой мод, ангаар хэрхэн хангах тухай асуудлыг хоёр улсын хооронд хилийг тогтоож дууссаны дараа хоёр улсын хооронд тусгай хэлэлцээ байгуулж гүйцэтгэнэ гэжээ.
Үүний дараа хоёр орны засгийн газраас томилогдсон хамтарсан комисс шинээр хил тогтоох асуудлаар 2 жил гаруй хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Хэлэлцээн дээр Монголын тал хуучин хилийн шугамааар буюу Тагны нуруугаар, Тувагийн төлөөлөгчид дээр дурдсан протоколын дагуу Монголын хилийн харуул байрлаж байсан газар шинээр хил тогтоох санал тавьсан тул хоёр тал мухардалд орсон юм. Тувагийн тал 1931 оны эцсээр Монголд суугаа элчин төлөөлөгчөөр дамжуулан хилийн хэлэлцээг үргэлжлүүлэх санал тавьжээ.
Монголын ГЯЯ-ны сайд Х. Чойбалсан 1932 оны 2-р сард Засгийн газарт ирүүлсэн албан захиандаа : “Монгол улс өнгөрсөн жил Тува улстай хил нийлэх хязгаар нутгийн будлиантай асуудлыг найрамдалт ёсоор тогтоох 2 улсын засгийн тусгай комиссыг уул хэргийг эрхлэх үед шийдвэрлэсэн санал, холбогдох зураг, түүхэн баримтыг гарган шийдвэрлүүлэхээр Тувагийн засгийн газрын комисст танилцуулсан боловч Тувагийн засгийн газар манай комиссын саналыг үл зөвшөөрөн татгалзсан юм. Мөн Тувагийн ГЯЯ-ны сайдад захидал илгээсэн боловч хариу өгсөнгүй. Иймд хоёр улсын ашиг тусын тулд хилийг шинэчлэн тогтоож, тасалбар болгохыг хүсэж байна. Тувагийн засгийн газрыг дахин тогтоолгох саналыг ёсоор болгож, Тувагаас хилийн асуудлаарх хамт шийдвэрлэх тусгай заавар боловсруулан орох зардлыг хамтран тогтоож батлах нь зүйтэй” гэжээ. Үүнээс удалгүй 3-р сард Монголын Засгийн газраас Монгол , Тувагийн хилийн хэргийг цэгцлэх гүйцэтгүүлэх комисс байгуулан, түүний бүрэлдэхүүнд нөхөр Ламжав, Цэенрэгзэн, Машгарав мөн 4 аймгийн даргыг тус тус оруулжээ.
Харин 1932 оны 7-р сарын эхээр П. Гэндэн Ерөнхий сайд болсныхаа дараа Тувагийн саналын дагуу БНМАУ, БНТАУ-ын хоорондын хилийн протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол-Тувагийн хил Тагнын нуруугаар биш харин түүнээс 10-40км дотогшлон манай улс хилийн зааг нутгаа алдсан ажээ.
1932оны хилийн протоколыг БНМАУ-ын Улсын бага хурал “ард түмний эрх ашигт үл нийцсэн” хэмээн үзэж батлаагүй.1934 онд Монгол, Тувагийн засгийн газрууд дахин хилийн асуудлаархи хэлэлцээгээ сэргээв. БНМАУ-аас БНТАУ-д суугаа төлөөлөгч Гомбожав, Тувагийн ерөнхий сайд Жүрмэддаш хоёр улсын засгийн газраас томилогдсон тухай комисс харилцан ярилцаж 3 зүйлийн гэрээ бичиг байгуулахаар тогтов хэмээн мэдэгдсэн тухай албан захидал ирүүлжээ. Үүнд :
1. Хоёр улсын хил хязгаар орчмоор нутаглан суугаа ардуудын аж төрөх явдлыг хялбар дөхөм болгох.
2. Хил хязгаар болох Цагаан толгой хэмээх газраас эхлэн Мөнхсарьдаг хэмээх газар хүртэл хил тогтоох асуудлыг хэлэлцэж дуусгах.
3. Хил орчим ардуудын малыг санамсаргүй алдах, зальт этгээд хулгайлан авсан тохиолдолд харилцан нэвтрүүлэх, хил орчмын ардуудын асуудлыг шийдвэртэй хамгаалах тухай гурван зүйлийн тухай гэрээ бичиг харилцан тохиролцсоноо мэдэгдсэн болно гэжээ. Гэвч энэ удаагийн дахин олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд хилийг шинэчлэн тогтоох асуудал нилээд саад бэрхшээлтэй тулгарчээ. Тухайлбал : Тувад сууж байсан манай элчин төлөөлөгчөөс 1935 оны 06-р сард ирүүлсэн нэгэн захидалд, хил хязгаарын овоо тэмдгийг шинэчлэн тогтоох үед Увс аймгийн Сагил,Бөхмөрөн зэрэг хэдэн сумын 800 гаруй өрх ардууд нутаг бэлчээрээр гачигдаж байгаагаас гадна ард олны санаа сэтгэл тогтворгүй болох байдал ажиглагдсан ба эдгээр ардууд гадаадын нутагт оршин суухад хүрэх тул энэ удаа хилийн овоо тэмдгийг босгох ажлыг түр азнаж, хоёр улсын ардууд эртнээс идээшилж ирсэн газар нутгийн асуудлыг нааштайгаар хэлэлцэн хил хязгаарыг тогтоох ажлыг зүй зохистой гүйцэтгэвэл зохино гэж дурьдсан байна.
1940 оны 5-р сард Улаанбаатар хотноо БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд маршал Х. Чойбалсан , БНТАУ-аас БНМАУ-д суугаа бүрэн эрх барих төлөөлөгч нөхөр Намсрайтай хилийн асуудлаар дэх хэлэлцээ явуулах талаар дараах зүйлүүдийг хэлэлцэн тохиролцжээ. Үүнд :
1. БНМАУ ба БНТАУ хоёрын зааг нийлсэн хилийн шунамыг үнэн зөвөөр тогтоохын тулд энэ 1940 онд хоёр улсын засгийн газраас тусгай комиссыг гаргаж гүйцэтгүүлсэн.
2. Монгол Ард Улс ба Тува Ард Улсын хилийн шугамыг тодорхойлохдоо баримтлах зүйлүүд:
а/ Монгол Тува 2 улсын хилийн шугамын тухай хуучин түүхт материалыг гарын авлага болгон хэрэглэх
б/ 1932 онд хоёр улсын засгийн газраас хилийг тогтоохоор томилогдсон комиссуудын материалыг яг баримтлахгүй бөгөөд тэрхүү материалыг хилийн шугамыг тодотгох ажилд ашиглаж болно.
Энэ удаагийн хэлэлцээний зарчмууд нэлээд түүхэн уламжлал, бодит байдалд ойртсон байлаа. Монголын хилийн комиссын дарга Янжмаа 1940 оны 8-р сарын 11-ны өдөр гэрээ хэлэлцээ явагдах Хандгайтад хүрэлцэн очиж Тувагийн засгийн газрын комиссын дарга Бадраатай хоёр засгийн газраас олгосон итгэмжлэх бичгийг солилцон, 12-ны өдөр анхдугаар хамтарсан хурлыг зарлан хуралдуулжээ. Энэ удаагийн хэлэлцээрээр газар орны байдлыг газар дээр нь танилцан зарим үед түүхэн материалыг тулгаж үзэн, нэлээд хэмжээний газарт санал нийлж байсан бөгөөд зарим санал зөрөлдөөнтэй газрын асуудлыг сайтар нягтлан судалсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр тохиролцжээ.
1940 оны хилийн хэлэлцээ эцсийн үр дүнд хүрч чадаагүй бөгөөд 1940 оны 10 сард Тува ЗХУ-д нэгдсэнээр хилийн асуудал Монгол-Зөвлөлтийн хоорондын асуудал болсон билээ. Энэ үед ЗХУ-ын хилийн цэрэг Автономит мужийн хэсэг дэх Монгол-Зөвлөлтийн хилийг 1932 оны Монгол-Тувагийн хилийн комиссын тодорхойлсон шугамын дагуу хамгаалалтандаа авчээ.
Монгол-Тагна Тувагийн хооронд 1926-1944 он хүртэл 18 жилийн дотор хилийн асуудлыг 4 удаа авч хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм.
1957 оны эцсээр Монгол-Зөвлөлтийн хэлэлцээр эхлэх үед МАХН-ын улс төрийн товчооны 1957 оны 11 дүгээр сарын 2-ны 387 дугаар тогтоолд “ Хилийн шугамыг тодруулан тогтоох хэлэлцээг явуулахдаа түүхт материалыг голчлон үндэс болгохоос гадна ард түмний одоогийн амьдралын шаардлагыг харгалзан гүйцэтгэх” чиглэл өгчээ. Мөн оны СнЗ-ийн 458 дугаар тогтоолоор хилийн хэлэлцээ хийх засгийн газрын төлөөлөгчдийг баталж, даргаар нь ГЯЯ-ны сайд С. Аварзэдийг томилсон. Хэлэлцээр Монгол-Тувагийн 1932, 1934 оны гэрээг түүхт материал гэж үзэх эсэхээс эхлээд маргаантай, сунжрах төлөвтэй болсон юм. Гэвч ЗХУ-аас манайд сууж байсан элчин сайд В.М. Молотов хилийн асуудлыг 1932 оны протоколын дагуу шийдэхийн тулд ЗХУКН-ын Төв хорооны мэдэгдэх бичгийг Монголын талд гардуулан хүчтэй шахалт үзүүлсэний дараа хилийн хэлэлцээ үндсэндээ Зөвлөлтийн талын саналын дагуу явагдаж, 1932 онд тогтоосон шугамаар Монгол – Зөвлөлтийн Тувагийн хэсэг дэх хил тогтоогдсон юм.
Монгол-Зөвлөлтийн хилийг Тувагийн хэсэгт газар дээр нь тогтоож гэрээ байгуулахаар манай засгийн газар 1957 онд Зөвлөлтийн талд санал болгосны дагуу мөн оны 12-р сараас 1958 оны 01 сарын 30-ныг хүртэл Улаанбаатар хотноо хоёр талын төлөөлөгчдийн хооронд хилийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ явагдаж нийт 13 удаагийн хуралдаан болжээ.
Хэлэлцээр 2 сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд анхнаасаа л хурц тэмцэл маргаан, мэтгэлцээн дунд өрнөж өөр өөрсдийн байр суурийг хамгаалсан байдлаар явагдсан байдаг.Хэлэлцээрийн явцад С.Аварзэд 13 удаа, В.М.Молотов 11 удаа үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Хэлсэн үгийн утга санаа, агуулгаас нь харахад уг хэлэлцээр ямар хүнд нөхцөлд явагдаж байсан , хэн нь хэн бэ? гэдгийг хэнч ойлгохоор байлаа.
Тухайлбал, В.М.Молотов “ Монголын газар нутгаас баруун болон баруун хойт хилийн дагуу Асгатын оройгоос Их Соёоны нуруу хүртлэх гүнээрээ 3-30 км өргөн 300 орчим км урт газрыг ЗХУ-д таслан өгөхийг” шаардсан байдаг.
С.Аварзэд “Энэ бол дээр үеэс уламжлагдан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй” гэсэн хариулт өгсөн байдаг. Мөн нэг удаагийн уулзалт дээр В.М.Молотов “ нөхөр Аварзэд алгын чинээ газартай юунд нь зууралдаад байгаа юм бэ? Ер нь ирээдүйд танай Монгол чинь хаана, ямар байх нь тодорхойгүй шүү” гэж хэлсэн байдаг. Тэр алга дарам газар нутагт нь Асгатын оройгоос Их Соёоны дагуух газар нутаг , Хөвсгөл орчимд Шишгэдийн хөндий голтойгоо баруун тийшлээд Тэсийн гол багтсан нийт 7000 хавтгай дөрвөлжин км газар нутаг бөгөөд Асгат орчмын 84 хавтгай дөрвөлжин км газрыг Монголд үлдээгээд Монголын уламжлалт түүхэн хил дагуу Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавгай дөрвөлжин км газар нутаг тасдан авч чадсан түүхтэй.
Монгол-Зөвлөлтийн хоорондох / Тувагийн хэсгийн 1305 км/ хилийн тухай гэрээнд 1958 оны 3-р сарын 26-нд Улаанбаатар хотноо БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч Л.Цэнд, ЗСБНХУ-аас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.М.Молотов нар гарын үсэг зурав. Уул гэрээг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид 1958 оны 4-р сарын 13-нд, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчид 1958 оны 5-р сарын 24-нд тус тус баталж , батламж жуух бичгүүдийг мөн оны 6-р сарын 3-нд Москва хотноо солилцжээ.
Гэрээний дагуу хоёр улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажил 1958-1960 онд явагдаж дууссан бөгөөд демаркацийн баримт бичгүүдийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1961 оны 01-р сарын 16-нд баталжээ. Ийнхүү Монгол-Тувагийн хооронд олон жил шийдэгдээгүй явж ирсэн хилийн асуудлыг нэг тийш болгон шийдвэрлэжээ.
С. Аварзэд агсны Монгол улс , Монголын ард түмний өмнө бүтээн байгуулсан түүхэн гавьяаг ганц өгүүлэл , найрууллаар илэрхийлэх нь хангалтгүй бөгөөд товчоос товч дүгнэвэл:
Монгол улсын түүхэн хилийг хэвээр байлгахын төлөө нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө, мятрашгүй тэмцэж энэхүү хүч тэнцвэргүй тулаанаас харин ч хохирол багатайгаар гарч чадсанд орших бөгөөд ганц тоогоор илэрхийлэхэд Монгол улсын газрын зураг дээр цэг төдийгөөр тэмдэглэгддэг ч 84 хавтгай дөрвөржин км газрыг эзэлж өнөөгийн үнэлгээгээр 4,2 тэрбум ам долларын өртөгтэй 2566 тн цэвэр мөнгөний нөөцтэй бусад дагуул ашигт малтмал бүхий Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт улсын хилийн торгон зааг дээр орших Асгатын мөнгөний орд газрыг авч үлдсэн билээ. Энэ бол эдийн засгийн чанартай ганц л тоо л юм.
Мөн тухайн үеийн улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал эдийн засгийн бүхий л хүрээнд “ах дүү ёсны хуваалт хуваарилалтын зарчим “буюу” ах нь дандаа томыг авдаг” хэлбэр үйлчилдэг, гадныхан гадаадыхан тэр тусмаа Зөвлөлтийн ах нарыг хүндэтгэн бүхнээ л барьдаг, зориулдаг байсан тэр цаг үед эх нутаг, газар шороо, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, улс хилийн халдашгүй дархан байдлыг хангах, түүхэн хилийг олон зууны турш өвлөгдөн ирсэн хэвээр нь хойч үедээ үлдээхийн төлөө тэмцсэн тэмцэл нь өнөөгийн бидэнд, ирээдүйн хойчид ч Монгол хүн , Монгол улсын иргэн төрийн түшээ, эх орны эрх ашгийг бүхнээс бүгдээс дээгүүр тавих , тавьдагийн жинхэнэ жишээ , жишиг болсонд оршино.
Бүхнээ, Бүгдийг тэр байтугай амиа алдана гэдгийг мэдэж байсан ч эх орныхоо төлөө зүтгэнэ гэдгийг үг хэлээрээ бус үйл ажиллагаараа хойч үедээ нотолсон С. Аварзэд гуайн гавьяа зүтгэл өнөө ч мартагдах учиргүй.
Өнөөгийн эх орноо , нутаг дэвсгэрээ , эрдэс баялгаа гадныханд найр тавьсан хүмүүс энэ хүнээс үлгэр жишээ авдаг болоосой гэж горьдож суудгаа нуух юун.
Монгол улсын нутаг дэвсгэрийн ашигт малтмал бүхий газруудын 60 хувийг 60 жилийн хугацаатайгаар гадныханд түрээслүүлсэн гэсэн тоог эмзэглэхгүйгээр хүлээн авах боломжгүй юм.
Эх орон , эх нутагтаа халуун хайртайг биеэрээ харуулсан энэ эрхмийн алдрыг мөнхжүүлэхээр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн 8-н жилийн дунд сургуулийг С. Аварзэд агсны нэрэмжит болгохоор олон жил хөөцөлдөж олон газрын үүд татаж, олон албан тушаалтан, түшмэдтэй уулзаж учирсан ч , учирласан ч тодорхой алдар цол, гавьяа шагналгүй хүн байна, энэ нь нэрэмжит байх, болзол журам зааврыг хангахгүй байга гэж хад мөргүүлнэ . Энэ хүний байгуулсан гавьяаг гавьяа гэхгүй бол ямар гавьяаг гавьяа гэх юм бэ гэж түргэн хэллэгийн хэлбэрээр асуумаар санагдана. Хятадад Монголыг нэгтгэхийн төлөө тэмцэгч ерөнхий сайд асан Ба Лингийн Цэрэндорж, түүхэн хилийг өөрчилснийг зөвшөөрч гарын үсэг зурж энэ хэлэлцээрийг ээдрээтэй болгох, асар их хохирол учруулах эхлэл, нөхцөлийг бүрдүүлсэн ерөнхий сайд асан П. Гэндэн, өнөө үеийхэн Монгол улс, Монгол үндэстний өмнө байгуулсан тодорхой гавьяагүй тухайн зурвас үед албан тушаал хашиж байсан олон хүмүүст төдийгүй монгол ганзагын наймаачдыг хөлжүүлсэн тарвага, монгол банхар, зугаа цэнгэлийн дээд манлай хурдан морь зэрэг амьтдад зориулсан олон сая төгрөгний өртөг бүхий хөшөө дурсгал сүндэрлэж, нэрэмжит гудамж, талбай, байгууллагын уртын урт жагсаалт хөврөвч жинхэнэ эх орончдын дүрс, нэр ч үл дурьдагддаг нийгмийг бид бүтээж байна.
Монгол улсын тусгаар тогтнолд түүхэн гавьяа байгуулсан Богд хаандаа эх оронч С.Аварзэд агсанд хөшөө босгоогүй байж банхар нохойд хөшөө босгосонд харамсаж буй сэтгүүлчтэй санаа нэг байна.
Асгатын мөнгөний орд ашиглалтанд орох тэр үед Аварзэд гуайд мөнгөн хөшөө босгохсон, нэрэмжит болгохсон.
PS. Энэхүү найрууллыг 2011 онд ГХЯ байгуулагдсаны 100 жилийн ойн уран бүтэлийн уралдаанд зориулан бичсэн бөгөөд “Найруулал” төрөлдөө тэргүүн байр эзэлсэн болно.
С.Аварзэд агсны үйл гавьяаг мөнхлөх ажлыг уйгагүй хөөцөлдсөний үр дүнд Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор Цогт сумын Баян тоорой багийн дунд сургуулийг С.Аварзэдийн нэрэмжит болгосон юм.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дах ХЦ-285-р ангийн Асгатын заставыг С.Аварзэдийн нэрэмжит болгохоор журам, заавар дагуу Хилийн анги, заставын хуралдааны тэмдэглэл, Ногооннуур сумын ИТХ-ын тогтоол болон бусад бичиг баримтыг бүрдүүлэн Баян-Өлгий аймгийн ИТХ-д хүргүүлсэн боловч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн ... нь С.Аварзэдийн авч үлдсэн Асгат нутагт амар тайван амьдарсанаас өөр гавьяагүй өөрийн эцгийн нэрэмжит болгохоор “сөрөг базаа” хийн хувиараа ичгүүргүй хөөцөлдөн, хууль бусаар тогтоол гаргуулсан учир ХХЕГ-ын даргын тушаалаар ХЦ-ийн анги, салбарыг нэрэмжит болгох асуудлыг түр зогсоосон тухай тушаал гарснаар энэ ажил зогссон болно.
Асгатын мөнгөний ордыг эдийн засгын эргэлт, ашиглалтанд оруулах ажил идэвхжисэн энэ үед нэгэнт ард түмнийхээ өмнө гавьяагаа байгуулчихсан, амь насаараа дэнслээд алтан нутгаа аваад үлдчихсэн С.Аварзэд агсны гавьяаг хойч үедээ хүргэх, мөнхлөх нь Монгол орны газар нутаг, шороог авч үлдэх биш арилжин худалдагчид олширсон энэ бусармаг нийгэмд жинхэнэ эх орончийн үлгэр дуурайлал болох юм.
Асгатын застав, Асгатын мөнгөний ордыг С.Аварзэдийн нэрэмжит болгох үйлс үргэлжлэх болно, үнэн эх орончид нэгдэнэ, туслана гэдэгт итгэнэм.

Доктор, профессор Ц.Ганболд