С.Оюунцэцэг: “Очир” төвийн буудлын өрөөнд хэрэгтнүүдээс гадна 30 гаруй насны нэг эрэгтэй байсан бичлэг бий

С.Оюунцэцэг: “Очир” төвийн буудлын өрөөнд хэрэгтнүүдээс гадна 30 гаруй насны нэг эрэгтэй байсан бичлэг бий

7 сарын өмнө

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХАРГАЛЗАЖ
БАЙГААД БАРИМТ ДЭЛГЭНЭ-

Өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охиныг аймшигтайгаар хөнөөсөн яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал болсон билээ. Тэдний хүсэлтээр давж заалдах шатны хурал товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшлох шийдвэр гаргасан. Хурал тарсны дараа талийгаач охины эмээтэй ярилцсанаа уншигч таньд хүргэж байна.

-Шүүх хурлын шийдвэр хойшиллоо. Яллагдагч М.Амарболд, Д.Жавхлан нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Үүнийг танай гэр бүлийн зүгээс эсэргүүцэж байгаа гэсэн?

-Манай гэр бүлийн зүгээс эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг их зөв зүйтэй шударга шүүсэн гэж бодож байгаа. Энэ хурал хойшилсон шалтгааныг та бүхэн сая мэдсэн байх. Өмнө яллагдагч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эрүүл мэндийн шалтгаанаар анхан шатны шүүх хуралд ирээгүй. Энэ байдлыг нь шүүхээс хүлээн аваагүй 300 мянган төгрөгөөр торгож байсан. Энэ удаа мөн л эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна. Би үүнийг санаатай хойшлуулаад байна уу даа гэж л бодож байна. Д.Жавхлан дахин хэдэн сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн байна. Гэвч шүүх хуралд хоёулаа ирсэнгүй.

-Давж заалдах шатны шүүхээр яллагдагч нарын ялыг хөнгөрүүлж болзошгүй гэж нөгөө талын өмгөөлөгч нар үзэж байгаа шүү дээ?

-Хэрэв эд нарын ялыг хөнгөрүүлэх юм бол дахин давж заалдах шатны шүүхэд хандах эрх бидэнд бий.

-Танай өмгөөлөгчид ямар байр суурьтай байна вэ?

-Манай өмгөөлөгч нарын зүгээс ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Харин нөгөө тал болох яллагдагч нарын өмгөөлөгч нар ялыг бууруулах бүрэн боломжтой гэж үзсэн хэвээр байна. Анхан шатны шүүхээс хэт өндөр ял оноосон гээд байгаа юм л даа. Тухайлбал, Д.Жавхлангийг үрийн шингэн илрээгүй гэх зэрэг олон зүйл ярьж байгаа. Бидэнд тэр хамаагүй. Д.Жавхлан миний охины санаатайгаар архиар хордуулж амь насыг нь хөнөөж байгаад хүчиндсэн учраас бүх насаараа хоригдох ёстой гэсэн байр суурин дээрээ байсаар байх болно.

-Анхан шатны шүүхээс “Очир” төвийг хохирол барагдуулах ёстой гэх шийдвэр гаргаж байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үү?

-Очир төвөөс бидэнтэй холбогдож оршуулгын зардлын талыг нь өгсөн.Очир төв бол гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, хуулийн дагуу үйлчилгээ явуулаагүй учраас бага насны хүүхдэд оруулсан, хэргийн дараа олон удаа буруу мэдүүлэг өгсөн, миний охины нэр хүндэд халдаж зочид буудлаар байнга архидан согтуурч үйлчлүүлдэг байсан гэх зэргээр олон зүйлийг зориудлаар худлаа гаргасан. Бид маш их гомдолтой байгаа. Энэ давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа бид нарын зүгээс өмгөөлөгч нартайгаа хамтран Иргэний хэргийн шүүхэд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээр хандах болно.

-ХЭРЭГ ГАРСАН ӨДРИЙН БИЧЛЭГ БИДЭНД БИЙ,
ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДЭЛГЭНЭ
-

-Та анхан шатны шүүхийн үеэр баримт дэлгэнэ гэж байсан. Таньд хэрэгт хавсрагдаагүй баримт байгаа гэж байсан. Үнэхээр тийм баримт байгаа хэрэг үү?

-Эхлээд бид нар энэхүү давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг харж байж болно. Шаардлага гарвал дэлгэх болно. Ухаад байвал олон баримт, олон хэрэгт ороогүй зүйл, шинжилгээний буруу зөрүү гарсан нотолгоо, зураг гэх мэт зүйлүүд байгаа. Мөн хэргийн зүйчлэл зэрэг нь бүрэн ороогүй гэх мэт маш олон асуудал байна.

-Та тухайн хэрэг гардаг өдрийн камерийн бичлэгийг харсан гэж байсан?

-Тэгсэн. Манай гэр бүлийн гишүүд удаа дараа харсан. Бичлэгийг бүрэн эхээр нь хуулж авсан. Шүүхийн шийдвэр гараагүй учраас хамаагүй дэлгэх боломжгүй байна.

-Яллагдагч нараас гадна өөр хоёр этгээд буудлын өрөөнд байсан гэх асуудал хөндөгдөж байгаад намжсан. Бичлэгт өөр хүн байгаа нь харагдаж байсан уу?

-Бичлэгт өөр хүн байсан нь илт харагдсан. Энэхүү хэрэг анх шалгагдаж эхэлж байхдаа буудлын өрөөнд нийт дөрвөн эрэгтэй хүн байсан гэж яригдаж байсан юм. Харин сүүлдээ гурван хүн гэж байсан. Сүүлдээ энэ хоёр л байсан болоод инйхүү шийдэгдэх шат руу ирсэн. Яллагдагч нарын яриагаар болон хэргийн газарт анх очсон мөрдөн байцаагчийн хэлж буйгаар бол тухайн өдөр буудлын өрөөнд гуравдах хүн байсан гэх юм билээ. Бид тухайн хэрэг гардаг өдөр тэр өрөөнд байсан 30 гаруй насны нэг эрэгтэй хүний зургийг хуулийнханд өгсөн. Даанч авч хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэх юм бол бид бүхэн тэр зургийг дэлгэхгүй. Харин шүүхийн шийдвэр өөрөөр гарах юм бол бид нар тэр баримт зургийг дэлгэнэ.

-Талийгаач охины ээж нь хуралд ирээгүй шүү дээ?

-Харин тэгсэн. Ээжийнх нь ажлаас нь чөлөө өгөөгүй юм.

-Сэтгэл санаа маш хүнд байгаа байх?

-Маш хүнд байна. Бид нарын байдалд их л хүнд байна. Аав ээж нь бүүр хэцүү байгаа. Аав нь бол байнгын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байгаа. Саяхан хоёр сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад гарч ирсэн. Мөн Цагаан сараар ч эмнэлэгт л байсан. Хэрэг шалгагдаад явж байхад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж шинжилгээ хийлгэхэд сэтгэцийн гүн цочролд орсон, хүнд байна гэсэн дүгнэлт гарсан. Өчигдрийн шүүх хурлын танхимд байхдаа сэтгэл санаагаа барьж дийлээгүй бухимдаад яллагдагчийн өмгөөлөгч рүү “Ална шүү” гээд хашгирсан. Биеэ хянаж чадаагүй юм. Хүү минь ой тогтоолт маш муу болсон байна лээ.

Миний хүү битгий хэл бид хэд ч мөн адил байнгын хямраад байгаагийн улмаас ой тогтоолтгүй болсон. Ярьсан хэлснээ мартаж байна. Байнгын уйлсан орилсон байдалтай байна. Хэрэг бодогдох бүрт байж суух газраа олохгүй их л хэцүү байна даа. Сэтгэл санааны хохиролтой байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргачихсан. Гэтэл шүүхээс сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар шийд гээд байгаа. Шинэ хуулиараа Эрүүгийн журмаар шийдэх боломжтой болсон шүү дээ.

-ДҮҮ НЬ ЭГЧИЙГЭЭ БАЙНГА НЭХЭЖ ЭЭЖ ААВЫНХАА
СЭТГЭЛИЙГ УРСААР Л БАЙНА
-

-Аав нь нэг ярилцлага өгөх үеэрээ дүү нь эгчийгээ байнга нэхэж уйлдаг гэсэн байсан шүү дээ?

-Дүү нь одоо дөрвөн настай хүү бий. Байнга л эгчийгээ асууж уйлж ээж аавынхаа сэтгэлийг урж байна. Зурагны өмнө нь өдөр бүр идэх дуртай байсан амттангуудыг нь солиод л тавиад байдаг юм. Тэр бүгдийг хараад ээж аавыгаа хараад нарийн юмыг ойлгохгүй ч гэсэн ерөнхийдөө ойлгож л байгаа шүү дээ. Одоо хүртэл байнга нэхсээр л байна. Дүү нь эгчийгээ санаж байгаагаа хэрхэн илэрхийлхээ мэдэхгүй л байгаа болохоос биш хэцүү байгаа нь илт харагдаж байдаг.

-Энэ хугацаанд олон үйл явдал боллоо. Жагсаал цуглаан хүртэл болсон. Энэ байдал танай гэр бүлд хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Ерөнхийдөө бол хэргийг байнгын ярих, сонсох зэрэг нь сэтгэл санаанд хүнд тусч байна. Гэхдээ энэ олон хүмүүс, сэтгэл санаагаар дэмжиж, Монголын ард түмний сэтгэлээр урам зориг ордог юм билээ. Ард иргэд бид бүхэнд охиныхоо аймшигт хэргийг шийдүүлэхийн төлөө цөхрөлтгүй энэ хүртэл явах урам итгэл хайрласан.

-ШИНЖЭЭЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОМЛОГДЧИХООД ЗАДЛАН ХИЙГЭЭГҮЙ ШУУД ДҮГНЭЧИХСЭН-

-Уг хэргийг шүүхээр шийдэхдээ олон зүйлийг хавтаст хэрэгт оруулсангүй шийдэж байна гэж байсан. Энэ талаар?

-Эхний ээлжинд бид нарын зүгээс олон зүйлийг хардах эрхийнхээ дагуу гаргаж ирж байсан. Яагаад гэхээр эхний шүүх шинжилгээний дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан юм. Тэгэхээр нь хэрэг бишдэж байгааг мэдэж эхэлсэн. Талийгаач охиныхоо зургийг л харахад танигдахгүй болтол нь зодсон байхад ийм дүгнэлт гарсанд их гайхсан. Мөн мөрдөн байцаалт дутуу явагдсан, хамар хугарсан байхад сүүлийн шинжилгээний дүгнэлт дээр хугарсан талаар дурьдаагүй байсан. Анхнаасаа бид яг хэдэн цагт нас барсан байна гэдгийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл гаргаж өгөөгүй. Анхны дүгнэлт гарсны дараа бид дахин хүүрийн задлан хийлгэх хүсэлт гаргахад цагдаагаас зөвшөөрөөгүй. Өмнөх гадны нөлөөгүй гэж гарсан дүгнэлт дээр тулгуурлаад дараагийн хариуг гаргахдаа зураг харж байгаад л гаргачихсан байсан. Хүүрийн задлан хийсэн бол маш олон зүйл гарч ирэх байсан.

-Тухайлбал?

-Жишээ нь гэвэл, хамар хугарсан, бүлэглэж зодсон, гарыг нь хугалсан, аарцагны ясыг нь хугалсан гэх зэрэг нь нарийн гарах байсан нь илт. Тийм шинж тэмдэг биеийн гадаргууг харахад илт байсан. Хуулийнхан зургаар шинжилгээний хариу гаргаж түүндээ түшиглээд шийдээд байгаа юм. Бид нар зураг харсан учраас бүрэн итгэлтэйгээр хүүрийн задлан хийлгэх гэж дайрсан боловч бүтээгүй.

-Сүүлийн шинжилгээний хариуны талаар тодруулаад яривал?

-Сүүлийн шинжилгээний хариу гадны нөлөөтэй нас барсан гэж гарсан. Гэхдээ дутуу гарсан. Анхны шинжээч эмчийн хийсэн задлангийн тайлан дээр тулгуурлаад л гаргасан. Тэрнээс биш бүүр нарийн задлан хийгээгүй. Хүүрийн задлан хийх шаардлагагүй гэсэн шалтгаан хэлж байсан. Өмнөх дээрээ хамрын яс бүтэн гэж гарсан. Гэтэл зураг дээрээ хугарч цөмөрсөн нь илт байсан. Энэ мэтчилэн их олон зүйл байна.

-Хэрвээ давж заалдах шатны шүүх хурлаар буцаах юм уу эсвэл ялыг бууруулах шийдвэр гарвал та бүхэн хэрхэх вэ?

-Энэхүү хэргийг анхнаасаа дутуу шалгасан ч гэсэн бид бүгд хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон учраас зүгээр орхих гэж байсан. Анхан шатны шүүхээс Очир төвийн үйл ажиллагааг хязгаарлаагүй, сэтгэл санааны хохирол төлүүлээгүй. Зөвхөн оршуулгын зардлын талыг нь л өгсөн. Хэрэв дээд шүүхийн шийдвэрээр ялыг хөнгөрүүлэх юм бол бид дахин давж заалдаж, нэмэлт баримт дэлгэж дахин шүүхдэнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г:БАЗАРРАГЧАА

medee.mn