“Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх өр 126 сая ам.доллар болж өсчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх өр 126 сая ам.доллар болж өсчээ

5 сарын өмнө

“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх нийт өр 99 сая доллараас 126 сая гаруй доллар болж өсчээ. Сард 1 сая долларын хүүгийн төлбөр нэмэгдэж тэр хэрээр “Стандарт” банкинд төлөх өр зузаарсан нь энэ юм. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажил руу нэн даруй ханцуй шамлан орохгүй бол сард 1 сая долларын хүүгийн төлбөр нэмэгдсээр нэг мэдэхэд дааж давшгүй өрөнд унаж мэдэх нь.

“Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, тухайн үеийн дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Уг зээлсэн мөнгөө хуваарийн дагуу төлж байсан ч 2013 оноос төлөөгүй учир батлан даагч болох “Эрдэнэт үйлдвэр”-т “Стандарт” банк хандсанаар уг асуудал олон нийтэд ил болж мэдэгдсэн.

Тухайн үед батлан даалт хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын тамга тэмдэг бүхий гарын үсгийг хуурамч хэмээн манай улсын хууль хяналтынхан үзсэн ч Арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоосон байдаг. Улмаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг 2013 оны наймдугаар сард уг асуудалд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад биеийн байдал нь муудсантай холбоотойгоор 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргасан. Үүний дараа түүнийг 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн Өршөөлийн хуульд хамруулан чөлөөлсөн ч өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш мөн дээрх асуудалтай холбогдуулан цагдан хориод байна.

Харин энэ хугацаанд “Стандарт” банк 109 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрт хандан, гурван удаагийн шүүх хуралд ялалт байгуулаад байна. Арбитрын шүүхээс зээл, зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 99 сая ам.долларыг нэхэмжилсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл энэхүү мөнгө төлөгдөхгүй явсаар хүү, алдангитайгаа нийлэн 126 сая доллар болж өсчээ.

Олон улсын арбитрын шүүхээс Ш.Батхүүгийн өрийг төл гэх бичгийг Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд албан ёсоор ирүүлсэн.

Уг өрийг төлөхгүй тохиолдолд Орхон аймгийн Амарын талбай, эсвэл Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, хариуцагчийн эзэмшдэг харилцах дансанд байрлах бүх мөнгөн хөрөнгийг авах шийдвэр гаргасан талаар О.Баасанхүү гишүүн хэлж байлаа.

"Эрдэнэт"-ийн энэ хэрэг дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд ахлагчаар нь Я.Санжмятав ажиллаж буй юм. Тэрбээр Эрдэнэтийн асуудлыг зохицуулахгүй бол Монгол Улсын гаднаас авах зээл тусламжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй саалийн ганц үнээгээ алдахад хүрч магадгүйг сануулсан.

Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга асан Г.Занданшатар "Эрдэнэт" үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой маргаанаас үүдэж Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх зүйн чадамжгүй болсон. ТУЗ-ийн гишүүд эрх зүйн чадамжгүй болсон тул Засгийн газар “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг судлах шаардлагатай” гэх мэдээллийг өгсөн билээ.

"СТАНДАРТ" БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШАЛГААД ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хаалттай хуралдаж, 51 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байдаг. Ингээд Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж “Стандарт” банкны нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах талаар судлах шийдэлд хүрсэн ч одоог хүртэл ямар нэгэн үр дүнтэй ажлыг хийгээгүй л байна.

Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад хилийн хориг тавьж, Европын улсууд руу нэвтрэхийг нь хориглоод буй. Энэ мэт олон улсын шүүхийн хориг арга хэмжээнүүд цаашид ч үргэлжлэх нь тодорхой байгаа юм.

Ямартай ч Ш.Батхүүгийн тухай үеийн үйлдвэрийн дарга, эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан тавьсан өрийг Монголын Засгийн газар төлөх нь тодорхой байхад У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудлыг өөрсдөөсөө бултуулсаар байна.

 

MEDEE.MN