ХОХИРОГЧ Т: Халдвартын эмнэлэгт очиход шууд л “KFC” идсэн үү гэж асуусан

ХОХИРОГЧ Т: Халдвартын эмнэлэгт очиход шууд л “KFC” идсэн үү гэж асуусан

7 сарын өмнө

-“ТАВАН БОГД” НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ ХОХИРОГЧДЫГ ХАЯЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ-

Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC Монголд 2013 онд нээгдэж нийслэлчүүд тэр чигээрээ дугаарлаж байлаа. Өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Хамгийн анх энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн таван хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ирсэн байна. Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 78 хүн хордлого авчээ. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.


Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтаас Зайсан дахь “КFC”-ийн салбарыг түр хугацаанд битүүмжилж, хаагаад байгаа аж. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтаас уг асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу гарна. Бид шинжилгээний хариу гарсны дараагаар олон нийтэд мэдээлэх болно.


Бид хордлого авсан иргэдээс төлөөлөл болгож Баянгол дүүргийн III хорооны иргэн Д.Тунгалагаас тодруулга авлаа.

-Таны биеийн байдал ямархуу байна. Одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юу?

-Миний бие гайгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Харин хоёр охин, нөхөр маань ХӨСҮТ-д хэвтчихсэн эмчилгээ хийлгэж байна. Том охин маань хоёрдугаар сарын 12-ны өдөр хичээлээсээ “Толгой өвдөөд байна” гээд ирсэн юм. Биеийн халууныг нь үзтэл 37.5 байснаа төд удалгүй 38.8 болсон. Тэгэхээр нь шууд өрхийнхөө эмнэлэгт аваачиж үзүүлтэл “Танай хүүхэд булчингийн чангаралтай байна. Цахилгаан менингит байж магадгүй. Гэрээрээ оролгүй шууд Халдвартын эмнэлэг яваарай” гэхээр нь нөхрөө ажлаас нь дуудаад хамтдаа эмнэлэгт очсон.

Охин маань нэг хоногийн дараа өвдсөн болохоор “KFC”-ээс хордлого авсан гэдгийг ч мэдээгүй. Тухайн үед том охин маань өндөр халуурч, бөөлжиж, OO өрөө ч орж амжилгүй доошоогоо гүйлгэж байсан. Гэтэл өчигдөр /2019.02.13/ бага охин маань халуурч бөөлжөөд эмнэлэгт хэвтсэн. Аав нь хоёр охиноо эмнэлэгт сахих гэж очоод өөрөө өвчтөн болчихлоо. Би нялх хүүхэдтэйгээ хэцүүхэн л байна.

-Та хэдэн сарын хэдний өдөр “KFC”-ээс ямар бүтээгдэхүүн худалдаж авсан бэ?

-Хоёрдугаар сарын 10-ны өдөр халуун ногоотой, ногоогүй гэр бүлийн багц худалдаж аваад гэртээ ирээд идэцгээсэн.

-Тухайн үед “KFC”-ийн бүтээгдэхүүнээс ямар нэгэн хурц үнэр, эвгүй амт мэдрэгдэж байсан уу?

-Юу ч амтагдаагүй. Тахиа нь гоё амттай байдаг болохоор манай гэр бүлийнхэн Монголд нээгдсэн цагаас нь хойш л түргэн хоол авч иддэг байсан. Өмнө нь “KFC”-ийн бүтээгдэхүүн муу гэж сонсож байсан ч Монгол дахь “KFC”салбарууд хоолоо амттай хийдэг. Мөн дэлхийд алдартай сүлжээ түргэн хоолны газар учраас найдвартай гэж бодоод гэр бүлээрээ үйлчлүүлдэг байсан. Гэхдээ одоо манай гэр бүл дахиж “KFC”-ээс хоол авч идэхгүй. Гэр бүлээрээ хордлого авч эрүүл мэндээрээ хохирлоо. Ойр тойрныхон маань “Гэр бүлийнхэндээ яах гэж түргэн хоол авч өгсөн юм. Хэзээ түргэн хоол чанартай байлаа. Гэр бүлийнхэндээ хор худалдаж авч өглөө” гээд загнаад л байгаа. “Таван богд” группт гомдолтой л гэж хэлмээр байна.

-“Таванбогд” групп та бүхэнтэй холбоо барьсан уу. Эмчилгээний зардал болон бусад зүйлст туслалцаа үзүүлсэн үү?

-Би өөрөө холбогдож “Зайсан дахь “KFC” салбараас гэр бүлийн багц худалдаж авч идээд хордлого авчихлаа” гэдгээ хэлсэн. “KFC”-ээс холбогдож байгаа. Таг чиг алга болохгүй байгаад нь баярлаж байна. Эмчилгээний зардалд ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. Цаашид цагдаа шүүхээр явна л гэж бодож байгаа. “Таванбогд” групп “ХӨСҮТ-д эмчлүүлээд зүгээр болчихсон уу “Ok” гэж хэлэхгүй” байлгүй дээ. Нөхөр, хоёр охин маань эрүүл мэндээрээ хохирлоо. Тиймээс монголын томоохон компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хохирогчдыг зүгээр хаячихгүй байлгүй дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай гэр бүлийнхэн хурдан эдгэрэх болтугай.

-Баярлалаа, хүмүүст сэрэмжлүүлэхэд Зайсан дахь “KFC” салбараас тахиа авч идсэн бол хурдхан шиг арга хэмжээ авч эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлье. Одоо болтол охидын маань биеийн байдал тогтворжихгүй гайгүй болсноо ахиад л өндөр халуурч, гүйлгэж байна. Хордлогын шинж тэмдэг 24-72 цагийн хооронд илэрч байгаа юм билээ шүү.

medee.mn